"Оюунлаг Монгол хүний төлөө” уриатай “Зиндаа” сэтгүүлээс цуврал болгон зохион байгуулдаг “Оновчтой маркетинг” ээлжит цогс сургалт 5-р сарын 12-нд “The corporate” зочид буудалд болно. Сургалтад Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч, үндэсний шилдэг лектор Ц.Мөнхбаатар “Бизнесийн орчинд ятган үнэмшүүлэх тактик”сэдвээр лекц унших юм. Түүнтэй илтгэх, ятган үнэмшүүлэх урлагийн талаар цөөн хором ярилцлаа.
-Таны лекцийн сэдэв их сонин санагдлаа. Бизнесийн орчинд ятган үнэмшүүлэх тактик гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?
- Өнөөдөр ямар мэргэжилтэй байхаас үл хамааран олон нийтийн өмнө ярьж чаддаг байх, өөрийгөө бүрэн дүүрэн ойлгуулдаг байх, ярьж байгаа зүйлдээ итгэлтэй байх, цаад харилцагчдаа итгэл үнэмшил төрүүлэх ийм шаардлага бүх салбарын мэргэжилтнүүдийн өмнө тулгарч байна. Үүнийг илүү боловсронгуй, илүү хүнд хүрсэн чиглэлд хэрэгжүүлэх тэр боломжийг ятган үнэмшүүлэх арга барил гэж хэлж болно.
Бизнесийн орчинд харилцан итгэлцэл, бүрэн дүүрэн итгэл үнэмшил төрүүлэхүйц яриа хэлцэл хийх шаардлага энэ салбарынхны өмнө тулгардаг. Хийж буй ажлынхаа хүрээнд, бусадтай харилцаа тогтоох, бараа бүтээгдэхүүн сурталчлах, компаниа бусдад ойлгуулахад, гэрээ хэлэлцээр амжилттай хийхэд хэрэг болох тэр бүхий л арга барилыг энэ сургалтаараа дамжуулаад зорилтод хүмүүст нь хүргэх юм.
-Ятган үнэмшүүлэх гэхээр нэг тийм, нэг талыг барьсан ойлголт шиг сонсогдог. Тэгвэл буцаад итгэлцлийг хэрхэн бий болгох вэ?
-Телевизийн рекламууд бол ятган үнэмшүүлэх нэг хэлбэр. Гэтэл шууд харилцаан дээр та энийг аваарай манай бүтээгдэхүүн хамгийн шилдэг нь шүү гэж хэлэх бодитой үр дүн авчрахгүй. Тэрний оронд, бал үйлдвэрлэдэг байлаа гэж бодоход бал яагаад чухал, онцлог нь юу байдаг, дээрээс нь өөрийнхөө эрхэлж байгаа ажлын талаар, өөрийн салбарын талаар бодитой, үнэн зөв, тодорхой мэдээллийг өгөх нь илүү үр дүнтэй. Тэгээд ятгаж, үнэмшүүлээд орхичих биш цаашаагаа үүндээ эзэн нь байх ёстой.
-Хувь хүнд илтгэх урлаг, ятган үнэмшүүлэх чадвар хэрэгтэй юу? Хэрэгтэй бол яагаад хэрэгтэй вэ?
-Энгийн жишээ яръя л даа. Олон жил ажилласан туршлагатай ажилтан ажилд орох гээд ярилцлагад орлоо гэж бодъё. Гэтэл өөртөө итгэлгүйгээс болоод боломжуудаа алдаж байдаг. Өөрийгөө илэрхийлж чаддаг хүний үнэлэмж асар өндөр болчихсон үе. Тэгэхээр ажилтанд хүрье гэж бодож байгаа бол өөрийгөө зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Хувь хүн илтгэх урлагт сурснаар, маркетинг бизнесийн салбарт ажилладаг хүн бизнесийн ятгах үнэмшүүлэх урлагт суралцсанаар өөрийгөө цоо шинээр нээхээс гадна одоо байгаагаасаа хэд дахин илүү амжилттай ажиллаж чадна.
-Дуу цөөнтэй, бүрэг хүмүүс илтгэх урлагийн сургалтад яваад үнэхээр өөрчлөлт гардаг уу?
-Хувь хүнээс ихээхэн хамаарна. Арав хоногийн сургалтанд суугаад цочмоор өөрчлөлт, тэсрэлтийг өөртөө бий болгосон хүн олон байна. Өөртөө итгэлтэй байна гэдэг хаа хамаагүй ярих биш л дээ. Хэлэх ёстой зүйлийг хэлэх ёстой газар, хэлэх ёстой цагт нь хэлж чаддаг байх эр зоригийг хэлдэг.
-“Бизнесийн орчинд ятган үнэмшүүлэх тактик” сургалтад сууснаар ямар чадварыг өөртөө бий болгох вэ?
-Сургалтаар илтгэх урлаг дээр хэрэглэдэг үндсэн техник арга барилууд ятган үнэмшүүлэх, бизнесийн ятгалгатай холбоотой дэлхийн шилдэг лекторуудын техник арга барилуудаас дасгалуудтай, бодитой жишээтэйгээр хамтарч тайлбарлаад явна. Заавал бизнесийн хүн байх албагүй хувь хүн ирж суугаад өөртөө өөрчлөлт хийх бүрэн боломжтой.
-Ярилцсанд баярлалаа
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )