ЦУВРАЛ V: “Асгат”-ын араас цухуйх “Гацуурт” тийш нэг өнгийгөөч!

2019 оны 02 сарын 21

Ашигт малтмалын орд газруудад төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх ОПЕРАЦИ стратегийн гэх тодотголтой Асгатын мөнгөний орд болон стратегийн бус  Салхит, “Цагаан эрэг”-ийн ордуудад хэрэгжиж эхлээд байгаа. Тэгвэл УИХ-ын  2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болсон Гацууртын ордтой холбоотой сэдэв төрийн нүд, чихний хаагуур өнгөрөөд байна вэ гэдэг асуудал анхаарал татсан хэвээрээ байна.

 

Канадын  Торонтод төвтэй “Сентерра Гоулд” компанийн зүгээс 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр гаргасан хэвлэлийн мэдэгдэлдээ охин компани болох  “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүдээ  Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE  компанид 35 сая ам.доллараар худалдсан тухайгаа мэдээлсэн байдаг.

 

Уул уурхайн салбарт компаниуд хооронд хэдэн арван сая ам.доллараар хэмжигдэх хэлцлүүд хийгдэж,  эрх мэдлээ солих асуудал энгийн үзэгдэл боловч, Гацуурт төслийн хувьд төрд данстай стратегийн ордуудын нэгээс гадна төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь 34 хувь байна гэсэн  УИХ-ын тогтоол хүртэл батлагдсан байдаг тул анхаарлын гадаа үлдэх боломжгүй.  Гэвч УУХҮЯ, АМГТГ, "Эрдэнэс Монгол" компани зэрэг  засгийн холбогдох байгууллагууд Гацуурт ордыг наймаалцсантай зэрэгцэн яригдах ёстой төрийн хувь хэмжээ, эрх мэдлийн талаар дуугарахаас татгалзаж байгаа юм. Хоёрхон сарын өмнө байгуулагдсан OZD ASIA PTE  гэх компанид төр 34 хувиа таг дуугүй тавиад туучихаж байгаа мэт харагдах уг наймааны цаана нэгээс илүү бүлэглэлийн эрх ашиг хамтдаа нуугдаж байна уу гэх хардлага ч өнгөрсөн саруудад дагалаа. Лицензийн маргаан бүрэн эцэслэгдтэл Гацууртыг ухах эрх хэнд ч байхгүй гэж нэр бүхий өмгөөлөгчид хэлж ярьдаг ч, маргааны дундуур хийгдсэн наймааг хэрэгсэхгүй байж болох уу гэдэг асуулт яах аргагүй тавигдана.

 

Гацууртын орд яагаад төрд ХАМААТАЙ ВЭ?

 

  • Улсын Их Хурлын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Гацуурт ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан;
  •  УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Гацуурт ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосон; шийдвэрүүд тус тус гарсан байдаг учраас уг ордтой холбоотой асуудал төрд хамаатай юм.

“Ноён уулаа аваръя” гэж ярьдаг иргэний хөдөлгөөний нөхдүүд 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр гарсан мэдэгдэлтэй холбоотойгоор ҮГ УНАГАСАН. Гэхдээ дуу шуу нь илтэд цөөрснийг хэлэх хэрэгтэй.

 

