"Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулган өнөөдөр болно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын бүтээмжийн төвөөс Адра Монгол ОУБ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол ногоо төсөл, Азийн бүтээмжийн байгууллага, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй чуулганыг угтан энэ сарын 20-22-ны өдрүүдэд “Органик бордоо” сургалт, дадлага боллоо. Тодруулбал, сургалтын эхний хоёр өдөр оролцогчдын дунд онолын мэдлэг олгох сургалт явуулж, гурав дахь өдөр нь Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол экологийн бордоо” ХХК-ийн био бордооны үйлдвэрт практик дадлага хийсэн.
Сургалтыг Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Камал Мелвани удирдан явуулсан юм. Тэрбээр өөрийн 25 жилийн мэдлэг, туршлагаа Монголын газар тариалан эрхлэгчид, хөдөө аж ахуйн малчид, фермерүүдэд хуваалцан, хөрсний чанарыг сайжруулах арга зам, шинэ технологи ашиглаж болох талаар мэдлэг, дадлагыг сургалтад оролцогчдод эзэмшүүллээ. Практик дадлагын үеэр бордооны түүхий эдийг бэлтгэн, шингэн бордоо, jeevamurtham буюу органик пестицид (шингэн эсхүл үрэл хэлбэртэй), био пестицид, фунгицид зэргийг байгальд ээлтэй, гарын дор түүхий эдээр хэрхэн бэлтгэх талаар маш дэлгэрэнгүй нэг бүрчлэн танилцуулсан юм. Тухайлбал, хивэг, жимс, ногооны хаягдал, нунтаг чулуу, ойн хөрс, модны үнс, ус, аргал, үхрийн шээс зэрэг хямд төсөр, олдоц ихтэй түүхий эд ашиглан органик бордоо үйлдвэрлэж болохыг бодитоор харуулав.
Мөн сармис, тараг, савангийн уусмал зэргийг ашиглан био пестицид хийж болох талаар хичээл орлоо. Олон улсын зөвлөх Камал Мелванийн үзэж байгаагаар байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр органик бордоо үйлдвэрлэх боломжтой бөгөөд түүнийг өрхийн түвшинд туршиж үзэн, үр шимийг мэдрэхийг хүссэн юм. Ийнхүү ургамлын гаралтай бүтээгдэхүүний өсөлт, хөгжилтөд сайнаар нөлөөлдөг бордоо, үр дүн түргэн хугацаанд гарахгүй ч экологид ээлтэй байдлаар ургамалд хөнөөлтэй хортон шавжийг устгах пестицид хийх аргад суралцсандаа сургалтад оролцогчид сэтгэл өндөр байв. Эдгээр бордоог хийх аргачлалын талаар удахгүй нийтлэх болно.
Маргааш Корпорэйт зочид буудлын Улаанбатар танхимд болох "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганы үеэр органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан, органик Монгол цахим хуудасны нээлтийн ажиллагаа, органик үйлдвэрлэлд шилжих хүнсний ногоочдын тангараг өргөх ёслол, “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн нээлт, Монголын органик хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, Монгол Улсын “Органик ХАА-н хөдөлгөөн”-ий талаар тус тус танилцуулж, органик үйлдвэрлэлд шилжиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл үг хэлнэ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 0 )