-Зориулалтын бүс замаар тээвэр хийж, газар бэлчээрийг их хэмжээгээр сүйтгэсэн уул уурхайн компанийн эзэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хуурамч мэдээлэлтэй албан бичиг илгээжээ. Тэрхүү албан бичигтээ уул уурхайн компаниудыг, зориулалтын зам тавьж тээвэр хийхийг шаардаж буй хөдөлгөөнд оролцож байгаа малчдыг орон нутгийн удирдлагуудтай нийлж зохион байгуулалттай шантааж хийж байна хэмээн дурдсан байна-
Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Баяндалай сумын иргэд малын бэлчээрээ хамгаалахын тулд Даланзадгад сумаас 150 км-т орших “Хөнхөр хацавч” гэх газарт уул уурхайн хүнд даацын авто машины хөдөлгөөнийг хааж, эсэргүүцлээ илэрхийлээд найм хонож байна. Учир нь, дээрх гурван сумын нутаг дэвсгэрт “Монголын алт компани”, “Өсөх зоос”, “Нарийн сухайт Чинхау МАК”, “Өмнийн говийн элс”, “Жавхлант орд”, “Тера энержи” зэрэг уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулдаг.
-ХҮНД ДААЦЫН МАШИНУУД 20 ОРЧИМ КМ ӨРГӨНТЭЙ 40 ГАРУЙ САЛАА ЗАМ ГАРГАЖЭЭ-
Өнгөрсөн арван жилийн хугацаанд дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн ажилчдынх нь хоол хүнснээс эхлээд тэсэрч дэлбэрэх, шатах тослох, материалыг нь зөөдөг хүнд даацын авто машинууд дуртай газраараа зам гаргаж явсаар өнөөдрийн байдлаар 20 гаруй км-ийн өргөнтэй 40 гаруй салаа замыг бий болгоод байгаа аж. Энэ бүхний балгаар малын бэлчээрийн даац хомсдож, нутгийн иргэд ч амьдрах нөхцөлгүй байдалд хүрээд байна. Тиймдээ ч дээрх гурван сумын иргэд нийлэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, уул уурхайн компаниудаас замаа тавихыг шаардаад байгаа юм.
Харамсалтай нь, тэд өнөөг хэр нь нутгийн иргэдийн шаардлагыг хүлээж авах нь битгий хэл тэднийг янз бүрийн үгээр доромжилж эхэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хуурамч мэдээлэлтэй албан бичиг илгээжээ. Тэрхүү албан бичигтээ тэрхүү хөдөлгөөнд оролцож байгаа малчдыг орон нутгийн удирдлагуудтай нийлж зохион байгуулалттай шантааж хийж байна хэмээн дурдсан байна.
Н.НАРАНБААТАР: ТАВАН УУРХАЙ НИЙЛЭЭД ДОЛООН ХОНОГТ 140 КМ ШОРООН ЗАМ ТАВЬЖ БОЛНО
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай холбогдож, дараах асуултад хариулт авлаа.
-Танай аймгийн гурван сумын иргэд нийлж уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хүнд даацын авто машины явдаг замыг хааж, эсэргүүцлээ илэрхийлээд багагүй хугацаа өнгөрлөө. Та саяхан газар дээр нь ажиллаад ирсэн. Өнөөдөр нөхцөл байдал ямаршуухан байна вэ?
-Яг одоогийн байдлаар зам хаасан байдалтай л байна. Ямар нэгэн шийдвэр гараагүй гэж ойлгож болно. Гурван сумын 50 орчим иргэн эсэргүүцлээ илэрхийлж байна.
-Тэдний зүгээс ямар шаардлага, хүсэлт тавьж байгаа юм бэ?
-Тухайн нутаг дэвсгэрт уул уурхайн таван компани үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд өнөөдрийн байдлаар 20 км-ийн өргөнтэй 40 гаруй салаа зам гаргаж, хүнд даацын авто машинуудаа явуулж байна. Үр дүнд нь бэлчээрийн нутаг сүйдэж, байхгүй болж байгаа юм. Үүнийг л нутгийн иргэд эсэргүүцэж, тэднийг замаа засахыг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, малчдын зүгээс замаа тавь, бэлчээр сүйтгэхээ боль гэсэн маш энгийн шаардлагыг л уул уурхайн компаниудын удирдлагуудад тавьж байна.
