Улсаа уруудуулсан Уго Чавесын бодит түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

Байгалийн баялаг, газрын тосны нөөцөөр дэлхийд дээгүүр ордог Венесуль орныг удирдаж асан Уго Чавес хэмээх эрийн тухай сайн, муу баримт олноор яригддаг. Нэгэн үе хөгжин цэцэглэж байсан ч XX зууны сүүлийн хагаст эдийн засгийн хямралд өртөөд байсан улсын жолоог тэрбээр 1998 оноос хойш удирдсан ч улсаа хөгжүүлж дэвшүүлж чадаагүй билээ. Энэ утгаараа яривал тэрбээр топ улстөрч биш, харин популист улстөрч хэмээгдэж түүхэнд үлджээ. Гэхдээ АНУ-тай сөргөлдөж зүрхэлдэг, элдэв янзын этгээд хууль санаачлахдаа гарамгай байдал нь яах аргагүй дэлхийн хамгийн их эрэлттэй хүмүүсийн тоонд оруулж байсан юм.

Уго Рафаэль Чавес Фриас 1954 оны долдугаар сарын 28-нд Венесуэлийн Баринас мужийн Сабанета тосгонд мэндэлжээ. Энэ тосгоны иргэд бараг бүгд шахуу фермерийн аж ахуй эрхлэн амьдардаг байсан учир сургуульд багшилдаг эцэг, эх нь тосгондоо боловсролтой хүмүүст тооцогддог байв. Гэсэн ч тэд бусад венесуэльчуудын нэгэн адил ядуу байсан учир улс төрийн ихэд идэвхитэй хүмүүс байсан гэдэг. Энэ идэвх нь яван явсаар эцэг Уго де лос Рейесийг улстөрч болгон хувиргажээ. Дон Уго эхлээд мужийн боловсролын газрын дарга болж хожим Баринас мужийн захирагч болсон байна. 

 У.Чавесыг анх төрөх үед ядуу амьдрал угтан авсан ч тэрбээр эцгийнхээ нөөлгөөр бус, бейсбол сайн тоглодгийнхоо ачаар энэ байдлаас зугтаж чадсан нь сонирхолтой. Тухайн үед бэйсбол Венесуэлийн хамгийн түгээмэл спорт байсан бөгөөд одоогийн АНУ-ын Major League Baseball-той эн зэрэгцэхүйц Үндэсний лигийн тэмцээнийг зохион явуулдаг байжээ. Мөн Төв болон Өмнөд Америкийн орнуудыг хамарсан олон улсын тэмцээн ч цөөнгүй байсан гэнэ. Бейсбол сайн тоглодгийнхоо ачаар Уго Чавес улсынхаа Цэргийн их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах эрх олж авсан бөгөөд ажил дээр гарсныхаа дараа албан тушаалын “шат”-аар маш хурдан өгссөн юм. Тэрбээр сургууль төгсөөд хэдхэн жилийн дараа тусгай албаны шүхэрчдийг захирах болов.

У.Чавес авлигыг үзэж чаддаггүй байсан бөгөөд зэвсэгт хүчинд ажиллаж байхдаа дээд тушаалын офицеруудын дунд авлига хээл хахууль ихээр дэлгэрсэн байдлыг мэдэж ихэд гутарсан гэдэг. Чухам энэ үед л тэрбээр ирээдүй бол капитализм биш социализм гэдгийг ойлгосон хэмээн намтарт нь бичжээ. Зөвхөн ойлгоод суугаад байсангүй, үзэл санаа нэгтэй офицеруудтай хамтарч, авлигатай тэмцэх зорилготой гэх “Боливарын хувьсгалт хөдөлгөөн” гэгчийг 1992 онд үүсгэн байгуулжээ. Улмаар 12000 дэмжигчтэй болонгуутаа төрийн эргэлт хийх оролдлогыг хийтэл, олон зуун хүний аминд хүрсэн цуст мөргөлдөөн ялагдлаар төгсч, У.Чавес шоронд орох нь тэр. Гэтэл гайхалтай зүйл болж, шоронд өнгөрөөсөн хоёр жилийн хугацаанд тэрбээр Венесуэлийн үндэсний баатар болон хувирчээ. Тэрбээр эрх баригчдыг гадаадын хөрөнгө оруулагчидтай сүлбэлдэн ард түмэнд шударга бус ханддаг хэмээн шүүмжилж, энэ нь ч ард түмний санаанд яв цав нийцэж байлаа. Түүний шүүмжлэл үнэхээр үнэний хувьтай байсан тул 1998 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 56 хувь нь түүний төлөө саналаа өгчээ.


 

Засгийн эрхэнд гараад түүний хийсэн шинэчлэлтүүдэд нь М.Горбачев ч атаархах биз. Улс төрийн тогтолцоо эдийн засаг, гээд л улс орныхоо бүх салбарыг өөрчилж, Куба улсын канондсан хувилбар болгож орхисон. Зөвхөн эдийн засгийн салбарт л гэхэд 2001 онд 49 шинэ хууль гаргасан нь хэрвээ ийм төрлийн шалгаруулалт байдаг бол дэлхийн дээд амжилтад тооцогдох байсан биз ээ. Тэрбээр газрын эзэд баячуудад хөрөнгө улсад сайн дураараа нийгэмчлэх эсвэл хөрөнгөө хүчээр нийгэмчлүүлээд шоронд орох гэсэн хоёр юм шиг боловч ганцхан боломж олгосон билээ. Бидний шимтэн үздэг байсан “Халтар царайт” кинонд гардаг баян хоосны ялгааг тэрбээр үндсээр нь арилгаж, баян хоосонгүй чинээлэг дунджийг бий болгохыг зорьсон нь энэ байлаа. Харамсалтай энэ олон хууль түүний бодож байсан шиг сайн үр дүн авчраагүй юм.

Венесуэльчүүд бүгд адилхан болох нь болсон. Гэхдээ бүгд дундаж биш ядуу болж орхисон билээ. Венесуэлийн ард түмний агуу хүү маань ч ард түмнээ жаргаах бус “бүсийг нь чангалах” нэгэн байсан нь улам тодорхой болж иржээ.

Тэрбээр “Усаа хэмнэж, шүршүүрт орохдоо дуулахгүй байцгаая” гэх мэтийн хэмнэлтэд чиглэсэн хууль санаачилж, “Сайн байна уу, Ерөнхийлөгч өө” хэмээх нэвтрүүлэг нээн, өдөр бүр телевизээр элдэв юм хамж шимж ярьдаг ажилтай болсноор удирдагчийн сүүлчийн өдрүүдээ үдсэн юм. Нэгэн удаа улсын Ерөнхийлөгчөөр насан туршдаа ажиллах хууль батлахыг санаачилж байсан тэрбээр сөрөг хүчний дуу хоолойг бага багаар ”боомилж” санасандаа хүрэхэд ойртож байсан тэр үед эрх мэдлээ алдсан билээ.

 

Б.Хурцболд

 

Top