ЧУУЛГАН: ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.04/ хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 76,2 хувийн саналаар дэмжлээ. 

Тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уншиж танилцуулсан бол тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир уншиж танилцууллаа. Тус байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ж.Бат-Эрдэнэ сайд замын эвдрэл түүнээс болсон ослоос болж хариуцлага хүлээх ёстой. Түүнээс төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага алдсан алдааг Г.Занданшатар сайд хариуцах ёстой. Яагаад Ж.Бат-Эрдэнэ сайд хариуцлага хүлээж байгаа юм. ЗГХЭГ-ын даргыг гал тогоо мана гэж тавиагүй. Машин дээр наалт нааснаараа хариуцлагатай болчихгүй. Бүх төрийн алба өнөөдөр замбараагүй болчихлоо. Үүнээс болж иргэдийн төрд итгэх итгэл алга болж байна. Ж.Бат-Эрдэнэ сайд тэр хэрэг үйлдсэн гээд байгаа Б.Махбалыгаа өмөөрч хариуцлага хүлээгээд байгаа юм уу, төрийн албанд ийм аймшигтай хэрэг гарлаа гэж хариуцлага хүлээгээд байгаа юм уу. Хэрвээ төрийн албаны хариуцлага гэж байгаа бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуцлага хүлээх ёстой.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: ЗТХ-ийн сайд ёсзүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө гаргасан. Энэ дагуу өнөөдөр асуудлыг хэлэлцэж байна. Төрийн албанд болж буй ёс зүйн хариуцлага алдсан асуудлууд нэг л өдөр бий болсон юм биш. Энэ бол олон жилд хуримтлагдаж ирсэн бугшсан зүйл. Төрийн албаны шинэчлэлийн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сайд өөрт нь хамааралгүй ч ёс зүйн хариуцлагаа хүлээж шинэ жишиг тогтоохоор өргөдлөө өгсөн.

Хэрэг явдалтай холбогдуулан талийгаачийн ар гэртээ бид удаа дараа уулзсан. Гомдол саналыг нь сонссон. Хуулийн дагуу шийдэгдэнэ гэж итгэж байна. Удахгүй төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх хуулийг өргөн барина. Ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх олон ажлыг хийгээд эхэлж байна. Холбогдох зарим хууль ч ирэх оноос хэрэгжээд эхэлнэ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Талийгаач айлын удам залгах ганц хүү. Энэ онд эхнэр нь одонгоо авчихаад угаахаар бэлдэж байсан. Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын уугуул байсан. Талийгаачийн асуудал ганц шөнө болсон зүйл биш. Б.Махбал 2014 онд Дорждагвад бид эргэж ирээд чамд газрын даргын албан тушаал олж өгнө гэж хэлж байсан байгаа юм. Б.Махбал нь 4-5 компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй, төрсөн дүү нь нэг тэрбумын үнэлгээтэй компанитай. Баянзүрх дүүрэгт хэд, хэдэн орон сууцтай. Төрсөн хүү 21 настай М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Машины тоо ч замбараагаа алдсан. Албан тушаал авах гэж санаархаж байсан Дорждагва гэхэд л ХОМ-д мэдүүлээгүй “Лотус” гэж компанитай. Дорждагва нь эхнэрийнхээ нэр дээр “Төслийн удирдлагын хөгжлийн төв” гэж байгуулаад тендер авч байсан.  Зам тээврийн яаманд бугшсан байгаа сайдаас үл хамаарах асуудлыг хэзээ засах вэ. Мөрдөн байцаалтын нууцлал хаана байна вэ. Бүх зүйл хэвлэлээр явж байна. Бичлэгүүд алга болсон нь ар талдаа албан тушаалын төлөөх тэмцэл байсан нь харагдаж байна. Ар талд нь дөрвөн бүлтийсэн хүүхэд үлдлээ. Засгийн газар бүрэн эрхийнхээ хэмжээнд ЗТХ-ийн сайдыг чөлөөлсөн гэж байна. Засгийн газарт энэ эрх байхгүй. Энэ эрх УИХ-д байдаг. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төрийн яамны байранд ард түмнийг цочроосон аймшигт хэрэг гарлаа. Миний ойлгосноор хэт намчирал талцалтай шууд холбоотой. Монголд үйл ажиллагаа явуулж буй намуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Мөнгөний хамраалтай болчихсон. Мөнгөтэй хүн байвал түүний хэн байх нь хамаагүй л намдаа авдаг болсноос үүдэж төрийн алба, боловсон хүчинд ийм сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр бусад яам, тамгын газар, тэр ч бүү хэл төрийн ордонд биенээ алахад бэлэн болчихлоо. Асуудал ийм байхад улс төрийн намууд бие бие рүүгээ бурууг чихэж суухын оронд дүгнэлт хиймээр байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Мэргэжлийн дагуу, ажлаа мэддэг, чаддаг  гэж хэлж болохуйц хариуцсан яамаа мэргэжлийн түвшинд сайн удирдаж байсан Ж.Бат-Эрдэнэ сайд ёсзүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа нь харамсалтай. Төрийн албаныхны бугшсан байдлын золиос болж ажлаа өгч байна гэж ойлгож байна. Яаманд болсон гэмт хэргийн асуудал бол яамны газар, хэлтсийн дарга нарын хоорондын хэрүүл, тэмцэл албан тушаал булаалцалддаг байдлын шууд үр нөлөө. Үүнийг санамсаргүй болсон хэрэг гэж бодож болохгүй. Б.Махбал гэдэг хүн Дорждагвыг газрын даргаар томилох гэж талийгаачийг өрөөндөө 6-7 удаа дуудаж, дарамталж, АТГ-аас Дорждагвыг газрын даргад тохирохгүй гэж бичиг ирснийг нь сайдаасаа хүртэл нуусан байдаг. Хууль, хүч прокурорын байгууллагын шударга ёс хаана байна. Нас барсан хүний архи уусан хэмжээг тогтоочихоод хэрэг үйлдсэн хүмүүсийн архины хэмжээг тогтоож чадахгүй байгаа юм бэ. 9 удаа гишгэлэн тамласан байхад яагаад бичлэгийн дагуу шалгахгүй байгаа юм бэ. Энийг шударга талаас нь шийдээч ээ гэж хууль хүчний байгууллагаас хүсч байна. Шаардлагатай бол энэ хэргийн төлөө дуугарна. Энэ бол санамсаргүй хэрэг биш. Тавуулаа байж байгаад нэг хүнийг бүлэглээд зодоод алчихсан байж, одоо талийгаач таван хүн бүлэглэж байгаад санамсаргүй өнгөрсөн болж хувирах гээд байна. Үхсэний хохь, амьдын зол гэдэг л болох гээд байна” гэлээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top