-Иргэд зам хааж зогсоод найм хонолоо шүү дээ. Уул уурхайн компаниудын зүгээс ямар тайлбар хэлж байх юм бэ?
-Би саяхан газар дээр нь очиж, нөхцөл байдалтай нь танилцаад ирсэн. Нутгийн иргэд болон уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонссон. Гэхдээ намайг очиход тэнд үйл ажиллагаа явуулдаг гол таван уурхайн удирдлага нь байгаагүй. Зөвхөн шийдвэр гаргах эрх мэдэлгүй төлөөлөл нь уулзсан. Тэдний зүгээс “Бид төлдөг татвараа төлсөн. Нүүрс тээвэрлэдэг замаа ч тавьсан. Харин энэ бол орон нутгийн зам болохоор уурхайд ямар ч хамаагүй. Засгийн газар тавих ёстой, бидэнд зам тавих эрх байхгүй” гэдэг зүйлийг хэлж байна билээ.
-Харин та ямар байр суурьтай байна вэ?
-Гол таван уурхайг аймаг, орон нутагтайгаа хамтын ажиллагааны гэрээгээ байгуул гэж хэллээ. Тэд өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны гэрээгээ байгуулаагүй, зугтаад байгаа юм. Гэтэл бусад уул уурхайн компани болох Таван толгой, Оюу толгой зэрэг нь байгуулчихсан шүү дээ. Харамсалтай нь, тэдний нэг нь ч хамтын ажиллагааны гэрээгээ байгуулаагүй. Тиймээс гэрээгээ байгуулахыг санууллаа.
Түүнчлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй замаа янзалж, сайжруулахыг хэллээ. Тэднийг заавал засмал зам тавь гэж хэлээгүй. Тэр малын бэлчээр сүйтгээд байгаа 140 км замаа сайжруулсан шороон зам болго. Уг нь, таван уурхайн нийлээд хийвэл долоо хоногийн л ажил юм. Дээр нь нэг мөрөөрөө яв. Битгий олон салаа зам гарга гэдгийг хэлсэн. Ер нь малчид маань ч, уул уурхайн компанийн удирдлагууд ч хэн хэндээ буулт хийж, ойлголцох хэрэгтэй.
-Ингэхэд зарим хэвлэлээр тэрхүү эсэргүүцлийг зохион байгуулалттай гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, та бүхнийг мөнгө өгч “Босоо хөх Монгол” зэрэг бүлгэмийн иргэдийг аваачиж уул уурхайн компаниудыг шантаажилж байна гэх мэдээлэл түгээд байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Үүнд та тайлбар өгнө үү?
-Тийм зүйл байхгүй. Энэ бол цэвэр малчид, нутгийн иргэдийн эсэргүүцэл. Гэтэл зарим хэвлэлээр ташаа мэдээлэл гарч байна. Энд аймаг орон нутгийн удирдлагууд огт оролцоогүй. Зөвхөн малчдын өөрсдийнх нь хийж байгаа ажил. Үнэнийг хэлэхэд, тэр ташаа мэдээллийг уул уурхайн компаниудын зүгээс гаргасан. Бүр Ерөнхий сайдад хүртэл хуурамч мэдээлэлтэй албан бичиг явуулсан байна билээ.
Засаг дарга Н.Наранбаатар дээрх мэдээллийг өгөв. Нутгийн удирдлагуудын зүгээс уул уурхайн компаниудыг байгаль орчин, малын бэлчээр сүйтгэж, олон салаа замаар давхилдахаа зогсоож, тээвэрлэлт хийх 140 км замыг сайжруулсан шороон зам болгохыг л шаардаж байгаа. Өмнийн говийн баялгаас ашиг шим хүртэж буй хэн ч байсан говийн зөөлөн хөрсийг хамгаалах, олон салаа зам, тоосжилт, хөрсний эвдрэл, агаарын бохирдол, цаашлаад хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх нь хамгийн чухал. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд сум, аймаг орон нутагтай хамтран ажиллаж, нийгмийн болон нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьж ажиллах нь уул уурхайн компаниудын нэн тэргүүний үүрэг. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сард сайжруулсан шороон замын трассыг тогтоож, уул уурхайн компаниудын удирдлагуудад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч километр зам тавиагүй нь тун хариуцлагагүй үйлдэл юм.
