Мааньтын хоригдол сүмийн номлогч болсон нь...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

"Халхын шоронд хамгийн хүнд үе бол 1991-1993 он байлаа. Тэр үед би 15 жилийн ялтай шоронд очиж байсан юм" хэмээн ярих нэгэн хүний  сэтгэл сэртхийлгэм дурсамж яриаг нь хүргэж байна.

Мааньтын шоронгийн маш аймшигтай түүх

Засангийн хар түүх зах зээлийн нийгмийн босгон дээр эхэлсэн билээ. 1991 оны 08 сард хоригдлуудын хоолны нормыг хасаж өдөрт ганцхан хоолтой болгов. "Хоол ч гэж дээ цэхийсэн усан шөл гэмээр угаадас. Засаг нормын талхнаас нь ч журамлахаа мартсангүй. "Хорвоог ходоодоороо туулна" гэж итгэж явсан хоригдлуудын сэтгэл маш ихээр цочирджээ.

Одоо бидний амь амьдралаар дахин тоглохгүй байх гэж найдаж байтал Засгийн газрын "Хоригдол зардлаа өөрөө даана" гэсэн тогтоол гарч сэтгэлийн тэнхээгүй хоригдлуудыг үхэл бодохоос өөр аргагүй байдалд хүргэв. Хоригдлуудыг шууд бусаар үхэлд хүргэж байснаа эрх мэдэлтнүүд яахин мэдэх билээ.

Мааньтын хорих ангид нэгэн казак эр тураалаар "чад" хийсэн анхны ялтан болсон юм. Тус хорихын эмч авгай "Ялтан Н.. жингийн алдагдал" гэдэг өвчний улмаас нас нөхцөв" гэсэн онош тавьж 13-ын энгэр лүү эцсийн замд нь үдсэн юм. Муу хүний үхэл бямбад гэгчээр хагас сайн өдөр үхсэн өнөөх эрийн араас үй олон ялтан "чад" хийнэ гэж хэн ч төсөөлсөнгүй. Хоригдлуудын байрыг дулаалах тухай асуудал ердөө ч хөндөгдөж яригдсангүй. Энэ сэдвээр санаа нь зовж өвлийг даарахгүй давчих юмсан гэж бодсон нэгэн ялтан шийд гаргачихдаг эрх мэдэл бүхий албан хаагчаас энэ талаар асуухад "Чи хоригдлуудын хангалтын тухай ямар нэгэн гомдол санал битгий тавь. Нарны дэлгүүрийн лангуун дээр бор давс, гоймонгоос өөр нүдэнд торох зүйл үгүй болчихоод байхад юуны чинь хүн алж хүрээ талсан гэмт этгээдүүдийн төлөө санаа зовох манатай. Би хүртэл хэдэн хүүхдүүдээ өлсгөхгүй өвлииг давуулах гэж тамаа цайж явна.Тэгээд ч хариуцлага ярих дарга нэг ч байхгүй. Та нар тавиландаа л гомд!" гэж хэлээд өмхий ханхалсан шар шүдээ ярзайлган инээж байсан гэдэг.

Тэр намар ачигдаж ирсэн шинэ хоригдлуудад час улаан өнгөтэй хөнжил тавьж өглөө. Цагийн аяс чангарч юу юугүй өвөл болов. Хорих байрны цонх шилгүй учраас амьд амьтан тогтохын эцэсгүй хүйтэн байсан учраас хоригдлууд зузаалсан гудасныхаа эсгийнээс илүүчлэн цонхоо битүүлж авчээ. Нийтийн байр таазныхаа голд 60 лампын ганцхан ширхэг чийдэнтэй. Тэр ламп шатвал олон хоногоор харанхуй орчинд амьдарна. Мааньтын шоронгийн хоригдлуудад дарамт ингээд дуусгавар болохгүй. Энэ хэцүү цаг үед дайны хажуугаар дажин гэгчээр хуягууд ялтанг тамлан зовоох асуудал хэрээс хэтэрч байсан юм. Албан хаагчид архи уусныхаа баярыг ялтанг зодож тэмдэглэдэг байлаа.

