Австрийн Зефельдэд болж байгаа цанын ДАШТ сэргээшийн дуулианд дарагдлаа. Австри, Германы цагдаа нарын энэ сарын 27-нд явуулсан нууц ажиллагааны үр дүнд сэргээшийн нууц лаборатори тэмцээний үеэр ажиллаж байсан нь илрэн гарлаа. Цагдаа нар нийт 10 хүн баривчилсны дотор ДАШТ-д оролцож байгаа гүйлтийн цанын 5 тамирчин байна.
Алексей Полторанин (Казахстан), Андреас Веерпалу, Карел Таммъярв (Эстони), Доминик Балдауф, Макс Хауке (Австри) нар энэ удаагийн гэмт хэрэгтнүүд. Хаукег зочид буудлын өрөөнд цусан сэргээш хэрэглэж байхад нь баримттай баривчилж, бичлэгийг нь нийтэд цацсан байна.
Балдауф, Хауке, Полторанин нар хэргээ тэр дор нь хүлээсэн ч эстоничууд хэсэг гүрийсэн. Гэхдээ эд мөрийн баримттай тулгараад хэргээ хүлээхээс өөр аргагүй болжээ.
Цусан сэргээшийн хэргийн гол этгээд нь Германы эмч Марк Шмидт. Өрхийн эмчээр ажлын гараагаа эхлүүлж байсан тэрбээр спортын анагаах ухаанд илүү их мөнгө олно гэдгээ ухааржээ. 2008 оны "Тур де Франс” уралдааны хүрэл медальт, Австрийн дугуйчин Бернард Кольтой холбоотой хэргээр анх цагдаа нарын хараанд өртөж байжээ. Коль цусан сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, Марк Шмидт цус бэлтгэдэг байсан талаар ярьсан ч Марк сайн өмгөөлөгч нарын ачаар ял шийтгэлгүй мултарч чадсан юм. Гэхдээ цагдаа нар түүнийг орхисонгүй, мөрдсөөр байжээ. Германы Эрфурт дахь түүний нууц лабораториас цустай савнууд, сэргээш тарих тоног төхөөрөмж олдсон байна. Цагдаагийн газраас хэргийг мөрдөн шалгасаар байгаа тул баривчлагдах хүмүүсийн тоо нэмэгдэх шинжтэй байна.
Шмидт Австрийн шигшээ багийн байрласан зочид буудлын дэргэдэх Үсчний байранд байрласан байжээ. Австрид сэргээшийн хэрэгт холбогдсон этгээдэд 3 хүртэлх жилийн хорих ял оноодог тул тэднийг хатуу шийтгэл хүлээж байгаа нь тодорхой.
Сэтгэгдэл ( 0 )