ЦУВРАЛ VI: “Гацуурт”-ын ордыг эзэмшигчид ДАВЖ ЗААЛДАХ УУ?

2019 оны 03 сарын 26

Канадын Торонтод төвтэй “Сентерра Гоулд” өөрийн охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүдээ Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE  компанид 35 сая ам.доллараар худалдсан тухайгаа 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн. УИХ-аас  2015, 2016  онуудад  батлагдсан  бүхэл бүтэн хоёр тогтоолын дагуу 34 хувь нь төрд хамаатай байх учиртай Гацууртын алтны орд уг хэлцэл наймаагаар зарагдсан байтал Монголын төр огтоос ач холбогдол өгөлгүй өнөөдрийг хүрч байгаа билээ.  “Бороо гоулд” компанийн лицензийн маргаан шүүхээр бүрэн эцэслэгдтэл Гацууртыг ухах эрх хэнд ч байхгүй гэж нэр бүхий өмгөөлөгчид хэлж ярьдаг ч маргааны дундуур хийгдсэн наймааг хэрэгсэхгүй байж болох уу гэдэг асуулт яах аргагүй тавигдана.

Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасан шийдвэрийг гаргалаа. Тодруулбал,  “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлийг хэлэлцээд шийдвэрийг тус төрийн бус байгууллагын талд  гаргачихлаа. Өмнө нь 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр 43 дахь удаагийн шүүх хурлаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий зүгээс гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байсан удаатай. Тэгвэл сүүлийн буюу хоёр дахь ялалтын үетэй давхцаж буй нөхцөл байдал өмнөхөөс их өөр байгааг анхаарч харах ёстой юм. Учир нь “Сентеррагоулд Монголия” ХХК өөрийн эзэмшилд байсан лицензүүдээ өөрийн дур зоргоор худалдаж, борлуулчихсан байж байна. Тус компанийн тухайд шүүхийн тогтоол хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхээ эдлэх боломж хуулийн хүрээнд бий.
 

 

Гэхдээ “Сентерра Гоулд” нэгэнтээ Монгол дахь бизнесээ орхиж гарлаа гэж албан ёсны мэдээллээ гаргачихсан. Тэгсэн мөртлөө  лицензүүд биднийх гэж давж заалдах нь хэр зохимжтой вэ? гэдэг асуулт яах аргагүй анхаарал татаж байна. Мөн  “Сентеррагоулд Монголия” ХХК-иас Монгол дахь бүх төслүүдийг нь худалдаж авсан Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE  компани “лиценз манайх” гэж давж заалдах боломж хуулийн хүрээнд бий юу гэдэг асуулт зайлшгүй тавигдаж таарна. Уул уурхайн салбарт компаниуд хооронд хэдэн арван сая ам.доллараар хэмжигдэх хэлцлүүд хийгдэж,  эрх мэдлээ солих асуудал энгийн үзэгдэл боловч Гацуурт төслийн хувьд төрд данстай стратегийн ордуудын нэгээс гадна төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь 34 хувь байна гэсэн  УИХ-ын тогтоол хүртэл батлагдсан байдаг тул төр хамаарахаас өөр аргагүй. Гэвч УУХҮЯ, АМГТГ, "Эрдэнэс Монгол" компани зэрэг  засгийн холбогдох байгууллагууд Гацуурт ордыг наймаалцсантай зэрэгцэн яригдах ёстой төрийн хувь хэмжээ, эрх мэдлийн талаар дуугарахаас татгалзаад тав дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна.

