/2018.02.27/ НИТХ-ын ээлжит 14-р хуралдаанаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
2017 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байгаагаас 43 хувь буюу 164 мянган айл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн 57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын 60 хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 24 байршилд хэрэгжиж байгаа 16109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ 70 гаруй мянган өрхийн орон сууц ашиглалтад орох байснаас 5 мянган өрхийн орон сууц ашиглалтанд орсон байна. Энэ нь уг төслийг зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага бий” гэдгийг онцолсон байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 1965 - 2000 онд ашиглалтанд орсон 14 хороололд баригдсан угсармал орон сууцны 1077 ш блок барилгад нийслэлийн хүн амын 20 хувь болсон 45 мянган өрх амьдарч байна. Дээрхи барилгын дулаан, техникийн шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас 10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо 3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Үүний уршгаар дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэн барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм.
Тиймээс орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаанд , бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх өргөтгөх, хөгжлийн шинэ түвшинд гаргах цогц арга хэмжээг авахад энэхүү хөтөлбөр чиглэж байна. Хөтөлбөр нь 9 зорилт бүхий 5 бүлэгтэй.
Бага , дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулна. Түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, иргэдийг чанартай түрээсийн орон сууцаар хангах болон шинэ суурьшил , хороолол байгуулах боломжтой байршлуудад эхний ээлжийн суурь судалгааг явуулж, техник эдийн засгийн үндэслэл , зураг төслийг боловсруулан батлуулна. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Нээлттэй дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх замаар иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулсанаар иргэд чанартай орон сууцаар хангагдан, хотын өнгө үзэмж сайжирна. Угсармал орон сууцны барилгуудыг иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор дулаан алдагдалыг бууруулах, гадна фасад , дээврийн засвар үйлчилгээ, лифтны ашиглалтыг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ зэрэг зорилт тусгажээ. Хөтөлбөрийг Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлнэ гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )