Барилгын салбарын хамгийн нөлөө бүхий арга хэмжээ болох “Barilga Expo” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 38 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр /2025.09.12/ албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд BARILGA EXPO олон улсын барилгын үзэсгэлэн яармагийн үүсгэн байгуулагч, Барилга МН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Батсүх, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, Сэлбэ хорин минутын хот корпорац ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатар, Хүннү хотын захирагчийн ажлын алба- Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Ногоон хөгжлийн бодлогыг дэмжих, байгальд ээлтэй ухаалаг шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэхэд барилгын салбарын оролцоо чухал гэдгийг онцолж, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Барилга МН нь үзэсгэлэн яармагаа “Build smart …” уриа дор зохион байгуулж байна. Уг уриа нь зөвхөн технологийн дэвшлийг бус, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг шингээсэн бөгөөд салбарынхандаа эерэг өөрчлөлтийн манлайлал болохыг уриалж буй юм.
38 дахь удаагийн “Barilga Expo” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг нь барилгын салбарын цогц хөгжлийг харуулсан, шинэ орон сууцны төсөл, барилгын материал, тоног төхөөрөмж, дэвшилтэт техник технологийн шийдлийг нэг дор танилцуулдаг салбартаа хамгийн нөлөө бүхий олон улсын үзэсгэлэн яармаг болж өргөжсөөр байна. Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Герман, Итали, Чех, Турк зэрэг 20 гаруй орны 60 гаруй гадаадын компани, мөн дотоодын 300 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ухаалаг шийдлүүдээ олон нийтэд танилцуулж байна.
Тус үзэсгэлэн яармаг нь 9 дүгээр сарын 12-14 - ний хооронд гурван өдрийн турш зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )