Казахстаны Биеийн тамир, спортын газартай санамж бичиг байгууллаа

2019 оны 03 сарын 06

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц энэ оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Астана хотноо ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиевтай уулзалт хийж, хоёр орны биеийн тамир, спортын хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц түүхийн нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий хоёр орны биеийн тамир, спортын газрын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлээд спортын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлов. Мөн тэрбээр Казахстан Улсын тамирчид өвлийн спортын төрлөөр амжилт гаргаж байгаа талаар дурьдаж, тус улсад өвлийн спортын төрлөөр хоёр орны баг тамирчдыг хамтарсан бэлтгэл сургуулилт хийх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж, Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга С.Сапиевыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан юм.

Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиев Монголын тамирчид тив дэлхийд өндөр чансаатай, тухайлбал жудо, бокс, буудлагын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх, дасгалжуулагч хамтран бэлтгэх саналтай байгаагаа илэрхийлж, тэрбээр саяхан Монголын Үндэсний Олимпийн хорооны одонгоор шагнагдсандаа баяртай байгаа талаараа дурдав. Уулзалтын дараа Монгол, Казахстаны Биеийн тамир, спортын газар хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top