Д.Цогтбаатар: Засгийн газар тансаглалын зардлаасаа салах ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

Төрийн өмчийн хорооны дарга асан, эдийн засагч Д.Цогтбаатартай ярилцлаа.

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Та эдийн засагч хүний хувьд Засгийн газрын ажилд хэрхэн дүгнэлт өгч байна бэ?

 Засгийн газар бол тэр улсынхаа эдийн засаг, санхүү, аж ахуйн ажлаа  удирдаж байгаа гол институт шүү дээ. Улс орны эдийн засаг ямар байх уу, цаашид хэрхэх үү гэдгийг зохицуулж, хянаж, мониторинг хийж байдаг бүтэц. Аливаа ажлыг гүйцэтгэхэд цаг хугацаа гэдэг чухал байдаг. Засгийн газар цаг хугацааг ашиглаж шуурхай ажиллах тал дээр алдаад байгаа юм болов уу даа гэж ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл санаж сэдсэн ажлаа зоригтой шууд эхлүүлээд явах хэрэгтэй.

Анх МАН мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд үнэхээр зөв ярьсан. Гэвч ам, ажлын зөрүү гарсан учраас мэргэжлийн Засгийн газраа байгуулж чадаагүй нь том алдааны эхлэл болсон. Намуудын нэг зовлон, зөрчил нь фракцид хуваагдчихсан. Заавал манай фракцаас хэн нэг хүн сайдаар байна гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл Засгийн газраа толгойлж буй хүн нь өөрийнхөө фракциас илүүтэйгээр хүмүүс албан тушаалд тавьдаг. Тэр энэ тэрээсээ шалтгаалж мэргэжлийн Засгийн газар бүрдэхэд нөлөөлж байх шиг байна. Энэ бол аль ч намд байгаа нялхсын өвчин.

Мөн энэ Засгийн газар маш их бүтцээр оролдлоо. Бүтцийн өөрчлөлт, төрийн тогтворгүй байдал нь үрэлгэн зардлыг бий болгосон. Дөрвөн жилээр бүтцээ, хүнээ өөрчилдөг нь маш буруу. Төрд шалгарсан, мэргэшсэн улсуудаа халах хэмжээнд хүрээд байгаа. Миний төрд ажиллаж байсан туршлагаас харахад хамгийн тогтвортой төрийн захиргааны албаар ажиллаж байсан газар бол Сангийн яам  байв. Хүмүүс нь тогтвортой, мэргэшсэн. Тэднийг сольж боломгүй хэмжээнд бэлтгэгдсэн байдаг. Өндөр хөгжилтэй оронд салбарын чиглэлээр мастер хамгаалсан, мэргэжил дээшлүүлсэн чадвартай залуучуудтай.  Бүтцийнхээ хувьд маш зөв явж байгаа. Аль ч Засгийн үед Сангийн яам савлаад, боловсон хүчин нь тэр бүр өөрчлөгдөөд байдаггүй. Тэгж төлөвшиж тогтож чадсан. Би Тамгын газрын дарга нь байсан учраас нөхцөл байдлыг нь сайн мэднэ. Тийм учраас Сангийн яам шиг бусад яамдууд ч тогтвортой болох ёстой.

Энэ хавар манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болоод эдийн засаг зөв голдиролдоо орох нь уу гэтэл саяны Ерөнхийлөгчийн сонгуулиар бас л буруудаад улстөржөөд баахан хөрөнгө буруу зарцуулчих шиг харагдлаа.

Бид гадаадын орнуудаас дэмжлэг туслалцааг түлхүү авах нь хөгжих боломж гэж харж олон жилийн угшилтай бодлоосоо салахгүй байна. Дотоод нөөц бололцоогоо яаж ашиглах уу гэдгээ Засгийн газар харж ажиллахгүй байна. Эндээс алдаж байгаа зүйл бий. Дандаа л гаднаас зээл тусламж авах тухай бодох бус дотоодын нөөц бололцоогоо харах ёстой. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээрээ үр дүн гарч байгаа бол тэр Засгийн газар менежментээ хийж чадахгүй байна гэсэн үг. Гаднынхан биднээр тоглоод байна гэсэн үг. Өр зээл тавьж болно. Өр тавих нь хоёр утгатай шүү дээ. Өр тавьснаар Монголын эдийн засгийг бэхжүүлээд эдийн засгийг цааш нь аваад явах юм бол өр гэхээсээ хөрөнгө оруулалт, дэмжлэг гэж харах ёстой. Харин авсан мөнгөө буруу зүйлд зарцуулаад ОУВС-тай байгуулсан хөтөлбөр, дүрэм журмаа зөрчөөд байх юм бол Монгол Улсынхаа нэр хүндийг унагаагаад зогсохгүй, эдийн засгаа хямруулж, бүр сүүлдээ ч сүйрүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөтөлбөрт заасан гэрээгээ л үүргээ  хангаж, биелүүлж ажиллах ёстой.

