Энэ сарын 30-ны өдөр Казахстан улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол улс дахь БНКУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд элчин сайд Калыбек Кобландин улс орныхоо хөгжилд, иргэний нийгэм болон улс хоорондын харилцааг бэхжүүлэх, ард иргэдийн нийгмийн эрх зүйн хамгаалалд Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг онцоллоо.
БНКУ-ын Элчин сайд Калыбек Кобландин “Казахстан улсын Үндсэн хуулийн түүхэн ой тохиож байна. Өнөөдрийн байдлаар Казахстан улс 2050 гэх хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч 30 орны тоонд багтах зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн бидний байгаа улс орон, эдийн засаг, нийгэм соёлын хөгжилд БНКУ-ын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зүтгэл маш их бий гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.
Мөн Казахстан улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэх нэгэн өдөр маргааш буюу 8-р сарын 29-ны өдөр тохиож байна. БНКУ-ын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар НҮБ-аас албан ёсоор зарлагдсан Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдөр юм.
Дэлхийн улс орнуудад бодитоор нүүрлээд буй аюул заналын нэг бол цөмийн зэвсэг бөгөөд өнөөдөр дэлхий дээр цөмийн зэвсгийн хор хөнөөлийг хэрхэн амсаж хохирч буйг бид нүдээр харж болно. Өнгөрсөн 68 жилийн хугацаанд нийт 456 удаагийн цөмийн туршилт явагдсан байна. Цөмийн туршилтын улмаас манай улс их хэмжээний хохирол амсаж байсан тул туршилтын эсрэг бид тууштай тэмцсээр ирсэн юм” гэлээ.
Цөмийн зэвсгийн туршилтын эсрэг тэмцлийн өдрийг НҮБ-аас 1991 онд анх зарлан тунхагласан байдаг. Энэхүү тунхаглалын хүрээнд дэлхийн 100 гаруй орон цөмийн зэвсэггүй бүс нутаг болгон зарласнаас Монгол улс мөн бүс нутгаа цөмийн зэвсгээс ангид байх бодлого хэрэгжүүлж ирсэн байна.
Хурлын төгсгөлд Элчин сайд Калыбек Кобландинаас цөөн асуултад хариулт авлаа.
-Казахстан улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улс болохыг зорьж байна гэлээ. Энэ хүрээнд ямар ямар ажлууд хийгдээд байна вэ?
-Манай улс эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих зорилгоор инновацийн хөгжлийг түлхүү дэмжиж төсөл хөтөлбөрүүд явуулж байна. Мөн 20-25 насны залуу гэр бүлүүдээ дэмжиж жилийн 7 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд удаж байна. Өнгөрсөн жилээс тэтгэвэр тэтгэмж болон төрийн албан хаагч нарын цалинг нэмэгдүүлсэн байгаа. Хөгжлийн гол түлхүүр бол ажиллах хүчин мэргэжилтнүүд байдаг. Тийм ч учраас бид оюутан залуусыг маш олноор нь гадаадын улс орнууд руу сургахаар явуулж байгаа.
Ерөнхийлөгч Н.Назарбаев жил бүрийн эхэнд тухайн жилийнхээ зорилтыг тодорхойлж, уг зорилтыг дөрвөн орны хэл дээр нийтэлж иргэддээ өгдөг.
-Монгол, Казахстаны хамтын ажиллагааны цар хүрээ ямар түвшинд байна вэ? Цаашид ямар чиглэлд өргөжүүлэх боломж байна вэ?
-Манай хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаатай явж ирсэн байдаг. Өнгөрсөн жил хоёр улсын ерөнхийлөгч уулзаж мөн энэ асуудлыг хэлэлцсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд худалдаа эдийн засгийн чиглэлд харилцаагаа улам өргөжүүлж ажиллана. Энэ хүрээнд ирэх 10-р сард Монгол-Казахстаны худалдааны форум зохион байгуулагдах гэж байна. Цаашид худалдаа бизнесийн салбарыг хөгжүүлэх маш том боломж бий.
-Манай улсын иргэд Казахстан улс руу 90 хоног визгүй зорчих болсон. Энэ хүрээнд манай улсын жуулчдын тоо ч нэмэгдэж, түүнийг дагаад гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол нэмэгдсэн гэж сонссон?
-Хоёр улсын засгийн газар хооронд ялтан шилжүүлэх гэрээ хийгдсэн. Энэ хүрээнд зарим асуудал шийдэгдэж явдаг. Баян-Өлгий аймагт харьцангүй олон казах үндэстэн байдаг учраас манай талаас энэ аймагтай түлхүү харилцаатай ажиллах тал бий.
Казахстан улсын хүн амын 80 хувийг казах үндэстэн эзэлдэг. Гадаадаас ирсэн казах үндэстний 14 хувийг монголоос ирж суурьшсан иргэд эзэлнэ. Нэгэн улсын иргэншил авсан иргэдээ бид хянаж шалгаад байдаггүй.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )