Судалгаа: Зээлдээ дарлуулсан монголчууд

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 06

Ирээдүйн орлогоосоо эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт гаргуулж авахыг бид зээл хэмээн нэрлэдэг. Тэгвэл манай улсын иргэд ирээдүйн олох орлогоо урьдчилж хэрэглэдэг зуршилд нэгэнт автжээ. Бараг өрх болгон өртэй, иргэн бүр зээлтэй байна гээд хэлэхэд хэтийдэхгүй. Энэ бүхнийг судалгааны дүн ч гэрчилнэ.

Энэ нийгмийн үнэн төрх

Монгол Улсад арилжааны 10 гаруй банк бий. Банкууд өөрсдийн гэсэн зээл олгох журамтай. Олон улсын судалгааны “Эс ай си эй” компани иргэдийн дунд зээлийн талаар судалгаа явуулахад судалгаанд хамрагдсан иргэдийн 81 хувь нь ямар нэгэн төрлийн зээлтэй байжээ. Сүүлийн үед арилжааны банкууд орчин үеийн техник, технологи дээр суурилан зээл олгодог болсон.

Интернэтийн сүлжээ, компьютерийн дотоод сүлжээнд суурилсан банкны мэдээллийн сан, бэлэн мөнгөний карт, гар утасны банк, цахим төлбөрийн хэрэгслүүд зэрэг бидний амьдралын хэрэгцээнд нийцсэн илүү цаг зав хэмнэсэн боломжуудыг санал болгох болсон. Зээл, зээлийн харилцаа нь эдийн засагт бодитоор гүйцэтгэж ирсэн санхүүгийн харилцааны нэг хэлбэр байдаг. Иргэд зээлтэй байгаа нь нэг талаар улс орны эдийн засаг тааруу, иргэдийн амьдралын төвшин муутай холбож тайлбарлах нь ч бий.

Гэхдээ тогтолцоог нь авч үзвэл энэ тийм ч худал зүйл биш. Иргэд их хэмжээний бэлэн мөнгө гаргаад амьдралдаа хэрэгтэй зүйлсээ авч чадахгүй тул зээл авдаг. Cap бүр өндөр хүүндээ дарлуулан амьдарч буй нь манай нийгмийн төрх юм.

Хэрэглээ, цалин, тэтгэврийн зээлтэй 750 мянга гаруй иргэн байна

Энэ оны эхний улирлын байдлаар банкуудын нийт зээлийн үлдэгдэл 14.4 их наяд төгрөг байна. Үүнээс 11 их наяд нь төгрөгөөр олгогдсон зээл байгаа юм. Хэвийн зээл 314.3 тэрбум болж өмнөх сараас 2.3 хувиар нэмэгджээ. Харин хугацаа хэтэрсэн зээл 50.7 тэрбум болж 5.8 хувиар, чанаргүй зээл 34.3 тэрбум төгрөг болж 2.7 хувиар буурчээ. Өнгөрсөн оны эхний улиралд банкуудын зээлийн үлдэгдэл 12.6 их наяд төгрөгт хүрээд байсан юм.

Зээлийн үлдэгдлийг ангилан авч үзвэл цалин, тэтгэврийн зээл хамгийн их буюу 22 хувь байна. Үүнээс үзэхэд иргэд цалингийн болон тэтгэврийн зээл их авдаг аж. Дараа нь иргэд худалдааны, үл хөдлөх хөрөнгийн, барилга уул уурхайн, хөдөө аж ахуйн зээлийг их авдаг байна. Тухайлбал, хэрэглээ, цалин, тэтгэврийн зээлтэй 750 мянга гаруй иргэн байгаа бол жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авсан 40 мянган иргэн байна.

Ипотек болон тэтгэврийн зээлийн хүүний хувьд төрөөс хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг тул харьцангуй бага байгаа аж. Цалингийн зээлийн тухайд банкны барьцаа хөрөнгөгүй, тухайн албан хаагчийн орлогын хэмжээнд тохирсон, хүндрэлгүй, олон бичиг баримт шаардалгүй гардаг тул иргэдэд хамгийн ойр байдаг аж. Судалгаанаас үзэхэд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 65 мянга гаруй албан хаагчийн 95 хувь нь арилжааны банкаар цалингаа авдаг байна. Иргэд цалингийн зээлийг ихэвчлэн хэрэгцээний зориулалтаар авдаг.

Тухайлбал, машин авах, байшин барих гэх мэт. Монголбанкны мэдээлснээр манай улсын энэ оны эхний улирлын байдлаар зээлийн дундаж хүү төгрөгийнх 19.1, валютынх 11.3 хувь байна. Харин хадгаламжийн хүү төгрөгөөр 18.1, валютаар 5 хувь байгаа аж. Манай ихэнх салбаруудад төгрөгийн зээл түлхүү олгогдсон байдаг. Харин санхүү даатгал, боловсрол, цахилгаан, хий, уур, агааржуулалт хангамжийн салбарт валютын зээл давамгайлдаг байна.

 Ипотекийн зээл үргэлжлэх үү?

Иргэдийн хамгийн их сонирхдог зээлүүдийн нэг нь ипотекийн зээл. Гэвч ипотекийн зээлийг буцаан төлөлтөөр нь санхүүжүүлдэг болсноос хойш тухайн зээл царцсан гэхэд болно. Үүнийгээ дагаад барилгын салбар ч зогсонги байдалд орсон. Уг нь иргэдийн байртай болох ганц боломж нь ипотекийн зээл. Энэ оны эхний улирлын байдлаар 93 мянган зээлдэгч 4.3 их наяд төгрөгийн зээл авсан байна.

Үүнээс орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр дагуу 3.29 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Харин 20 хувь нь банкны, өөрийн эх үүсвэрээр авдаг гэдгийг албаныхан хэллээ. Ипотекийн зээлийн хэмжээ тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш тогтмол өссөөр байгаа. Энэ оны гуравдугаар сард 497 иргэн 49.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ. Нийт зээлийн 17.9 хувь нь орон нутагт авсан аж.

Энэхүү зээлийн 2.4 хувь нь хугацаа нь хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй байгаа гэнэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ нь буурсан үзүүлэлт аж. Зээлийг барьцаа хөрөнгөөр нь авч үзвэл ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.7 хувийг 80 шоо метр талбай бүхий орон сууц худалдан авсан байдаг гэнэ. Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх тал дээр анхаарч байгаагаа салбар яамдын сайдууд албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аа(203.91.114.244) 2018 оны 06 сарын 07

гэхдээ цалин нэмээчээ. Одоон 2-3 жилийн дараа бүгд зээлийн чадваргүй болно шүү

0  |  0
3(209.167.52.34) 2018 оны 06 сарын 06

Haa saigui l zeeltei, undur hugjiltei ornuudin irged mun l mortgage bolon zeel, tulburt darluulj, zeeleer l amidardag shdee. 10-20 huvi ni l bayachuud, busad ni zeelees zeel, tulburuus tulburiin hoorond amidardag.

0  |  0
Top