Гацуурт төслийн эзэн солигдсон асуудалтай холбоотойгоор  өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байх үед буюу Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 61.1 д заасан Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай  шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байх үед энэ компанийн хувьцааг бусдад худалдан борлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д Стратегийн орд газрын 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдан борлуулах тухай заасан байдаг. Тэгвэл “Сентеррагоулд Монголия” компани үнэхээр л төслөө зарж борлуулж байгаа юм бол яагаад 10 хувиа ард түмэнд худалдахгүй байгаа юм бэ. Орд газрыг эзэмших эрх нь түдгэлзчихсэн байгаа үед яагаад зарж байгаа юм бэ? Энэ нь Эрүүгийн хуулийн 17.3-ын 3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Тиймээс энэ үндэслэлээр бид гомдол гаргахаар зэхэж байна... Татварын ерөнхий газарт /ТЕГ/  Эрдэс баялгийн нөөцийн хэлтэс гэж байдаг. Татварын ерөнхий хуулийн 8.1-т ашигт малтмалын баялгийг зарж борлуулсны 30 хувийн татварыг авах эрхтэйг хуульчилсан байдаг.  Гэтэл энэ яригдаж буй 35 сая ам.долларын наймааг  ТЕГ мэдээгүй байж байна. 35 сая ам.доллараар зарсан гэж үзэж буй бол тухайн худалдан борлуулсан этгээд 10 сая 500 мянган ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй.  Худалдан авсан этгээд,  худалдсан этгээдийн үнийн дүнгээс 30 хувийг суутган авч харьяа дүүргийн татварын албанд суутганаа гэсэн хуулийн зохицуулалтыг дагах ёстой. Гэтэл эдгээр процесс болоогүй байгаа нь худалдан авах ажиллагаа нь  чухам ямар учиртай зүйл болсон юм бэ. Ер нь болсон уу, болоогүй юм уу. Хуульд нийцсэн үү,  үгүй юу гэдэг олон эргэлзээтэй асуудал дагаж байна” гэж байсан.

 

“Сентеррагоулд Монголия” нь Гацуурт төслийн хайгуулын ажилд 130-аад тэрбум төгрөг зарцуулсан гэж мэдээлдэг. Харин компанийн мэдэгдлээс үзэхэд  90 орчим тэрбум төгрөгөөр төслүүдээ зарсан байгаа юм.

 

Эхэнд өгүүлсэнчлэн төрөөс ашигт малтмалын ордуудад эрх мэдлээ хэрэгжүүлж болдог юм байна, чаддаг юм байна гэж харагдаж буй энэ үед Гацуурт ордтой холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудын байр суурь  чухал. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар энэ талаар мэдээлэлтэй байх ёстой хүмүүс боловч, тоймтой зүйл ярихаас татгалзсан.

 

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх хийгээд үүрэгтэй  “Эрдэнэс Монгол” ХХК-аас Гацуурт ордын  34 хувийн эзэн ТӨР  хоёр компанийн хооронд хийгдсэн наймаатай холбоотой асуудлаар мэдээлэлтэй байгаа эсэхийг, мэдээлэлтэй байлаа гэхэд ямар оролцоотой байх вэ гэдгийг тодруулахад:

 

 “Гацуурт”-ын 34 хувийг төр эзэмших тухай УИХ-ын тогтоол гарсны дараа тухайн үеийн Засгийн газрын тогтоол гарч, тэр нь “Эрдэнэс Монгол”  ХХК-д очих  ёстой ч,  шийдвэр манайд ирээгүй байдаг” гэсэн тайлбарыг өгсөн. Тэгэхээр хууль тогтоох байгууллагаас жил дарааллан гарсан хоёрын хоёр тогтоол Гацуурт төслийн хувьд зүгээр л цаас болж хувирсан уу гэдэг асуудал дагаж яригдахаас өөр аргагүй болж байгаа юм.

 

Хэдэн арван жилийн өмнөх биш 3-4 жилийн өмнө гарсан шийдвэрүүдийг өнөөдөр албаны нөхдүүд мэдээгүй, сонсоогүй царайлж, ХЭРЭГСЭХГҮЙ байгаа нь яг ямар учиртай вэ? Уг нь "Сентеррагоулд Монголия" ХХК-ийн зүгээс 2018 оны  зургадугаар  сарын 11-ний өдөр гаргасан мэдэгдлээрээ Гацууртын орд Стратегийн орд гэдгийг, 34 хувийн эзэн нь Монгол Улсын төр гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм билээ. Гэтэл юм юм руу үсчих дуртай ТӨР энэ удаа яагаад хойш суух болов?  Засгийн газраас тогтоол үйлдэж “Эрдэнэс Монгол” руу  илгээгээгүй гэдэг үндэслэл нь Гацууртыг төрд хамаагүй гэж үзэх бүрэн дүүрэн үндэслэл мөн үү?  гэхчлэн асуудлууд анхаарал татаж байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.43.23) 2019 оны 02 сарын 23

СҮ.БАТБОЛДЫН БҮЛЭГЛЭЛ УИХ-Д БАЙГАА ЦАГТ ЮУ Ч ХИЙХ БОЛОМЖГҮЙ.

0  |  0
Top