З.Батлхагва: Шилэн фассадыг буруу хийвэл эдийн засгийн асар их хохиролтой

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

Барилгын салбар хөгжихийн хэрээр шилэн болон металл хавтантай хийцлэлийн барилга олноор сүндэрлэх болжээ. Гэвч чанар стандартын шаардлага хангаагүй материал, чадварлаг ажиллах хүчний хомсдолоос үүдэн барилга захиалагчид эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол их байдаг аж. Энэ талаар “Тулга-Инженеринг” ХХК-ийн Ерөнхий захирал З.Батлхагватай ярилцлаа.


-Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Би Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй. Манай компани 2014 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа гадаад болон дотоод барилгын материалын худалдаа, засал чимэглэл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэр дундаа шилэн фассад, вакум цонхны чиглэлээр түлхүү ажилладаг.

-Сүүлийн үед шилэн болон металл хавтантай хийцлэлийн барилгууд их баригдаж байна? Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Цаг үеэ дагаад барилгын хийц чанар өөрчлөгддөг. Энэ бол барилгын хөгжил дэвшил мөн. Гэвч үүнийгээ дагаад мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаагаас шалтгаалан чанаргүй хийцлэл хийгдэж иргэд захиалагч нар эд материалын хохирол их амсдаг. Үргүй зардал их гардаг.

-Та мэргэжлийн хүний хувьд энгийн хүмүүст ойлгогдохоор дэлгэрэнгүй тайлбарлаад өгөхгүй юу?

-Үүнийг ярихад эхлээд хөгжлийн явцыг нь ярих хэрэгтэй болов уу. Монгол Улс анх 2000 оны эхээр ХБНГУ-аас вакум цонх, шилэн фассадны материалыг оруулж ирэн үйлдвэрлэж угсарч эхэлсэн. Энэ нь ч маш зөв алхам болсон. Нэгдүгээрт, ХБНГУ эрс тэс уур амьсгалтай болохоор үүнээс улбаалж вакум цонх, хаалга, фассадны зохион бүтээгч, хөгжүүлэгч улс болохоос аргагүй шаардлага байсан. Хоёрдугаарт, тэд чанар стандартаар дэлхийд тэргүүлэгч орны нэг. Гуравдугаарт, материал захиалагч нартаа үйлдвэрийн байр ,тоног төхөөрөмж, эдийн засгийн бололцоонд тодорхой стандарт тогтоож, шаардлага тавьж эргэх холбоотой хамтран ажилладаг. Мөн хамгийн чухал нь шаардлагатай сургалтад хамруулдаг. Энэ бүхний үр дүнд чанартай цонх, хаалга, шилэн фассад үйлдвэрлэгдэн гардаг. Харамсалтай нь манай зах зээлд их өндөр үнэтэй борлуулагддагаас болоод БНХАУ-аас материал оруулж ирэх нь ихэссэн. Энэ нь мэдээж чанар стандартын шаардлага хангахгүй, мэргэжлийн бус, хяналтгүй гээд сул тал ихтэй.

-Чанаргүй бүтээгдэхүүнтэй холбоотой ямар асуудлууд үүсдэг вэ?

-Хүн бүр үнэтэй цонх, хаалга хийлгээд байж чадахгүй. Бид зах зээлийн чөлөөт эдийн засагтай орон шүү дээ. Хятад улсынх ч гэлээ сайн материал зөндөө л байгаа. Гэхдээ монголчууд голын эх нь булингартай бол адаг нь булингартай гэж ярьдаг.

Тиймээс гааль, мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагууд улсын хилээр стандарт шаардлага хангасан материалыг нэвтрүүлж байх ёстой. Хоёрдугаарт, иргэн аж ахуйн нэгжүүд тухайн ажил гүйцэтгүүлэх байгууллагынхаа ажлын туршлага, хийсэн бүтээлтэй нь, хийх материалтай нь танилцаж үзээд сонголтоо хийдэг байгаасай.

