Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 17-ны өглөө эхэлсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ хүргүүлсэнийг түүний Соёл шашины бодлогын зөвлөх СГЗ Ц.Хулан уншиж сонордуулснаар хурал үргэлжлэв. “Байгалийн оюун санаа ба хүмүний сэтгэл” сэдвийн дор болж буй Дэлхийн яруу найрагчдын их хурлаар байгаль болон хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэлийг орон орны төлөөлөгчид хүргэлээ. Дэлхийн яруу найргийн академийн дэд ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо “Яруу найраг, байгалийн оюун санаа”, яруу найрагч, профессор С.Дулам “Тэнгэр, газрыг холбосон монгол бөөгийн яруу найраг”, Испанийн яруу найрагч, доктор Хусто Хорхе Падрон “Яруу найраг, хүн, байгалийн хүйн холбоо”, Филиппины кино найруулагч Кидлат Тахимик “Дэлхийн дулаарлыг зогсооход эртний утга соёлд тулгуурлах нь”, Бурханч лам, доктор Г.Пүрэвбат “Өндөр гэгээн Занабазарын мутрын хувилгаан урлал” зэрэг илтгэл хэлэлцүүлсэн юм. Эхний өдрийн хурлын үйл ажиллагааны үеэр нэгэн онцлох үйл явдал болсон нь Дэлхийн яруу найргийн академийн дээд шагнал “Алтан алх” шагналаар монгол хүн анх шагнагдсан явдал байв. “Нүүдэлчдийн яруу найргийг дэлхийд сурталчилж, Дэлхийн яруу найрагчдын их хурлыг Монгол оронд хоёр дахь удаа амжилттай зохион байгуулж буй зэрэг олон гавьяат үйлсийг үнэлсэн” энэ шагнал МУСГЗ, Чингис хааны одонт яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн энгэрт гялалзлаа. Маргааш нь буюу 18-ны өглөө Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн яруу найрагчдын их хурлын үйл ажиллагаа үргэлжилсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд өөр өөрийн орныг төлөөлөн ирсэн яруу найрагчид эх хэл дээрээ шүлгээ уншив. Их Явуугийн “Шүлэг минь хүлэг чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй... ” хэмээсэн хүсэл зорилго, сэтгэл, сэтгэлгээний их тэмүүлэл биелэх шиг болов. “Өнөөдрийн их уулзалтыг зөгнөсөн мэт сайхан шүлгийг Явуухулан найрагч үлдээсэн байна...” хэмээсэн олон ч яруу найрагч тэнд сэтгэл өндөлзүүлэн зогслоо. Яруу найрагчдын шүлгүүдийн монгол орчуулгыг Нацагдоржийн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо уншиж олонд хүргэсэн нь торгон дээр угалз мэтгэх мэт гэгээн мэдрэмжийг төрүүлж байлаа. Уншлагын дараа яруу найрагчид Данзанравжаагийн нэрэмжит яруу найргийн цэнгүүн, наадамд оролцохоор Дорноговь аймгийг зорьцгоосон билээ. Дэлхийн яруу найрагчдын их хурлын төлөөлөгчид маргааш буюу энэ сарын 22-нд орон орныхоо зүг хөлгийн жолоо зална.
Хурлын үеэр зарим төлөөлөгчтэй уулзаж, сурвалжилсанаа хүргэе.
МУСГЗ, МЗЭ-ийн шагналт, орчуулагч яруу найрагч Ж.Нэргүй: Бид чинь эмээлээсээ өндөр даваа даваагүй гэдэг...
-Өнөөдрийн хурлын онцлог юу байна. Орчуулагч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид чинь “эмээлээсээ өндөр даваа даваагүй” гэдэг шиг өөрсдийнхөө л яруу найрагчдыг уншиж, ярьж, тэднийхээ сэтгэлгээг л голдуу сонсохоос биш өөр юм сонсдоггүй улсууд. Яг одоо энд ирээд дэлхийн яруу найрагчдын хэлж ярьж байгааг орчуулгаар нь шууд сонсоход сайхан байна. Хаа газрын уран бүтээлчид гэдэг баяр хөөртэй, дандаа баясгаланд автсан улсууд аж. Хэлэлцэж байгаа зүйл нь байгаль дэлхийгээ хэрхэн хайрлах, дотоод сэтгэлийнхээ мэдрэмжийг сонсох гээд мөн л адилхан шаналж, бодож явдаг нь харагдаж байна. Өнөөдрийн хувьд иймэрхүү байдалтай байна. Маргааш өөр өөрсдийн хэл дээр яруу найргаа уншицгаана. Тэр мөн сонирхолтой үйл явдал болно. Яруу найгийг орчуулах шаардлагагүй гэж ярьдаг. Үнэхээр ч хүний сэтгэлийн хөгжим юм.
-Илтгэлүүдээс таны сонирхолыг гойд татсан илтгэл аль орны хэн гэдэг яруу найрагчийн илтгэл байв?