50, 60, 70 тонн, түүнээс ч их даацтай машинууд 1.5-20 км өргөнтэй 40 гаруй салаа замаар сүлжилдэж, тоосжилт, хөрсний эвдрэл хэрээс хэтэрсэн нөхцөл байдал Баяндалай, Ноен, Сэврэй, Гурвантэс сумдыг өртөөлөн үүсч байна. Арга нь барагдсан ард иргэд амьдрах эрхийнхээ төлөө хүнд даацын машинуудын хөдөлгөөнийг хаасан ч иргэдийг үл тоомсорлон тавьсан уриалга, шаардлага анхааруулга бүхий самбаруудыг дайран гарч зугтсан тохиолдол ч гарчээ. Үүгээр зогсохгүй "орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран шантаажилсан" гэх мэтээр хуурамч, худал мэдээлэл түгээж байгаа нь байдал хэрээс хэтэрснийг бэлнээ харуулж байна. Гэсэн ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ард иргэдийг амьдрах орчин нөхцлийг чухалчилж тээврийн замаа засч сайжруулахыг Уул уурхайн компаниудаас эцсээ хүртэл шаардахаа иргэд илэрхийлсээр байна.
Үүсээд буй нөхцөл байдлын талаар бид эргэн мэдээллэх болно
Б.Эрхэс
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
Морь унасан толгойгүй хүн гэж нэг зохиол байдаг даа, түүнийг л санагдуулж байна даа хөөрхий. Энэ нөхөр өөрийн халаасны 3 ”хэвлэл” мэдээллийн гэх улсуудыг авчирч баахан пиар хийгээд, дээр нь тэр тэр ”суулт” гээд байгаа нөхдүүдэд машинаасаа хоол тараагаад явж байсан даа. Сумын засаг дарга нар нь хамт ирээд суучихсан байсан шүү дээ, тэгэхэд төр энд хамаагүй иргэдийн санаачлага гээд бурж болох уу???
Govichuud bid nar zam tavih baih gej ih l harsan hvleetstei zaginasan shvv arga yadahdaa zamiin haasan injil yahav saijruulsan gej baigaa uym ireh jil zasmal zam tavihgvi bol bas l haana shvv erthen helchii manai goviin hurs zuulun emzeg bid nar ch urid ni yavahdaa olon zam gargaj bolohgvi gej neg l zamtai bdag bsan odoo bol niiteeree zam mongol hvn baina joohon ch gesen setgeltei baih heregtei
Онгон зэлүүд байсан газрыг уурхайнууд сүйдэлж бна.Эх орон,газар нутагтаа ингэж хүнийрхүү хандаж яаж болох вэ.Малчид гэдэг чинь эх орныг минь дүүргэж хязгаар нутгийг сахин суугаа эзэд нь.Адилхан Монголчууд эх орноо хайрлах хэрэгтэй.Үр хойчдоо үлдээх үүрэгтэй.Мөнгө юу юм,үрэгдээд дуусна.Татварт хэдэн цаас өгснөө юу гэж бодоод бгн.Газрын баялаг та нарын өмч юмуу.
Хэдхэн жилийн өмнө Гурвантэс ороход ёстой онгон байгалиараа сайхан байсан сан. Улс орны баялагийг ухаж байгаа бол зам тавихгүй бол бүү зөө . Тэрхэн хилийн цэргийн хажуугаар зам тавиад услаад бусад газар там болсон байна . Хэдхэн хүн хахууль аваад зөвшөөрөл өгсөн
Наранбаатар Айл баян нүүрсний уурхайд даргаар ажиллаж байхдаа Сайншандаас уурхайруугаа зам засаагүйдээ
TEGEHEER YAJ