Тэгэхээр сонгуульд ялахын тулд юуг ч амлаж болно гэдэг юм уу, өөрийнхөө зарчмаас ухрах, ОУВС-тай тохирсон зүйлээсээ буцна гэдэг байж болохгүй асуудал. Хувь хүн чи, бид хоёр байхад нэгэндээ хэлсэн зүйлээсээ буцвал ямар байх уу. Тэрэнтэй л адилхан. Засгийн газар эдийн засаг болоод улс төрийн талаасаа маш буруу шийдвэр гаргаж байна гэсэн үг. Тэгж ялна гэж бодож, өөрсөддөө ачаалал өгч, олон тэрбум төгрөг гаргаснаараа Монголын эдийн засагт л хохирол учруулж байна. Энэ талаас нь аваад үзэх юм бол хангалттай ажиллахгүй байна.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар эхний хөрөнгө оруулалт, зээл орж ирсэн. Гэвч ингэж манай Засгийн газар үрэлгэн байж, гэрээ хэлэлцээрээсээ буцах нь хөтөлбөрийг зогсоох хүртэл арга хэмжээ рүү орох юм биш биз?

Эдийн засагч, мэргэжлийн хүмүүс бол ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээрээ хатуу бодолтой байгаа байх. Улс төрийн шийдлээсээ болоод л санхүүгийн сахилга бат зөрчигдөөд байна. Ингэж үрэлгэн байх юм бол улам л өр болоод эдийн засагт хямралыг л бий болгоно. ОУВС хөтөлбөрөө зогсоохыг ч үгүйсгэхгүй. Орж ирж байгаа мөнгө нь өөрөө том, үлэмж хэмжээний  мөнгө учраас Монголын эдийн засгийг эрүүлжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж болно. Гэхдээ энэ үрэлгэн хандлагаа өөрчлөхгүй бол улам л өр нэмэгдээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид дотоод нөөц бололцоогоо ашиглах ёстой.

Нэгдүгээрт, бид энэ тансаглалын зардлаасаа салах ёстой. Сайд, агентлагийн дарга болонгуутаа наад зах нь машин авдаг, тавилгаа сольдог байдлаа болих хэрэгтэй. Энэ бол манай дарга нарын дунд хавтгайрсан. Сум орон нутгийн дарга нар хэн сайн туулах чадвар сайтай машин унах вэ гэдгээрээ уралдаж байна шүү дээ. Туулах чадвар сайтай машин уная гээд л ажлаа эхлэж байгаа нь буруу байхгүй юу. Дарга болонгуутаа л өрөөнийхөө тавилгыг солих гэдэг нь дэмийрэл... Тавилгыг 30, 40 жил ашиглаад байж болно шүү дээ. Тавилга солингуут эдийн засаг сайжрах, тэр байгууллагын менежмент сайжирна гэж байхгүй. Тэгэхээр л бид тансагласан зардлаа зогсоох ёстой. УИХ-ын гишүүд гадаад, дотоодод явж зугаалдаг үрэлгэн байдлаа болих хэрэгтэй юм.

Үүнийг зохицуулах, хянах сонирхолтой удирдлага ч алга байх шиг байна. Аль ч Засгийн газрын үед дарга нарын тансаглал яригдаж ирсэн?

Ер нь дарга боллоо гээд түшмэл царайлах /эрх мэдлийг “тансаглал” гэж ойлгодог хүмүүсийн зан байдал/ юм бол улс орондоо эдийн засгийн болон ёс зүйн хохирол авчирч байна гэсэн. Аль болох дарга нар хот дотор жижиг оврын машин унаж болно шүү дээ. Манай дарга нар гадаадад явах дуртай болчихсон. Аль болох  гадагшаа явж газар нутаг үзэх сонирхолтой болчихсон. Ажлаа хийх гэхээсээ улс орон, газар нутаг үзэх гэсэн дарга нар олон болсон байна.

Мөн Монгол Улс газрын доорх баялгаа улс орныхоо үндэсний эрх ашигт нийцүүлж ашиглахгүйгээс монголын эдийн засагт маш том хохирол учруулж байна. Уул уурхайн том ордуудаа ашиглахдаа гадаадын эдийн засгийн алуурчдад боломж олгосноороо цөөн хэдэн гэр бүл, улстөрчид эрх мэдэлтнүүд тэднээс хөрөнгө мөнгө шанд нь авч түүнийгээ оффшорт хадгалж байна. Зарим нь бизнес хийгээд хөрөнгө мөнгөтэй болоод оффшор дансанд байршуулсан байгаа байх. Гэхдээ тэд нь хэд бол. Маш цөөхөн шүү дээ. Ихэвчлэн уул уурхайн баялгаас олсон хууль бус орлого, хөрөнгөө гадаадын оффшор дансанд нууж байгаа нь нууц биш.

Уул уурхай бол Монголын эдийн засгийн гол салбар. Гэвч сүүлийн жил гаруй хугацаанд зогсонг байдалд орчихлоо. Улс төрийн сонгууль гэхгүйгээр Оюутолгой, Тавантолгойн төслөө явуулж л баймаар байна л даа?

Аливаа улс орны хэмжээнд хэрэгжиж буй мега төсөл, хөтөлбөр тухайлбал Оюутолгой, Тавантолгой ч гэдэг юм уу том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахдаа гэрээгээ эдийн засаг, санхүүгийн тооцоогоо улс орны эрх ашигт нийцсэнээр маш зөв хийх ёстой юм. Тухайлбал, тэр том төсөл хэрэгжиж байгаа үйлдвэрийн хажуу дахь сум, орон нутаг, хүн ард нь хөгжих ёстой. Аймаг хөгжих ёстой. Дэд бүтэц нь сайжрах ёстой. Төмөр зам, хатуу хучилттай хар зам бариулах асуудлаа эхлээд тохирох ёстой. Үүнийг тохироогүйгээсээ болоод бид нарт маш их хохирол учирч байгаа. Тэгэхээр гэрээнээсээ эхлээд л бурууддаг. Тухайлбал Дорнодын газрын тос олборлож буй  Петрочайна Дачин Тамсаг компаниас рояалтын татвар авч чадахгүй л байгааг юу гэж ойлгох вэ?. Хамгийн муу гэрээ байгуулсан. Энэ чинь л Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлээд байгаа байхгүй юу. Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад салбар хуулиудад маш оновчтой эдгээр асуудлуудыг шийдвэрлэх чухал нэмэлт өөрчилт оруулахгүй бол гадаадын эдийн засгийн алуурчдын тооцоолсноор, тэдэнд үйлчилсэн монголын зарим эрх баригчдын үйлдлээр эдийн засгийн маш том хохирол учирч байна. Үүний илрэл нь оффшорт байгаа их хэмжээний хөрөнгө. Эхлээд эдийн засгийг эрүүлжүүлье гэвэл оффшортой хатуу тэмцэх ёстой.

Эдийн засгаа үр ашигтай, нэмэгдүүлэхийн тулд мэдээж уул уурхайн баялгаа эргэлтэд оруулах, хөдөлгөх шаардлагатай нь үнэн. Энэ тал дээр Засгийн газар шуурхай оновчтой, эдийн засгийн тооцоо судалгаатай, гадныхны үгээр бус, өөрсдийн эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, эдийн засагчдын санал бодлыг тусгаж, ажиллах ёстой.

Оффшортой эрх мэдэлтэнгүүд  одоо Ерөнхийлөгч рүү дайрна

 Монгол Улсын Ерөнхийлөгч оффшор дансанд хөрөнгөө хадгалсан албан хаагчдад 49 хоногийн дотор Монголдоо оруулж ирэхийг уриаллаа. Үнэхээр оффшор данстай эрхмүүд Ерөнхийлөгчийн уриалгыг биелүүлэх болов уу. Хэрэгжих тал нь яадаг бол. Та бол Ард түмний онц түр зөвлөл /”АТОЗ” ТББ/-ийн зохицуулагчаар ажиллаж байгаа хүнийн хувьд юу гэж харж байна?

