НУУЦ САНАЛ ХУРААЛТ: Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг нарыг шалгаж байгаа асуудалтай холбогдуулан прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байгаа.

Уг асуудлыг УИХ-ын өнөөдрийн /2018.11.07/ ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 53 гишүүний 86.8 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. Хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалтыг нууцаар явуулдаг бөгөөд энэ удаад нууц санал хураалтыг цахимаар явуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүдийн зүгээс прокурорын байгууллага болон хууль хяналтын байгууллагад албан тушаалтны нөлөөлөл үзүүлдэг байдлыг өөрчлөх хэрэгтэйг сануулж байлаа. Мөн УИХ-ын гишүүд хууль, хяналтын байгууллагыг хуулийг чандлан мөрдөж ажиллахыг онцолж байсан юм.

Чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн УИХ-ын болон ерөнхий прокурорын хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.

Харин Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт холбогдсон бүх хүнийг шалгаж байна. Заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байна. Эрхэм гишүүд хуулиа сайн бодох хэрэгтэй, хууль хэрэгжүүлж байгаа хүн рүү дайрах хэрэггүй. Тэгээд ч энэ олон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэхгүй, оролцдоггүй юм. Хэрэв Хууль зүй, дотоод хэргийн сайд нь оролцох юм бол өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй юм. Би Ц.Нямдорж сайдын даалгавраар хөдөлдөг хүн ч биш. Б.Батзориг гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудал бол та бүхний хэрэг. Гэхдээ шударга байх хэрэгтэй. Өнөөдөр энэ хүн чинь яагаад шалгуулж болдоггүй юм. Шударга ёс чинь энэ танхимаас л эхлэх ёстой биз дээ. Би эрүүгийн хэрэг, хууль тогтоомжийг л хэрэгжүүлж ажилладаг хүн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг юм л даа. Тэр Засгийн газарт чинь Хууль зүй, дотоод хэргийн сайд гээд гэмт хэргийг ерөнхий дүнгээр нь хариуцдаг хүн сууж байгаа шүү дээ. Яг тодорхой хэрэг мөрдөх ажиллагааг Прокурор хянадаг. Ерөнхий прокурор хуулинд алдаа байгаа гэж хэллээ. Энэ бас маргашгүй үнэн. Болохгүй гэж хэлсээр байхад хуулиудыг өөрчилсөн. Би УИХ дотор бослого гаргаж ч үзсэн. Сүүлд мөрдөж байгаа хуулиар хэрэг хянах, шалгах бүх эрх мэдлийг прокурорт өгсөн юм билээ. АТГ-т дэмжлэг хэрэгтэй бол цагдаагаас аваарай. Дэмжлэг үзүүлэх чадвар цагдаад бий. Гэхдээ ажиглаад байхад зарим асуудалд цагдааг оруулахаас цэрвээд байх шиг байна. Надтай нэр нь холбогдчих вий гэж айгаад байх шиг. Би аахар шаахар зүйлээс айхгүй. Би айдгаа ардаа хийчихсэн хүн. Хуулийн хайч хөдөлгөдөг нь цагдаа. Цагдааг дахиж ёс бус ажиллагаанд оролцуулахгүй. Өмнө нь айлгаж, сүрдүүлдэг байсан шүү. Цагдаад ажиллаж байгаад асуудалд холбогдсон бол хайр найргүй шалгуулж байгаа. Ямар ч өмгөөлөл байхгүй. Цагдаад хэрэг мөрдөх чадавхи, хүн хүч байна. Ерөнхий прокурор эрүүгийн хэрэгтэй тэмцдэг байдалдаа дүгнэлт хийгээд,цагдаагаас дэмжлэг авбал цагдаа дэмжихэд бэлэн шүү.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Ерөнхий прокурор эрүүгийн хуулийг шүүмжилж байна. Эрүүгийн хуулийг барьж батлуулсан гол хүн нь Ерөнхий прокурор таны орлогч Г.Эрдэнэбат байгаа. 2016 онд шинэ парламент бүрдээд тухайн үеийн Хууль зүйн сайд С.Бямбацогтын удирдлага дор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үйлийн үртэйгээрээ би Эрүүгийн хуулийн ажлын хэсгийг ахалсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль нь прокурорын байгууллага хэргийг анхнаас нь шалгаж, хянах байдлаар гартаа авч явах байсан. Энд мөрдөн байцаагч нар огт үүрэггүй, зарлага хийх үүрэгтэй байсныг би мөрдөгч нарт тодорхой үүрэг суулгаж өгсөн. Энэ хуулиар шоронжуулсан бодлогыг олон төрлийн сонгох боломжтой болгож өөрчилсөн. Шоронд 8000 орчим хүн ял эдэлдэг байсан бол шинэ Эрүүгийн хуулиар 3000 орчим хүн ял эдэлж байгаа нь энэ хуулийн үр дүн гэж бодож байна. Гэтэл одоо хорьдог байдал үргэлжилсээр байна. Зарим хүн Эрүүгийн хуулийг зориуд мушгин гуйвуулж байна.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol hun(203.91.115.56) 2018 оны 11 сарын 11

Хулгайч хулгайчаа өмөөрнө. Гишүүд өөрсдөө ч хамсаатан нь 86 хувь нь баталгаатай юм байна

0  |  0
зочин(139.5.218.209) 2018 оны 11 сарын 07

Адилхан хулгайчид.Бид ийм л луйварчидыг сонгож дээ.

0  |  0
йжух(103.11.195.34) 2018 оны 11 сарын 07

Энх-Амгалан мундаг хүн байна.

0  |  0
иргэн(202.179.24.84) 2018 оны 11 сарын 07

Батзориг гишүүнийг авч үлдэх гэж улаарч байгаа учир нь олон олон гишүүд оролцсонтой холбоотой.Сайн шалгах юм бол ганц жижиг дунд гэхгүй олон сангаас хуссан хэрэг ил болох байх шүү.Яаж ийм хүмүүс шудрага байя гэж хэлж чадаж байна аа.Прокурор ажилаа сайн хийгээрээ амжилт.

0  |  0
Оюунбат(202.21.113.66) 2018 оны 11 сарын 07

Хулгайчид бие биеээ гэхгүй бол хэн тэднийг хамгаалахав дээ

0  |  0
зочин(202.9.42.72) 2018 оны 11 сарын 07

Энэ ххаа-г гишүүн биш болгож өгвөл өөрсдөө арааас нь цувчих учир амь тээж үлдээж байнаө

0  |  0
zochin(122.201.23.83) 2018 оны 11 сарын 07

Ерөнхий прокурор Энх-Амгалан зоригтой байна. Ийм л байх ёстой

0  |  0
Иргэд(103.9.89.18) 2018 оны 11 сарын 07

Шоронгийн хулгайч УИХ гишүүн байна. Ийм сонголтыг Монголын ард түмэн хийгээгүй.Наад хулгайчаа УИХ -аас зайлуул

0  |  0
Эгэл иргэд(103.9.89.18) 2018 оны 11 сарын 07

УИХ-ын 86,8 хувь нь гэмт хэрэгтнүүд байна гэж бодож байна.

0  |  0
Top