“Гацуур”-т төслийн эзэн солигдсонтой холбоотойгоор өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байх үед буюу Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 61.1 д заасан Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай  шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байх үед энэ компанийн хувьцааг бусдад худалдан борлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д Стратегийн орд газрын 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдан борлуулах тухай заасан байдаг. Тэгвэл “Сентеррагоулд Монголия” компани үнэхээр л төслөө зарж борлуулж байгаа юм бол яагаад 10 хувиа ард түмэнд худалдахгүй байгаа юм бэ. Орд газрыг эзэмших эрх нь түдгэлзчихсэн байгаа үед яагаад зарж байгаа юм бэ? Энэ нь Эрүүгийн хуулийн 17.3-ын 3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Тиймээс энэ үндэслэлээр бид гомдол гаргахаар зэхэж байна... Татварын ерөнхий газарт /ТЕГ/  Эрдэс баялгийн нөөцийн хэлтэс гэж байдаг. Татварын ерөнхий хуулийн 8.1-т ашигт малтмалын баялгийг зарж борлуулсны 30 хувийн татварыг авах эрхтэйг хуульчилсан байдаг. Гэтэл энэ яригдаж буй 35 сая ам.долларын наймааг ТЕГ мэдээгүй байж байна. 35 сая ам.доллараар зарсан гэж үзэж буй бол тухайн худалдан борлуулсан этгээд 10 сая 500 мянган ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Худалдан авсан этгээд, худалдсан этгээдийн үнийн дүнгээс 30 хувийг суутган авч харьяа дүүргийн татварын албанд суутгана гэсэн хуулийн зохицуулалтыг дагах ёстой. Гэтэл эдгээр процесс болоогүй байгаа нь худалдан авах ажиллагаа нь  чухам ямар учиртай зүйл болсон юм бэ. Ер нь болсон уу, болоогүй юм уу. Хуульд нийцсэн үү,  үгүй юу гэдэг олон эргэлзээтэй асуудал дагаж байна” гэж байгаа юм.

Үүсээд буй нөхцөл байдал, хуулийн зохицуулалт зэргээс үзэхэд  “Сентеррагоулд Монголия” компани  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдлаа гэхэд өөрөө асуудалд унахаар дүр зураг харагдаж байна. Нөгөө талаас төр засгийн холбогдох байгууллагууд Монголын Засгийн газар “Гацуурт”-ын ордын 34 хувийг эзэмшигч мөн эсэхийг эргэн санахыг хичээх шаардлага үүслээ.

“Гацуурт”-ын 34 хувийг төр эзэмших тухай УИХ-ын 14 дүгээр  тогтоол 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр гарсны дараа тухайн үед Ч.Сайханбилэгийн удирдаж асан Засгийн газрын тогтоол гарч,  “Эрдэнэс Монгол”  ХХК-д очих  ёстой байж. Гэвч засгаас тогтоол ирээгүй тухай “Эрдэнэс Монгол”-ын зүгээс мэдэгддэг. Санаандгүй гэхэд үл итгэм нөхцөл байдал дор Гацуурт ордтой холбоотой үйл явцууд өрнөжээ. Хууль тогтоох дээд байгууллагын тогтоолыг дагаж гарах ёстой засгийн тогтоолыг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй “Эрдэнэс Монгол”-д хүргэхгүй байх зохицуулалт бодлогын дагуу хийгдсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох үндэслэл биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр Гацуурт ордтой холбоотой асуудлаар амаа үдүүлчихсэн мэт байгаа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны нөхдүүд 3-4 жилийн өмнө гарсан тогтоолуудыг эргэн сөхөж харахын сацуу хэдхэн хоногийн өмнө гарсан шүүхийн шийдвэрийг харж, ажиллах шаардлагатай болж байна. Ашигт малтмалын орд газруудад төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх ОПЕРАЦИ стратегийн гэх тодотголтой Асгатын мөнгөний орд болон стратегийн бус  Салхит, “Цагаан эрэг”-ийн ордуудад хэрэгжиж эхлээд буй. Тэгвэл 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байгаа, цаашлаад Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг  Гацууртын ордыг сэхээрч санах нөхцөл хуулийн дагуу үүсчихээд байна.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос уншина уу!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.4.248.86) 2019 оны 03 сарын 26

Гачууртын ордыг ашиглах лиценз гэж бичих нь зүйтэй. Орд бол угаасаа ард түмний өмч. Ордыг хувь хүн эсвэл компани эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй.

0  |  0
Top