Америк-Хятадын ”ХУДАЛДААНЫ ДАЙН”-д хэн ялах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Саяхан Вашингтон ДС хотноо болсон дөрөв дэх удаагийн АНУ-Хятадын худалдааны хэлэлцээ амжилт муутай болж, Дэлхийн II дайны дараах эдийн засгийн түүхэн дэх хамгийн том "худалдааны дайн" хүчтэй өрнөхийн хирээр хөгжиж буй зах зээлүүд дээр хямрал үүсгэж байгаа нь дэлхийн хөрөнгө оруулагчдыг түгшээж эхэллээ. Хятадын эдийн засаг хүндхэн нөхцөлд байна гэсэн буруу ойлголцод хөтлөгдөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ дайныг хурцатгахаар шийдсэн бололтой.

Америкийн тал “Худалдааны шок нь Хятадын эдийн засгийн өсөлтийн түвшинг 6 хувиас доош татаж, их хэмжээний өртэй байгууллагууд өрийн дарамтнаас гарч чадахгүйд хүрнэ. Ингэснээр өрийн хямрал бий болж, эдийн засаг нь унахад хүрнэ" гэж тооцоолж байна. Үүний сацуу "Хятадын юаньд дарамт үзүүлснээр Хятадын 3.2 их наяд ам.долларын валютын нөөц ханшны уналтыг зогсоож дийлэхгүй. Юанийн ханшны чөлөөт уналтын улмаас инфляци өсч, Хятадын Коммунист намын чадамжийн асуудал босч ирнэ. Иймээс Хятадын Коммунист нам Вашингтонд буулт хийхээс өөр аргагүйд хүрнэ” хэмээн Америкийн тал таамаглаж байна. Америкийн энэхүү таамаглал Трампыг зоригжуулж, эвлэрлийн бус дайсагнасан арга замыг сонгоход нь нөлөөлөв. Гэтэл Хятад энгийн онолд захирагддаг улс биш. Уламжлалт онолоор дэлхийн хоёр дахь том эдийн засагт худалдааны дайны үзүүлэх нөлөөг урьдчилан тооцоолох нь тэр бүр амжилт авчрахгүй л болов уу. Учир нь энэ эдийн засаг зөвхөн Хятадын гэх шинж чанарыг агуулсан олон нарийн хүчин зүйлсийн үр дүн юм.  

Олон улсын харилцаанд маш тодорхой стратеги ойлголт аливаа асуудлыг шийдэхэд амин чухал билээ. Нэг тал өрсөлдөгч талынхаа стратегийн нөхцөл байдалд нөлөөлөх өөрийн хүчин чадлаа хэтрүүлэн үнэлбэл харилцан ашигтай тохиролцоонд хүрч чадалгүй, сөргөлдсөн хэвээр үлдэх аюултай. Америк-Хятадын худалдааны хэлэлцээ харилцан ашигтай үр дүнд хүрч чадахгүй байгаа нь Америкийн тал Хятадын эдийн засгийн уян хатан шинж чанарыг дутуу үнэлж, өөрийнхөө эдийн засгийн давуу талыг хэтрүүлэн үнэлсэн энэхүү буруу таамаг, тооцооллоос үүдэж байгаатай холбоотой.

Орчин үеийн улс төрийн сэтгэл зүйн эцэг гэгдэх Роберт Жервис "Архичин хүн гэрэлтэй учраас ширээний чийдэнгийн дороос түлхүүрээ хайдаг" гэж хошигносон байдаг ч энэ нь бодит үнэн юм. Бид ухаан сорьсон, таамаг дэвшүүлсэн мэдээллээс илүү хүртээмжтэй, ойлгомжтой мэдээллийг хайдаг.

Үүний адил Америкийн эдийн засагчид Хятадын хөрөнгийн зах зээлийг үнэлэх, Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/, өрийн харьцаан дээр түлхүү анхаарсан аж. Учир нь энэхүү мэдээлэл нь ойлгох, боловсруулахад дэндүү хялбар юм. Ялангуяа, ерөнхий захирагч нь популист чиг хандлагатай тохиолдолд. Иймээс Хятадын эдийн засаг хэврэг гэсэн гэнэн дүгнэлт хийхээсээ өмнө Америкийн стратегчид илүү гүн рүү нь харж, нарийн тооцооны үндсэн дээр таамаглал дэвшүүлж, Хятадын эдийн засгийн суурийг бодитоор үнэлж дүгнэх нь чухал юм.

Энд Хятадын эдийн засгийн гол гурван онцлогийг харгалзан үзэх учиртай. Тухайлбал, Хятадын засгийн газар төрийн эзэмшлийн хөрөнгийн талаарх мэдээллийг хянадаг, өмчийн эрхийг үл ойшоосон нийгэмчлэх үзэгдэл болон Хятадын санхүүгийн тэлэлтийн хүчин чадал гэсэн гол онцлогуудыг тооцох нь чухал юм.

Хятадад үндэсний эрх ашиг юу юунаас чухал. Үндэсний эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд санхүүгийн томоохон корпорациудыг нийгэмчилдэг. “Анбанг” даатгалын групп үүний тод жишээ юм. Тус компанийг төрийн ивээлд авч, даргыг нь шууд баривчилж байлаа. АНУ-д ийм  тохиолдолд Конгресс, Цагаан ордон, Сангийн яам, хуульч, өмгөөлөгч, лобичдын бүхэл бүтэн армитай маш удаан хугацаны туршид байлдаж байж ийм үр дүнд хүрнэ.

Баруунд хүчтэй лобби бүлэг ихээхэн нөлөөтэй байдаг бол Хятадын Засгийн газар томоохон санхүүгийн ашиг сонирхолд үл автахын зэрэгцээ хөрөнгийн хяналт тавьж, удаан хугацааны хөрөнгө оруулалтад зориулдаг. 2008 онд Уолл Стрит, Лондонгийн хөрөнгийн зах зээл нурж байхад Хятадын санхүүгийн систем бат бэх үлдсэн нь үүний гол шалтгаан нь юм.

Түүнээс гадна Хятад улс бэлэн бус мөнгөн гуйвуулгаар дэлхийд тэргүүлдэг. Бэлэн бус мөнгөн гуйвуулга татвар хураалтад эерэгээр нөлөөлдөг. Хятадын бэлэн бус мөнгөний эдийн засаг нь сүүдрийн эдийн засгийг үндэсний статистикаар дамжуулан даруй илрүүлж, ДНБ, өрийн харьцааг бууруулах ач холбогдолтой.

"Худалдааны дайн" хурцдаж буй энэ нөхцөлд санхүүгийн тэлэлт Хятадын өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Худалдааны дайн Хятадын эдийн засгийг ноцтой хэмжээнд сааруулж чадахгүй. Учир нь Засгийн газар нь АНУ-д хийх экспортыг нөхөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Энэ тохиолдолд санхүүгийн хөшүүрэг суларч, ДНБ, өрийн харьцаа нэмэгдэн, Хятадын удаан хугацааны өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ Хятадын бэлэн бус мөнгөний эдийн засагт шилжих шилжилт татварын нийт орлогыг нэмэгдүүлж, санхүүгийн тэлэлт явагдсанаар үндэсний өрийн хэмжээнд ноцтой нөлөө үзүүлэхээс сэргийлэх аж.

Удаан хугацааны "худалдааны дайн" зайлшгүй ч бас биш юм. Гэвч Америкийн стратегчид Хятадын эдийн засгийн талаар нарийн, тодорхой судалгаа хийж, худалдааны тариф Хятадын өрийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөг хэтрүүлэн үнэлэхгүй байх нь чухал. Ингэснээр худалдааны дайныг хурцатгах явдлаас урьдчилан сэргийлж, дэлхийн худалдааны дэг журамд ноцтой үр дагавар авчрах гео эдийн засгийн хүчтэй сөргөлдөөн Хятад улс, АНУ-ын хооронд бий болохоос сэргийлэх боломжтой юм.

Хэдийгээр барууны улс үндэстнүүдтэй харьцуулахад Хятадын нэг хүнд ногдох баялгийн хэмжээ доогуур хэвээр байгаа ч 30-аад жилийн туршид өсч буй Хятадын эдийн засгийн систем нь маш өвөрмөц онцлогтой тул түүнийг жишээ болгон өрсөлдөх боломжгүй юм. Тиймээс Хятад улс нь АНУ-ын ардчилалд заналхийлээгүйгээс гадна тус хоёр улсын хооронд болж буй худалдааны дайныг хоёр системийн мөргөлдөөн хэмээн төвийлгөх учиргүй. Хятадын эдийн засгийг бодитоор үнэлснээр "худалдааны дайн"-ыг хоёр талын эрх ашигт нийцсэн арга замаар шийдвэрлэх боломжтой юм.

Эх сурвалж: The Diplomat

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лантуу(66.181.161.77) 2018 оны 09 сарын 26

Эвгүй тийшээ эргэж магадгүй монголд

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.24.199) 2018 оны 09 сарын 24

Оросын суга Женко Улс төрч болсноосоо хойш,Хужаа Америк гэж Монголчуудыг турхирч ирсэн дээ.Ерөнхийлөгч болоод нүүр нь ил гарчихсан чинь хямдхан Орос шоучины ам нь үдэгдсэн.

0  |  0
zochin(103.212.119.25) 2018 оны 09 сарын 22

GLOBALCHLALIIN MUU TAL N YU VE GEH TSAG MOODNOOS GARCH TRAMP GLOBALCHILALIIG HALAJ MAGADGUI

0  |  0
aaaa(202.21.106.132) 2018 оны 09 сарын 21

ene 1 huja ats bichsen yum bn daa.hujaa nar aij bgaa l daa.hen hereglegch ter ni yalna.usa aguu shuu

0  |  0
Top