Шилэн фассад бол 24 мм зузаантай маш нимгэн хана байдаг. Зөв хийж чадвал дулаан алдагдал маш бага, эрчим хүчинд хэмнэлттэй, арчиж цэвэрлэхэд хялбар, өнгө үзэмж сайтай гээд олон давуу тал бий. Буруу хийвэл эдийн засгийн асар их хохирол амсаж хөрөнгө мөнгөөрөө үр ашиггүй зарцуулалт хийнэ гэсэн үг. Жишээ нь, та хоёр барилга халаах зардлаар нэг барилга халаагаад яваад байна гэсэн үг.

-Метал хийцийн тухайд?

-Металл хийц нь өөрөө маш нимгэн. 4мм зузаан, 5мм зузаан, ялтасны зузаан их, бага, галд тэсвэртэй, тэсвэргүй гээд маш олон янз бий. Бас л стандарт шүү дээ. Стандарт хангаагүй бол зуны халуун, өвлийн хүйтнийг тэсэлгүй хэлбэр дүрсээ алдаж гандана гээд сөрөг үр дагавар их.

-Энэ төрлийн барилгын чанарыг шалгах, үнэлэх процесс манайд хэр хийгддэг бол?

-Манай Тулга-Инженеринг ХХК шилэн болон метал хийцлэлийн олон барилга улсын комисст хүлээлгэн өгч байсан. Улсын комисс гэдэг нь тухайн объектыг Монгол Улсын чанар стандарт норматив дүрэмд баригдсан эсэхийг хянан шалгах үүрэгтэй хүмүүс. Гэхдээ энэ хүмүүс дотор тусгайлан шилэн фассад бүхий барилгыг хүлээн авдаг томилогдсон нэг ч мэргэжилтэн байдаггүй юм билээ. Би улсын комиссыг чадвар муутай гэх гээгүй юм шүү. Харин барилгын дулаан алдагдал хэмждэг мэргэжилтний орон зай дутмаг санагдсан. Уг нь улсын комисс чанартай барилга хүлээж аваад байвал бусад хүмүүс мөнгөөрөө хохирохгүй шүү дээ.

-Танай компани хаана, ямар барилгууд барьж байсан бэ?

-2017онд Чингэлтэй дүүргийн 23-р сургууль болон Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд шилэн дээвэртэй, шилэн болон метал хавтан хосолсон долоон давхар барилга, 2021 онд “Мишээл экспо” төвийн баруун талд хашааны гадна талд метал хавтан болон шилэн хийцлэлтэй барилга гэх мэт жижиг, том барилгууд цөөнгүй бий. “Novotel hotel”, “Corpоrate convention center”, “UB palace”, Шинэ яармаг, Мөсөн өргөө, “Их улс” зочид буудал, “Тумбааш” дэлгүүр, Дорнод аймаг ЗДТГ-ын ордон, “Авто хаб” төвийн офиссын барилга гэх мэт барилгууд бий.

-Та бүхэнд арвин туршлага байгаа юм байна. Эцэст нь та энэ төрлийн барилга захиалах гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Материалын судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Улсын үйлдвэрийн чанарын сертификаттай эсэхийг шалгаарай. Хийцлэл талдаа онцгой анхааруулж хэлэхэд хар төмрөөр рам зангидаж хийхгүй байвал сайн. Металл хийцлэлд өөрийн гэсэн хөнгөн цагаан систем бий. Тэдгээрийг сонгож захиалах хэрэгтэй. Энэ нь галд шатахгүй, хөнгөн, температурын нөлөөнөөс агшиж сунах нь бага гэх мэт олон давуу талтай. Ер нь техник технологи хөгжиж байна гэдэг нь хуучныг халж шинийг сэтгэдэг биз дээ.  Түүнтэй ижилхэн шинэ юм хуучнаасаа илүү л байж таарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top