“ХҮҮГҮЙ ЗЭЭЛ” ХӨГШЧҮҮДИЙГ ХОРЛОХ ВИЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат үүрэг өгч, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар зорилтот бүлгийн тэтгэврийн зээлийг хүүгүй болгож байгаагаа зарлалаа. Гэвч энэ нь үнэхээр ахмадуудаа бодсон шийдвэр гэдэгт эргэлзэх учир байна. 

Угтаа бол Монголоос өөр газарт тэтгэврийн зээл гэсэн ойлголт бараг байдаггүй. Учир нь, эрсдэлтэйгээс гадна дэндүү хүнлэг бус гэж үздэг. Ажил хийж, өөрийгөө аваад явж  чадахаа больсон хөгшинд тэтгэврийг нь бөөнд нь өгчихөөд, хэдэн сар, жилээр хоосон орхих нь ёс зүйн хувьд харгис гэж үздэг юм байна л даа, гадаадад. Харин Монголд жилийн 15 хувийн хүүтэй зээлээр ахмад үеэ шулдаг тогтолцоо үйлчилж байна.

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар гар нийлж ажилласнаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч болон хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авагч нийт 100 гаруй мянган иргэнд гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа тэтгэврийг ямар нэгэн хураамж, хүү шимтгэлгүйгээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох боломжийг бүрдүүлсэн. Үндсэндээ энэ сараас эхлээд урьдчилгаа тэтгэвэр олгогдож эхэлсэн гэсэн үг.

Ахмадуудад зээл авах хэрэгцээ бий. Тийм ч учраас урьдчилгаа зээлийг хүүгүй болгож байгааг буруутгах аргагүй. Гэхдээ хүүгүй боллоо гээд бүгд хошуураад зээл авбал яах вэ. Ахмадууд авсан зээлээ хүүхдийнхээ сургалтын төлбөр гэх мэтэд зарцуулаад өөрсдөө хоосон үлддэг. Зээлээ төлж дуустлаа зарим нь өлөн зэлмэн, дутуу гуцуу аж төрдгийг бүгд л мэдэж байгаа.      

Нэг өвөө цэнхэр дэлгэцээр “Зургаан сарын тэтгэврээ урьдчилаад зээлчихсэн. Засгийн газраас тэтгэврийн зээлийг хүүгүй болгохыг нь мэдсэн бол нэг удаадаа аргалаад ирэх сард зээл авдаг байж” гэж ярьж байхыг үзэв. Түүний энэ үг нийт хөгшчүүдийн одоогийн байгаа байдлыг илүү дутуу юмгүйгээр тодорхойлчих шиг санагдлаа. УИХ-ын гишүүд намаараа талцаад “Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна”, “Бууруулахгүй” гэлцэн мэтгэлцэж байх хооронд иргэдийн дунд өр, авлагын “тор” хэдийнэ нэхэгдээд эхэлчихэж.

Урьдчилгаа авах эрхтэй болсон хэсэг нь тахир дутуугийн тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж авдаг иргэд. Гар дээрээ бага мөнгө авдаг, эмзэг хэсэг гэсэн үг. Тахир дутуугийн тэтгэмжийн доод хэмжээ 251 000 төгрөг байдаг. Ихэнх нь ийм хэмжээний тэтгэмж авч байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмж бүр ч бага. Гэтэл  урьдчилгаа нь хүүгүй болсон учраас өнөөдрөөс улам ч их зээл буюу урьдчилгаа авцгаана. Нэгэн ухаантай хүн монголчуудыг зээлийн хэрэгцээ нь хэтэрсэн иргэдтэй гэж тодорхойлсон  нь үнэний хувьтай. Албан газруудаар явдаг наймаачид “Одоо биш цалин дээрээс үнийг нь авна” гэхэд л хүмүүс нэг их хөнгөлөлт авчихсан аятай, зээл биш юм шиг, дараа нь төлөхгүй юм шиг самуурч хичнээн их хэрэгцээгүй юм худалдаж авдаг билээ. Гэтэл “хүүгүй” зээл буюу урьдчилгаа гэдэг бол үүний хажууд жинхэнэ бодитой хөнгөлөлт. Тиймээс ахмадууд зээл авах нь гарцаагүй. Дахин хэлэхэд, урьдчилгааг хүүгүй болгож байгаа нь сайн хэрэг мөн. Гэвч хувь хүний хариуцлагын асуудлыг, тэр тусмаа орлого хамгийн багатай, бусдын гар хардаг эмзэг бүлгийн иргэдийнхээ асуудлыг төр шийдэж, цаашдаа тэртэй тэргүй бага байгаа орлогынхоо 50 хувиар нь амь зуухаас өөрцгүй байдалд оруулчихаж байгаа юм биш биз. Тахир дутуу, тэжээгчгүй эмзэг бүлгийнхэн “хүүгүй” урьдчилгаанд урхидуулж, бүгд урьдчилгаа авч онцын хэрэггүй зүйлд зарцуулчихаад үлдсэн хугацаанд өлмөн зэлмэн амьдрах вий дээ. 

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.126) 2017 оны 03 сарын 20

Харин зөв арга хэмжээ гэж бодож байна. Жилд нэг удаа 3 хүртэл сарын тэтгэвэртэй 50 хувьтай тэнцэх урьдчилгаа тэтгэвэр гэхээр олон сарын зээл өндөр хүүтэй авснаас хэрэгтэй байна. Зөвхөн банканд л ашиггүй болж байгаа

0  |  0
ТӨР НЬ ТӨР ШИГ БАЙ(202.9.40.232) 2017 оны 03 сарын 20

МОРДХЫН ХАЗГАЙ ГЭГЧЭЭР МОРНЫХ НЬ АМЫГ СУЛ ТАВИАД ДАВХИУЛЧИХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ АМЬДРАХЫН ЭРХЭНД ЗЭЭЛЭЭ ИХЭСГЭНЭ ҮҮ ГЭХЭЭС БАГАСАХ СӨХӨӨ ӨГӨХГҮЙ ЭНЭ НЬ УЛАМ БҮР ЯДУУРАЛ РУУ Л ЯВУУЛНА ЭНЭ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ НӨГӨӨ АРД ТҮМНЭЭ БАЯН БИШ ЯДУУГААР НЬ БАЙЛГАЖ ДАРАМТАЛЖ БАЙХ ДУРТАЙ ЦӨӨХӨН ХЭДЭН БАЯЧУУДАД АШИГТАЙ СОНГУУЛЬ БОЛХОД ХЭДЭН БОР ТӨГРӨГ ӨГӨӨД ТӨРИЙГ НЬ ГАРТАА АВНА ЯДУУ ГУЙЛАГЧИНГУУДЫГ УДИРДХАД АМАР ГЭЖ БОДОЖ БАЙГАА.

0  |  0
Borhuuhen(73.34.4.183) 2017 оны 03 сарын 20

Tetgevriin zeel bol mash buruu. Sar sard ni olgoh heregtei. Buten jileer ni avaad l ur huuhed ni heregledeg.

0  |  0
Top