-Олон сайхан илтгэл сонсож байна. Мэнд-Ооёо ч сайхан илтгэл тавьж байна. Сэндэнжавын Дуламын илтгэл их өвөрмөц сонсогдлоо. Ер нь аль ч орны яруу найрагчийн сэтгэлгээ гайхамшигтай байдаг юм байна гэдгийг харж байна. Үүнийг далимдуулаад хэлэхэд, яруу найрагч Хулан маань ерөнхийлөгчийн мэндчилгээг хүргэсэн шүү дээ. Тэгээд буцаж очоод индэр дээр суугаа төлөөлөгчидтэй гар барилаа. Манайхаас бусад орны бүх төлөөлөгчид босож хүндэтгээд гар барьж байна. Гэтэл манай гурван төлөөлөгч лаглайтал суугаад гараа сарвайж байгаа байхгүй юу. Энэ юуг харуулаад байна вэ гэхлээр монголчууд эдийн засаг нь өөрчлөгдсөн ч сэтгэлгээндээ хувьсгал хийхгүй байгааг л харуулаад байгаа юм. Толгой яруу найрагчид нь сууж байгаа юм. Үүнийг оруулаарай.
-Эндээс манай яруу найргийн түвшинг харж болно гэж хэлэх гээд байна гэж ойлгож болох уу?
-Үгүй... манай яруу найраг сайн шүү дээ. Яруу найрагчид маань тийм байна л гэж хэлэх гээд байна. Манай яруу найраг ахуй сэтгэлгээний хувьд орчуулахад хэцүү. Нүүдэлчний өв соёлоо авч яваа цорын ганц үндэстэн болчихоод байна. Гадаадаас орчуулах яахав. Гадагшаа орчуулах чухал.
МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын дарга МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Пүрэв: Нийт хагас сая шахам яруу найрагч хуралд оролцож байна
-Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хуралд МЗЭ-ийн хороо зохион байгуулалцах үүрэгтэйгээр оролцож байна. Хурлын үйл явцын талаар танилцуулна уу?
-Гол зохион байгуулагч нь бол МЗЭ биш л дээ. Хамтран зохион байгуулж байгаа юм. Дэлхийн яруу найргийн академи болон Монголын соёл, яруу найргийн академи, Монголын урлагийн зөвлөл, МЗЭ, ГХЯ хамтран зохион байгуулж байна. Ер нь бол Мэнд-Ооёо ах зохион байгуулах ажлыг ахлаж байгаа. Дэлхийн яруу найрагчдын их хуралд 40 гаруй орны зохиолч яруу найрагч оролцож байна. Монгол төрийн ордонд өнөө өглөөний 08.30 минутад нээлтээ хийснээр ийнхүү үргэлжилж байна. Одоогийн байдлаар бол Хятад, Тайвань, Флиппин, Солонгос, Энэтхэг... зэрэг 20 гаруй орны төлөөлөгч Төрийн ордонд чуулаад байна.
-Алдар цуутай төлөөлөгчид гэвэл?
- Энэ их хуралд Норвегийн Вангийн яруу найргийн зөвлөх, нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч, Нобелийн шагналт Висенти Александрийн шавь Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины өнөө цагийн соён гэгээрүүлэгч, Франц Кафкагийн шагналт, гүн ухаантан, Тайваны яруу найрагчЮй Си, Казакстан Улсын хөдөлмөрийн баатар, суут яруу найрагч Олжас Сулемейнов болон Израйлын яруу найрагч, профессор, дэлхийн хамгийн урт шилэн гүүрийн загварыг зохиосон дэлхийд алдартай архитектурч Хайм Дотан, Филиппиний соёлын нэрт зүтгэлтэн, Фукуокогийн Азийн соёлын шагналт, нэрт кино найруулагч Кидлэт Тахимик, Аргентины яруу найрагч, нэрт физикч, Нобелийн энх тайвны шагналт Эрнесто Кахан,Европын яруу найргийн Академийн удирдах зөвлөлийн гишүүн, Унгарын поэт лаурет, нэрт яруу найрагч Иштван Турцы, АНУ-ын "Чивителла Райнери" сангийн ерөнхий захирал, зураач, соёлын менежер Дана Прескот, Мексикийн яруу найрагч Мария Соберанис, Унгарын Ерөнхий сайдын соёлын зөвлөх, Унгарын Пэн-н ерөнхийлөгч Гиза Чөкс нар ирэхээ мэдэгдсэн байгаа. Хурал дөнгөж эхэлж байгаа учраас нарийн мэдээлэл алга байна. Ямартаа ч өөрийгөө Монгол гаралтай хэмээн нэрлэдэг нэгэн яруу найрагч ирсэн нь Дэлхийн урлаг соёлын академийн тэргүүн Францын нэрт яруу найрагч Маурус Ян гуай байна.
