Тариаланчдаас илүү гарсан буудайг улсын нөөцөд худалдаж авахыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

УИХ дахь Хүнс, хөдөө аж аухйн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.30/ хуралдаанаар “Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” болон “Эрүүл ахуйн тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаанаараа хэлэлцсэн аж.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Тэрбишдагва нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс малын гоц халдварт өвчин дэгдсэн бүсээс ирж байгаа машин техник, иргэдийг нийслэл рүү нэвтрүүлэхэд ариутгах ажлыг шинэчлэхэд арга хэмжээ авч байгаа эсэх, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, махны экспортыг дэмжин, үйлдвэр барих асуудалд шуурхай ажиллаж байгаа талаар санал солилцсон.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас өргөн мэдүүлсэн “2019 оны хүн амын гурилын хангамжийг тогтвортой байлгахын тулд улсын нөөцөд худалдан авч байх тухай” тогтоолын төслийг хэлэлцэн гишүүд дэмжихээр болсон. Тодотгож хэлбэл, ургац хураалтаас илүү гарсан буудайг улсын нөөцөд худалдан авах тухай юм.   

Мөн үеэр “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон мах, сүүний үйлдвэрийг барих бэлтгэл ажил үргэлжилж байгааг ч салбар яамнаас онцолж байсан. Мөнхүү бусад үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулагдаж байгаа бөгөөд Монгол Улсад махны чиглэлийн 42, сүү, сүүн бүтээгдэхүүний 216 үйлдвэр ажиллаж байгааг бас дуулгав. Нэг асуудал байгаа нь нийслэлийн Шалган нэвтрүүлэх товчоогоор автомашин, иргэд, тэдгээрийн ачаа тээшийг иж бүрэн ариутгаж, халдваргүйжүүлэн нэвтрүүлэхэд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн техник, технологи ашиглахад шаардагдах төсөв, хөрөнгийн зардал өндөр байгааг дурдаад авна лээ.

С.Ууган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top