Индонезид 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт давтагдлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

Индонезийн Сумбава арлын орчим орон нутгийн цагаар 23.59 цагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт нь Зүүн Нуса-Тэнгара мужид арлаас 76 км зайд, 31 км гүнд бүртгэгдсэн байна. Хэдхэн цагийн дараа буюу орон нутгийн цагаар 05.10 цагт мөн Сумбава арлын орчим 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин бүртгэгдсэн байна. Голомт нь тус арлаас 85 км зайд буюу Зүүн Нуса-Тэнгара мужид 27 км гүнд бүртгэгджээ. 

 

Одоогийн байдлаар гамшгийн улмаас цунами үүсэх сэрэмжлүүлэг гаргаагүй байгаа ба учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна.

 

Индонез улс Номхон далайн галт тойрог гэх хүчтэй тектоник хугарлын бүсэд хамаардаг. Дэлхийн бөмбөрцгийн энэ хэсэгт жилд 7 см-ын хурдтай нүүдэг, хамгийн идэвхтэй тектоникийн хавтангууд байрладаг аж. Энэ бүсэд дөрвөөс дээш магнитудын хүчтэй 6-7 мянган газар хөдлөлт жилд бүртгэгддэг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top