Монгол Улсын Ерөнхийлөгч оффшор, улстөрийн авлигын эсрэг хэд хэдэн нааштай шийдвэрийг зоригтой гаргачихлаа гэж харж байна. Одоо яах бэ гэхээр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга ба бусад гэсэн нөхцөл үүсч байна. Шинэ Ерөнхийлөгч рүү одоо эрх мэдэлтэнгүүд бүгд дайрна. Аль ч намын оффшортой холбоотой, хамааралтай, эдийн засгийн бүлэглэлийн хүмүүс бүгд нийлнэ.         Бүгд МУ-ын Ерөнхийлөгч Баттулгын эсрэг явна. Энэ хүнийг хамгаалах хүмүүс нь Ард түмний онц түр зөвлөл (“АТОЗ”ТББ) байх болно. “АТОЗ” ТББ-ын амбиц бол ард түмний их цөхрөл, хүсэл тэмүүллийг тээж авч явж байгаа. Тэр ард түмний хүсэл эрмэлзлээр бид тэжээгдэж явж байна. Тиймээс одоо оффшортой тэмцэж эхэлж байгаа Ерөнхийлөгчөө бид хамгаалах ёстой.

Оффшорт байгаа хууль бус мөнгийг тооцож олно гэдэг хэцүү байхгүй юу. Хүмүүс бол тэр хүн оффшортоо ийм хэмжээний мөнгөтэй гээд тогтоочих юм шиг хараад байдаг. Тийм биш. Харин үүнийг математик, эдийн засаг санхүүгийн аргаар бид тооцоолж бодоод 17 тэрбум ам.доллар Монголоос оффшорт байх боломжтой гэж үзсэн. Энэ бол хамгийн багаар бодсон тооцоолол шүү дээ. Цаашаа нэмэгдэх боломжтой. Оффшорчидтой тэмцэхийн тулд хөрөнгө мөнгө завшдаг бүлэглэлийн тогтолцоог нь нураах нь чухал.  Намуудад байр сууриа эзэлсэн бүлэглэл 40, 50 жилээр эрх мэдлээ ашиглаж мөнгөө өсгөх тогтолцоог аль хэдийн бодчихсон байна шүү дээ. Өөрөөр хэлбэл ардчиллын зарчим гажуудаж байна. Дүр эсгэсэн ардчилал руугаа явж байна. Оффшорт их хэмжээний хөрөнгө мөнгө байна гэж яриад байгаагийн цаана үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг мөнгө угаах гэмт хэрэг, систем тогтоод байна. Энэхүү тогтолцоог нураах нь чухал байгаа юм. “АТОЗ”-чууд үүнийг л мэдэрч, түрүүлж харчихаад л оффшортой тэмцэхээр яваад байгаа болно. Манай “АТОЗ” ТББ-д аль нэг намын нөлөөлөл байхгүй. АН, МАХН гээд олон намын төлөөлөл бий. Бид оффшор данстай, эдийн засгийн бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэх болно.

Оффшортой тэмцэх хууль батлагдсан. Гэвч тэднийг барих, хуулийн хариуцлага үүрүүлэх талаасаа чадамж муу юм шиг харагдаж байгаа?

Саяны хууль бол хуучин оффшортой улсуудад ээлтэй хууль болсон. Нямбаатар гишүүн залуу хүн юм байна. Ирээдүйгээ уг нь бодох ёстой. Гэвч өнөөдөр ямар хууль баталснаа магтан дуулаад, цаад оффшортой хүмүүсээ хамгаалаад явж байна. Энэ хууль нь хуучин оффшортой хүмүүст эргэж үйлчлэхгүй, харин цаашид төрийн албан хаагчид оффшортой байж болохгүй гэсэн анхааруулах хууль болсон. Манай “АТОЗ”ТББ-ынхан бол МУ-ын Ерөнхийлөгчтэй адилхан Монголдоо хөрөнгөө оруулж ирэхийг шаардаж байгаа. Ер нь оффшорт хөрөнгө мөнгөө хадгалсан хүмүүсийг тогтоож болохгүй биш тогтоож болно. Бид сая Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзахдаа 49 хоног дотор яаж оффшор, улстөрийн авлигчдыг хэрхэн яаж илрүүлэх үү, баримт нотолгоо хэрхэн хийх талаар эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргаж өгсөн. Дотоодын нөөц бололцоог ашиглаж, УИХ болон бусад байгууллагуудын шалгалтаар гарсан баримт материал дотор авлига, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хөрөнгө мөнгө угаасан байж болзошгүй гэсэн зүйлүүдээ шалгая гэж байгаа юм. УИХ-ын ажлын хэсэг энэ бүх талаар тодорхой баримт материал гаргачихсан байгаа шүү дээ. Түүнийг нь баримтжуулъя. Үүнийг хийчих юм бол тогтоож болно. Дотоодын нөөц боломжоор улстөрийн авлига, хэрэг зөрчил, сэдлийг шалгаж тогтоох боломж байна. Мөн оффшортой тэмцэхэд Олон Улсын байгууллага, гадаадын хууль хүчний байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай. Энэ бүхнийг хийчих юм бол оффшортой тэмцэх боломж бололцоо бий.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ангилд суух Элчин сайд Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр албан тоот хүргүүлсэн. Гэвч УИХ-ын Тамгын газар, ЕТГ-ын хооронд албан бичиг шидэлцэж маргаан үүсээд байна. Та энэ байдлыг юу гэж харж байна?

Их л ойлгомжтой байгаа юм даа. Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн гадаадад суугаа элчин сайд, төлөөлөгчийг эгүүлэн татах, томилох эрхийг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа юм. УИХ-ын Тамгын газрын даргын албан бичигт дурьдаснаар “Элчин сайдыг эгүүлэн дуудахад Засгийн газартай зөвшилцөнө” гэж тайлбарласан байна лээ. Засгийн газар асуудал гарвал өөрийнхөө чиглэлийн дагуу зөвшилцөж болно гэсэн болохоос яг эгүүлэн татах, томилох асуудал нь ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байгаа юм. Тийм учраас Засгийн газартай эгүүлэн татах асуудлыг зөвшилцөөд байх юм байхгүй. Ер нь эндээс юу харагдаж байна гэхээр манай төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж буй хүмүүс хуулиа дээдэлж ажиллах ёстой юм.

Баярын хувьд нэгэнт тодорхой болчихсон, үр хүүхдүүд, гэр бүлийнхэн нь гадаадад олон тооны өндөр үнэтэй хаустай нь тогтоогдоод илэрчихсэн, хууль зөрчсөн ийм хүнийг хамгаалаад байх нь зохимжгүй юм. Хуулийнхаа дагуу шийдэгдээд явах ёстой. Иймд төр буруу зүйл хийсэн хүмүүсиийг хамгаалаад байдаг жишиг тогтчихвий гэж болгоомжлол төрж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nj(150.129.142.117) 2017 оны 07 сарын 29

NEGDUGEERT TIIM YUM BOL AJLAA HII

0  |  0
huul(150.129.142.117) 2017 оны 07 сарын 29

BAERIIG OGTSRUULAHDAA TOOND N BISH CHANART N

0  |  0
no(150.129.142.117) 2017 оны 07 сарын 29

CHI SUIDELJ BAINAA

0  |  0
шударга(27.123.212.130) 2017 оны 07 сарын 28

Чи ажиллаж байхдаа юу хийсэн бэ

0  |  0
123(23.27.245.152) 2017 оны 07 сарын 28

darga asan ch geh shig neg muu gudmjnii gulgiig yund tegj ooodruuuldiiin

0  |  0
Tsedev(202.179.26.115) 2017 оны 07 сарын 27

Tiim shu. Yostoi l mongoloo gesen aguu setgeltei hun de harin ch. Hun saitai l da

0  |  0
Zochin(103.212.118.108) 2017 оны 07 сарын 27

Tsogtbaatar shudaraga mundag hundee mongoloo gesen setgeltei bolovsroltoi hun ni ch sain hun.erunhiilugch dergedee avah heregteidee ih numurtei hun...

0  |  0
зочин(59.153.112.28) 2017 оны 07 сарын 27

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top