ТӨСӨВ: Энэ жил тодотгохгүй ч, ирэх жил ХӨӨСӨРЧ мэднэ

2018 оны 09 сарын 05

Арваннайман оны төсвийг чуулганаар батлах үед  Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэх тооцооллыг хийгээд байсан. Тэгвэл  оны эхний  хоёр улирлын байдлаар тооцооллоос илүү гарсан өсөлт тэмдэглэгдэж,  6.3 хувьд хүрлээ. Мэдээж эдийн засгийн өсөлт нь төсвийн орлогын нэмэгдлийг дагуулах  зүй тогтолтой. Тэгэхээр шийдвэр болгоноо ОУВС-аас асуухдаа тулж, ядраад байсан Монголын төр, засаг  төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурь дээрээ зогссон шиг зогсох боломж харагдаж байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ  “Төсвийн орлого бууж байгаа тохиолдолд тодотгох учиртай. Орлого нэмэгдэж  байгаа тохиолдолд төсвөө тодотгохгүйгээр, тодорхой зохицуулалтуудыг хийж болдог. Одоогоор улсын  төсвийн орлого тасралтгүй нэмэгдэж байгаа” гэсэн байр суурийг илэрхийлж байсан бол Ерөнхий сайдын зөвлөх, эдийн засагч Н.Энхбаяр  ямар ч байсан энэ оны тухайд төсвийн тодотгол хийхгүй, цалингийн нэмэгдэл зэрэгт шаардлагатай хөрөнгийг батлагдсан төсвийнхөө хүрээнд шийднэ” гэж яриад байна. Тэгэхээр албаны байр суурийг илэрхийлэх эрхтэй нөхдүүд ийм маягаар ярьж буй тул 2018 оны төсөв тодотголгүй урагшилж, сүүлийн жилүүдэд үзэгдэж харагдаагүй түүхэн үйл явдал тохиох янзтай.

Энэ жилийн төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд төгрөг байхаар,  төсвийн алдагдлыг  2,4 их наяд төгрөг  байхаар батласан.  Энэ нь  хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг спикер хэлж байсан. 2015, 2016 онуудад төсвийн алдагдал 40 хувиар хэмжигдэж байв. Тэгвэл сүүлийн мэдээллээр алдагдлын хэмжээ 32 хувьд тооцогджээ. Ерөнхийдөө төсвийн тооцооллууд хуульчлагдсан хүрээндээ урагшилж байна. Тооцоолол болгоны цаана иргэдийн амьдрал бийг умартаж болохгүй. Тиймээс ч нийгмийн зүгээс шаардаж буй зардлуудыг шийдвэрлэх  үүрэг   2019 оны төсөвтэй хамт яригдана. Энэ ондоо төсвийн зардлаа нэмэгдүүлэхгүй ч, ирэх оны төсөв дээр нэмэгдлүүд орж ирж таарна. Ялангуяа 2019 он бол сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа эрх баригчдаас их  л уян хатан хандлага шаардаж таарна. Чухамдаа төсвийн сахилга бат, эрүүл ахуйд дахиад асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүй.

Төсөв халуун сэдэв болж яригддаг цаг ойртож. Уг нь  төсвийг үйлдэх процесс бүтэн жилийн туршид явагдах ёстойг эдийн засагчид хэлдэг. Ерөөс  төсөв батлагдсны маргаашнаас  л бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид дараагийн жилийнхээ төсвийн сахилга бат, эрүүл саруул байдлын төлөө анхаарч орлого, зарлагынхаа тэнцвэрийг зохистой төвшинд барихад ямар арга хэмжээнүүдийг авах ёстой вэ гэдэгт шийдвэрээ хандуулах ёстой байдаг.  Олон өнгөөр солонгорсон эдийн засгийн бүтцийг бий болгохын тулд улс орон хэтэвчин дэх хэдээ хэрхэн зарцуулж, ухаалаг ажиллаж байна вэ гэдэг нь шууд хамаатай. Хөрөнгөөр хөгжлийн шийдлүүдийг ажил хэрэг болгох ёстой тул ухаалаг төсөв шаардлагатай байгаа юм. Гэтэл  нөгөө 2012 оны төсвийг  батлахдаа 2011 оныхоос 2 их наяд гаруй төгрөгийн илүү зарлагатай баталж, үр дүн муутай зарлага гаргаад байсан шиг аашилаад байвал хэрэг байхгүй л дээ. 

Э.Болорхажид

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top