Японы архитектор Арата Исозаки архитектурын салбарын Нобелийн шагнал гэгддэг Прицкерийн шагнал хүртжээ.
87 настай архитекторын амьдралынхаа туршид бүтээсэн зуу гаруй дэлхийг цуурайтуулсан бүтээлийн дотор 1992 Барселоны Олимпд зориулан босгосон Палау Сант Жорди спорт комплекс, АНУ-ын Лос Анжелес хот дахь Орчин цагийн урлагийн музей томоохон байр суурь эзэлдэг.
Исозаки нь Прицкерийн шагналыг хүртэж буй 46 дахь, Японы найм дахь архитектор юм. Шагналыг хүрэл медаль, нэг зуун мянган ам.доллар дагалддаг бөгөөд Парис хотноо ирэх тавдугаар сард гардуулах гэнэ.
Исозаки нь барууны стиль, нөлөөг өөрийн бүтээлдээ тусгасан Японы анхны архитекторуудын нэг бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг баруунд сурч, аялж өнгөрүүлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны аймшигт түүхийн гэрч болсон Хирошима хотоос холгүй орших Отаи хотод өссөн түүнд Америк соёл том нөлөө үзүүлжээ.
Авъяаслаг архитекторын бүтээлүүд дэлхийн дөрвөн тивд байдаг. 1987 онд Прицкерийн шагнал авч байсан түүний багш, модернист архитектор Кензо Тангегийн философи дээр үндэслэн Исозаки бүтээлээ туурвидаг. Түүний бүтээлүүдийн онцлог нь нэг загварт баригдаагүй, өөр хоорондоо тэс өөр байдагт оршдог. “Би нэг ижил зүйл бус, өөр өөр зүйлсийг бүтээхийг хүсдэг” гэж Исозаки 2017 онд өгсөн нэгэн ярилцлагадаа онцолж байв.
1990 онд баригдаж дууссан Палау Сант Жорди ордон Барселон хотыг тольдсон Монтжуик уулын оргилтой уусч, уулын нэг хэсэг мэт харагддаг нь түүний бүтээлийн гол онцлогийг илтгэдэг. 1974 онд баригдсан Китакюшю хотын урлагийн музей болон архитекторын эклектизм буюу хутгамал үзлийг илтгэсэн Камиока хотын захиргааны байр нь Япон улсад ихээхэн алдартай бүтээл нь юм. Эхний барилга тэр чигээрээ шулуун зураас, хурц өнцөг байдаг бол Камиока хотын захиргааны байр гоёмсог дугуй хэлбэртэй. Исозаки мөн Японы “ма” үзэл буюу хоёр объектыг тусгаарлаж буй орон зайн мэдрэмжийг үнэнчээр дагадаг.
2018 оны Прицкерийн шагналыг Энэтхэгийн архитектор, 90 настай Балкришна Поши хүртэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )