Энэ онд жоншны таван төсөл хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр 2019 онд ашиглалтад орох ТЭЗҮ нь батлагдсан жоншны таван төсөл байгаа аж. Эдгээрээс  хоёр нь Дорноговь, бусад нь Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймагт байрлалтай юм байна.

 

ТЭЗҮ нь батлагдсан төслүүдээс хамгийн том нь Сүхбаатар аймгийн нутагт байрлах Баян-Өргөн орд бөгөөд нийт хөрөнгө оруулалтын зардал 8.3 тэрбум төгрөг байхаар ТЭЗҮ-д тусгажээ. Монгол улсын хувьд жоншны ордуудыг ашиглахад дэд бүтцийн асуудал хамгийн их асуудал дагуулдаг бөгөөд одоогоос гурван жилийн өмнө Өмнөговь аймагт байрлах сая гаруй тонн жоншны нөөцтэй Мандал-Овоо хайлуур жоншны ордын ТЭЗҮ батлагдсан ч одоог болтол ашиглалтад ороогүй байна.

 

Жоншны экспорт өнгөрсөн онд 555.2 мянган тоннд хүрч 2017 оныхоос 1.7 дахин нэмэгдсэн байна. Монгол Улсын хувьд голлох зах зээл нь ОХУ, БНХАУ байгаа юм. Хөрөнгө оруулагчид жоншны салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй ч дэд бүтэц болон хууль эрх зүйн орчин дутмаг гэх шалтгаанаар хөрөнгө оруулалтын хувь хэмжээ бага байсаар өдийг хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top