Энэ оны эхний нэг сарын байдлаар Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан таван удаагийн үйлдлийг илрүүлжээ.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээг зохион байгуулж, АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерланд улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис захиалан, олон улсын шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан таван үйлдлийг тогтоож, таслан зогсоосон байна.
Тухайлбал, Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс гурван ширхэг ЛСД гэх нэршилтэй химийн гаралтай хар тамхи, Хашиш 20 гр, сэтгэц нөлөөт эм экстази таван ширхэгийг илрүүлж, харьяаллын дагуу шалгах байгууллагад шилжүүлсэн байна. Мөн өнгөрөгч сарын 26-ны өдөр Малайз улсаас ирсэн ургамалын үрийг шинжилж үзэхэд хар тамхины агууламж илэрсэн бөгөөд уг үр нь хар тамхины төрлийн ургамлын үр байжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт 5-8 жилийн хорих ял мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд мөн 2-8 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Зөрчил, гэмт хэрэгт ихэвчлэн 20-30 насны хүмүүс холбогдож байгаа тул эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэд, залууст тавих хараа хяналтаа сайжруулж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон үерхэж нөхөрлөж буй найз нөхдийг нь судалж мэдэх, хар тамхины хэрэглэгч, захиалагч, худалдан авагч болохоос сэрэмжлүүлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )