Хойд туйлын хүйтэн агаар АНУ-ын төв, хойд хэсгийг нөмөрч, хүйтэрсний улмаас сургуулиуд үүдээ барьж, олон зуун нислэг цуцлагджээ. Эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн байна. Ямар ч цаг агаараас үл хамааран захидал хүргэнэ гэх уриатай АНУ-ын шуудангийн үйлчилгээ Айова мужид хүргэлтийн үйлчилгээгээ зогсоожээ.
АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээллээс үзвэл, өнөөдөр /2019.01.30/ агаарын температур -23 - -40 градус хүйтэн байна. Чикаго хотод – 27 градус хүйтэрч, хүйтэн салхины нөлөөгөөр -40, -50 градусын хүйтэн мэдрэгдэх тул 160 орчим дулаацуулах төвийг нээжээ. Миннеаполис хотын удирдлагууд оршин суугчиддаа нийтийн автобус, галт тэргэнд дулаацах боломжийг олгожээ. АНУ-ын нийслэл Вашингтон хотод онц байдал зарлаж, орон гэргүй хүмүүст нэмэлт үйлчилгээ үзүүлж байна.
Атланта хотод 300 орчим нислэг, Чикагод 400 гаруй нислэгийг цуцалжээ.
Эрдэмтэд цаг агаарын энэ үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )