Харааны бэрхшээлтэй иргэдийн хийсэн ЭКО ТОРЫГ 400 ТӨГРӨГӨӨР аваарай

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, гялгар /нийлэг/ уутыг  ахуйн зориулалтаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж, орчныг бохирдуулах төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байна.

Эко төлбөрийн тухай хуулийн төсөл боловсруулах, химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг чиглэлийг өгсний дагуу Засгийн газраас 189 дүгээр тогтоол баталсан.  Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар Засгийн газраас баталсан 189 дүгээр тогтоолд 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг энэ гуравдугаар сарын 1-нээс хориглож эхэлсэн.

Хэрэглэгч та бүхэнд гялгар уутнаас татгалзаж, даавуун тор хэрэглэхийг зөвлөхийн сацуу сонголтод тань Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалт үйлдвэрлэлийн төвийн ажилчдын хийж буй эко торыг санал болгоё.

Тэд даавуун тор болон бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэдэг ба хүчин чадлаа нэмэгдүүлснээр 200 хүнийг ажлын байраар хангах боломжтой болжээ. Одоогоор тус төв нь 100-аад ажилчинтай, 70 орчим нь хараагүй иргэд байдаг. Харин Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх оёдлын цех нь таван оёдолчинтой. Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой. Гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээл тэлэхээр захиалга нэмэгдэх боломжтой. Нийтдээ 7-8 төрлийн уут үйлдвэрлэдэг. Даавуун торнууд зах зээлд 400-800 төгрөгийн хооронд зарагддаг байна.

Та нийлэг уутнаас татгалзаж, байгальд ээлтэй, эдэлгээ удаан даавуун торыг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвөөс хамгийн багадаа 400 төгрөгөөр худалдан авах боломжтой юм. Уутыг зөвхөн үйлдвэр дээрээс авах боломжтой.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 19-р хороолол, Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв.

Холбоо барих: 70120060

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top