АЮУЛ: Гренландын мөс хайлах нь 350 жилийн оргилдоо хүрлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Дэлхийн хамгийн том мөсөн арал гэгдэх Гренландын мөс хайлах нь сүүлийн 350 жилийн оргилдоо хүрчээ. Тодруулбал Гренландын мөс хайлах тохиолдол аж үйлдвэржилтийн өмнөх үеэс даруй 50 хувиар, XX зуунаас 33 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн 20 жилийн дотор далайн төвшин нэмэгдсэн нь Гренландын мөс хайлалт эрчимжиж байгаатай холбоотой байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл энэ зууны төгсгөл гэхэд Гренланд арал бүрэн хайлах аюултай байгаа аж.

“Сүүлийн 350 жилийн дотор Гренландын мөс маш хурдан хайлж байгаа. Бид судалгаагаа улам эрчимжүүлж дэлхийн дулааралд олон улсын анхаарлыг хандуулах ёстой” гэж Вүүдсхолын далайн судалгааны хүрээлэнгийн шинжээч Сара Дас ярьжээ.

Гренландын мөс энэ хэвээрээ хайлсаар байвал далайн эрэг дагуу төвлөрсөн томоохон хотуудын дийлэнх нь усанд автах аюултай аж. Дэлхийн хүн амын 40-50 хувь нь далайн эрэг дагуу бүс нутагт оршдог учраас дэлхийн дулааралд анхаарал хандуулах ёстой гэж эрдэмтэд сануулж байна.

“Зөвхөн ганцхан жилд, тухайлбал 2012 онд 240 сая усан сантай тэнцэх хэмжээний мөс хайлсан” гэж Сара Дас нэмж ярьжээ.

Гренландын мөс хайлах тохиолдол 1800-аад оны дунд үе буюу аж үйлдвэржилтийн хувьсгалаас хойш нэмэгдсэн ч сүүлийн 20 жилийн хугацаанд энэ тохиолдол гурав дахин нэмэгдсэн байна. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын байгууллагаас дэлхийн өндөр хөгжилтэй улс орны удирдлагуудад нүүрс хүчлийн хийн ялгаралтыг бууруулах, уламжлалт цахилгаан станцаас татгалзахыг уриалсан билээ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top