Мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хийх ажлуудыг төлөвлөлөө

2018 оны 12 сарын 25

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тушаал гаргаж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2019 онд хийх эрсдэлд суурилсан болон зорилтот хяналт шалгалтын төлөвлөгөөнүүдийг баталлаа. Эдгээр хяналт шалгалтын ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх үүргийг Засгийн газрын 2017 оны 327 дугаар тогтоолоор баталсан “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-гөөр Хороонд даалгасан юм.

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөөг үндсэн таван чиглэлд хийхээр батлав. Үнэт цаасны чиглэлээр 42 үнэт цаасны компани, даатгалын чиглэлээр 15 даатгалын компани, 28 даатгалын зуучлагч, 10 даатгалын хохирол үнэлэгч, банк бус санхүүгийн чиглэлээр 40 ББСБ, хадгаламж, зээлийн хоршооны чиглэлээр 40 ХЗХ, үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр 60 үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад иж бүрэн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахаар боллоо. Уг  төлөвлөгөө нь 2019 оны зургадугаар сарыг дуустал хэрэгжинэ.

Харин зорилтот хяналт шалгалтын төлөвлөгөөнд цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлдэг нийт 23 ББСБ-ыг хамруулахаар төлөвлөөд байна. Энэхүү зорилтот хяналт шалгалтын үйл ажиллагааг Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран 2019 оны хоёрдугаар улиралд багтаан явуулна гэж СЗХ-ноос мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top