Энэ нь ардчиллын буянд Америк, Хонгконгийн зодоонтой видео кино үзсэн хянагч нар дүрдээ орчихсон хоригдлуудыг нүцгэлж байгаад "Өчигдрийн кинон дээр Ван Дамм яг ингэж өшиглөсен" гэх юм уу "Брюс Ли тэгж цохиод ухаан алдуулсан" гэх мэтээр хөөрхий ялтнуудыг мышок болгоно. Бүр хонх дуугаргаж хоригдлуудыг тооны талбайд суулгаад нүдэндээ муухай харагдсан ялтанг жижүүрийн байранд тууж аваачаад бүх хувцсыг нь тайчин чармай нүцгэлж байгаад л тоосыг нь гөвж өгнө дөө. Зодуулахгүй гэж өөрийгөө хамгаалах арга хайсан ялтны гарыг паартай холбон гавлаж байгаад яснаас нь махыг нь салтал бороохойдно.

Прокурорт хандаж гомдол мэдүүлсэн ялтанг дахин хэл ам татлахгүй болтол нь "Ахаа байя" болгоно. Албан хаагчдын зүгээс "яриа" хийх бүрдээ ёр зөгнөсөн юм шиг "Та нарын ихэнх нь удахгүй турж үхэн хасаг найзынхаа араас Арван гурвын энгэр лүү одно" гэж харааж, зүхнэ. Үхэл зөгнөсөн юм шиг хангалтанд өгсөн улаан хөнжлөөр нь нүцгэн биеэ ороосон хоригдлууд их олон үзэгдэх болж, жорлонгийн дэргэдэх хогиин цэгэн дээр, хувхай яс нүдэж төмсний хальс лаазанд хийгээд шарж иддэг хүн сүрэг бий болсон билээ. Эдгээр хүн сүргийг "Нинжа" хэмээн нэрийдэх болов.

Халхын шоронд нөлөө бүхий Хэнтий аймгийн харъяат Дамбын Од жорлонд бие засаад сууж байжээ. Тэгтэл доор нь хүн явах шиг чимээ гарахаар нь сандран хартал нэгэн нинжа төмөр утсаар хавчаар хийчихсэн төмсний хальс түүж яваа харагдав. Дамбын Од ихэд гайхаж "Хөөе чи өмхий нүхнээс хурдан гар. Хүн гэдэг нэрээ бодооч" гэхэд нөгөө
нинжа "Од та тайван суугаад наанаа биеэ зас. Би танд саад болоогүй гэж бодож байна. Шоронгийн өгсөн хоолонд цадахгүй байсаар турж үхэх гэж байгаа намайг та сургаад ч яахсан билээ. Мөр мөрөөрөө л явъя" гэж хээвнэг хэлээс төмснийхөө хальсыг түүх ажилдаа шуурхайлан орсон гэдэг. Нинжа нар хог ухаж ходоодоо цатгах яс төмсний хальс олдохгүй болохоор нүдэнд харагдсан нохой. муур, тагтаа, болжмор гэх мэт амьтдыг хаа таарсан газраа барин авч алж иддэг байлаа.

Улаанбаатар хотын харъяат, хоригдол Ц.Батбаатар муур хочтой болтлоо муураар гэдсээ дүүргэж байв. Түүний энэ үйлдлийг хоригдлууд зогсоох гэтэл Батбаатар "Та нарыг над руу ойртох юм бол би гал руу шууд үсэрнэ шүү. Миний өмнөөс та нар өлсөж үхэхгүй биз дээ. Өлсөөд байна" гэж хэлээд галд шарсан муураа түүхийгээр нь шахуу гаргаж ирээд үс ноостой нь хольж хутгаж байгаад зулгаадаг байлаа. Үүнээс хойш Батбаатарыг хэн ч хориглоогүй бөгөөд муур шарж идсэнийхээ хүчинд их өлсгөлөнг даван туулж чадсан юм. Өдгөө Улаанбаатар хотод Исүс Христийн нэгэн сүмийн ахлах номлогч болчихсон тун ч дажгүй яваа дуулддаг.

Олон жил шоронгоор явсан "Бөндгөр" хочит Буяндэлгэр албан хаагчидтай байнга завьж зулгааж, шударга ёсны тэмцэл өрнүүлнэ. Албан хаагчид хоригдлуудыг уриалж хоолны хэрүүл хийлээ гэж Буяндэлгэрийг үг дуугарахгүй болтол нь бороохойдон "сахилга"-д хорин турааж, алснаар идэх хоолныхоо төлөө хэл ам татлах зоригтой ялтан үгүй болсон билээ. Халхын шоронгийн цуутай овгор Лувсандоржийн Даваабаатар ахлах тогоочийн заалтыг гартаа авснаар хоолны чанар сайжирч хоригдол турж үхэх асуудал нэг хэсэгтээ зогсож байлаа. Нэр нөлөөтэй хоригдлын үг албан хаагчдыг хөдөлгөөнд оруулж засангийнхан прокуророос илүү нөлөө болдгийг хүн бүхэн яахин мэдэх билээ. Мааньтын хорих ангийн эрх мэдэлтэй дарга нар жингийн алдагдалд орж нас барсан хоригдлуудаа хадгалах байргүй сандарч арга ядаад "морг" бариулжээ. Шинэ бүтээн байгуулалт хийчихсэн юм шиг түүгээрээ ихэд бахархан хөөрцөглөж байгааг харсан хоригдлууд албан хаагчдын өөдөөс санал гомдлоо чөлөөтэй хэлэх эрх байхгүй ч сэтгэл дотроо хорсон зэвүүцэж байлаа.

Хоригдол хүн үхэхэд нохой үхсэний дайтай ч цочирдохоо байж албан хаагчид хоригдлын үхлийг байх ёстой асуудал хэмээн боддог болов. Нас барсан ялтныг морин тэргээр ачиж аваачаад өнгөцхөн нүх ухан булаад л талийгаачийн ажил явдал дуусч байгаа нь тэр. Үүнийгээ "далд оруулах" гэж нэрлэн инээлдэн буу халцгаадаг байж билээ. Ганцхан жилийн ялтай хоригдол Мааньтад очоод хүн амины хэрэгтэн мэт нас барж "цаазлуулдаг" болов. Хорих ангиуд үхлийн архив болчихсон энэ хэцүү цаг үед нэг жилийн хорих ялтай нэгэн хоригдол ар гэрийнхээ хүмүүст хандаж "Би зургаахан сарын дараа хүнээр өргүүлчихсэн хэлхээтэй араг яс болоод та нар дээрээ очиход битгий гайхаарай. Шоронд орсон хүн амьд явах ямар ч баталгаа алга" гэж бичиж байх билээ. Үнэхээр халхын шоронд хамгийн хүнд үе бол 1991-1993 он байлаа. Тэр үед би 15 жилийн ялтай шоронд очиж байсан юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(202.55.191.205) 2018 оны 05 сарын 09

ЭНЭ БИЧИГЧ ”ЮУНААС БОЛЖ ИЙМ БАЙДАЛД ОРСОНЫГ САЙН ОЙЛГОЖ,МӨН УРЬД НИЙГЭМД ЯМАР БАЙСНЫГ САЙН МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ... ЯАГААД 1991-1993 ОН ГЭСНИЙГ БАС ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ... ХЭН ИЙМ БОГОСНЫГ БОД ....

0  |  0
b(202.179.25.74) 2020 оны 11 сарын 22

yu bicheed bgam be ene sait..yund hend heregtem be..yag yu heleh geed bgam be

0  |  1
111(208.54.35.161) 2018 оны 05 сарын 09

Bitgii shuu

0  |  0
1234(202.170.68.38) 2018 оны 05 сарын 08

ter ued yun horigdol tejeeh tseregt turaald ordog ue bsan

0  |  0
Top