-Зочид төлөөлөгчдийн сэтгэгдэл ямар байгаа бол. Мэдрэгдэж байна уу?
-Нүүдэлчдийн соёлын өлгий, Чингис хааны нутагт хөл тавьсандаа баяртай байгаа тухай илтгэлүүдээс сонсож байна. Байгалийн баялагтай, үүх түүхтэй, дөрвөн улиралтай нутагт анх удаа ирж байгаа зочин олон байгаа нь харагдаж байна. Тэдний яриа хөөрөө, илтгэл, сэтгэлийн хөдөлгөөнөөс нь харж болохоор байна. Флиппиний яруу найрагчийн илтгэлээс үзэхэд их өөр сэтгэгдэлтэй наашаа гарсан бололтой юм. Тэгээд өөртөө маш эерэг сэтгэгдлийг монгол хөөмий, монголын яруу найргаас авч байгаа тухай сонслоо.
Монголоос хэдэн яруу найрагч оролцож байгаа юм бол?
-Дэлхий бусад орноос ирж байгаа яруу найрагчдын тоотой бараг тэнцэж байгаа. 250 гаруй яруу найрагч дэлхийн яруу найрагчидтай зэрэгцэн хуралдаж байна.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Данзангийн Алтангэрэл: Монголын яруу найраг тэдний сонирхлыг татах байх
-Та яруу найргийн энэ их хуралд хэддэх удаагаа оролцож байна вэ. Сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Би анх удаа яруу найрагчдын их хуралд оролцож, дэлхийн урлаг соёл, яруу найргийн мастеруудын үгийг сонсож сэтгэлээ баясгаж сууна. Үнэхээр сайхан байна. Надад харин үг хэлэх боломж олдохгүй байна...
-Тийм боломжтой бол юу гэхсэн бол?
-Монголын яруу найргийг дэлхийн чихэнд сонсгох боломж, гүүр нь та бүхэн болоорой. Тэгвэл Нобелийн шагналд хүрэх олон яруу найрагч бий шүү... гэж хэлнэ. /инээв/
-Илтгэлүүдийн тухайд ямар бодол төрөв?
-Би эх хэлээ л мэднэ. Тэгэхээр Г.Мэнд-Ооёогийн илтгэлийг онцолмоор байна. Оночтой, цэгцтэй сайхан илтгэл байна. Омар Хайям, Данзангийн Нямсүрэн нарын тухай ярилаа. Сайхан санагдлаа. Надад ч бус дэлхийн олон хүний сэтгэлд хүрэх шиг болно лээ. Өнөөдөр би өвсөн дээр гишгэнэм билээ
Өнө хожим тэд над дээр урганам билээ... гэсэн мөртүүдээс ургуулан яруу найрагч хүн байгаль дэлхийтэйгээ нэг байдаг тухай илтгэлдээ дурдсан. Түүнийг сонссон гадны яруу найрагчид баяр хүргэж, тэвэрч авч байна. Монголын яруу найраг тэдний сонирхолыг татах байхаа.
Монголын Залуу Зохиолчдын Нэгдлийн тэргүүн, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Н.Минжинсайхан: Хүн зүүдэлж байхдаа бурхан юм байна
-Залуу Зохиолчдын Нэгдэлийг төлөөлж олон яруу найрагч ирсэн харагдлаа. Дэлхийн яруу найрагчдын их хурлын тухайд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Юун түрүүнд энэ их сайхан хурлыг эх оронд маань зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэхийлье. Би анх удаа оролцож байна. Илтгэлүүдийг сонсож байхад олон зүйл бодогдож байна. Сэтгэлгээний дээд хэмжүүр болсон яруу найрагчид яруу найргийн тухай байгаль дэлхийн тухай ярьж байгаа нь сайхан байна. Мартамгүй сайхан үгсийг харамгүйгээр хэлж үлдээж байна даа.
-Тухайлбал?
-Туркийн яруу найрагчийн хэлсэн “Хүн амьдарч байхдаа чөтгөр, зүүдэлж байхдаа бурхан байдаг юм байна.” гэдэг үг оройруу орлоо.
-Дэлхийд алдаршсан яруу найрагчдаас олон хүн ирж. Залуучууд ч харагдаж байна. Танилцаж байна уу?
-Ер нь өргөн хүрээг хамарсан харагдлаа. Яруу найрагчдаас гадна, алдартай кино найруулагч, архитектор... зэрэг хүмүүс ч ирсэн дуулдлаа. Ирсэн хүмүүсийн бүтээлээс Залуу зохиолчдын нэгдлээс эрхлэн гаргадаг “Залуу нас” сониндоо хэвлүүлсэн байгаа. Маргааш “Явуугийн цэцэрлэг”-т нийтийн уншлагтай юм байна. Танилцандаа, энэ олон сайхан хүмүүстэй. Хурал эхлээд удаагүй байна. Боломж гарахгүй л байгаад байна. Долоо хоног үргэлжилнэ шүү дээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )