Ч.Дэлгэрцэцэг: Хавдартай хүүхдүүдийн эцэг, эхчүүд энэ үр дүнгийн БААТРУУД

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх Олон улсын өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд тохиодог билээ. Энэ жилийн хувьд дээрх өдөр тохиох үед Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгаас хорт хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрсэн 20 хүүхдэд "Эрэлхэг баатар" медаль хүртээсэн юм. Хорт хавдрыг ялан дийлсэн хүүхдүүдийн эмч, тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. 


-Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүд өвчнөө бүрэн эдгээсэн баяртай мэдээг дуулаад хүн бүхэн эмч нар та бүхэнд талархаж суусан байх. Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Хорт хавдрын ямар тохиолдол хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг вэ? Шалтгаан нь юу байдаг вэ? Энэ талаар та эхлээд эцэг, эхчүүдэд мэдээлэл өгнө үү?

-Хорт хавдар зөвхөн насанд хүрэгчдэд тохиолддог өвчин биш. Бага насны хүүхдэд ч мөн хавдар тохиолддог. Бид хүүхдийн хавдрын талаар хамгийн гол нь юу ойлгох ёстой вэ гэвэл, хорт хавдар нь ганцхан төрлийн өвчин биш гэдгийг мэдэх хэрэгтэй. 16 төрлийн хавдар байна. Түүн дотроо 100 гаруй нарийн түвшний хорт хавдраар хүүхдүүд маань өвдөх эрсдэлтэй байна. Хүүхдийн хорт хавдар насанд хүрэгчдийнхээс өөр. Хүүхдэд тохиолдож байгаа хорт хавдрын 95 хувийнх нь шалтгаан тодорхой бус ирдэг. Дэлхий нийтээрээ буюу Япон, Өмнөд Солонгос, Америк гэх мэт орнууд тодорхой шалтгаанаас үүдэлтэй хорт хавдар хүүхдэд тохиолдож байгааг шууд илрүүлж чадахгүй байна. Хүүхдэд ямар хавдар түлхүү тохиолддог талаар асуулт эцэг, эхчүүдээс их ирдэг. Ихэвчлэн цусны хорт хавдар тохиолддог. Хүүхдүүд дунд тохиолддог нийт хавдрын 40 хувийг цусны хорт хавдар эзэлдэг. Дараа нь нүдний хавдар, тархины хавдар, ясны хавдар, бөөрний хавдар гэх мэт шалтгаанууд байна. Дэлхий нийтэд жилд дунджаар 300 мянган хавдар шинээр оношлогддог гэсэн судалгаа бий. Харин манайд өнгөрсөн жилийн судалгаагаар 96 хүүхэд шинээр хавдартай гэж оношлогдсон.  Дунджаар үзэх юм бол олон улсын түвшинд байна гэсэн үг. Их ч биш, бага ч биш гэсэн үг. Бид хорт хавдар гэдэг үгийг зөв хэрэглэх хэрэгтэй. Хавдар мөртлөө хоргүй байж болно. Хүүхдийн хавдраас насанд хүрэгчдийн хавдрыг тусад нь авч үзэх хэрэгтэй байдаг.

-Хорт хавдар гэнэт л илэрчихдэг өвчин биш. Хавдар гэж оношлогдохоос өмнө хүүхдэд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Эцэг, эхчүүд юуг анхааралтай ажиглах ёстой вэ?

-Энэ маш чухал.  Ямар ч хүн эцэг, эх болоход биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Мэдлэгийн хувьд, санхүүгийн хувьд, ажлын хувьд, суралцдаг бол сурах төрөхөө төлөвлөх гэхчлэн ээж, аав болох гэж байгаа бол хүүхдийнхээ ирээдүйг төлөвлөх хэрэгтэй. Эрүүл мэндийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь чухал. Одоо үед эцэг, эхчүүд ханиад томуу хэрхэн илэрч, ямар шинж тэмдэг үзүүлдэг гэдгийг мэддэг болсон. Харин хорт хавдрын талаар тодорхой мэдлэг хуримтлуулах нэн шаардлагатай. Энэ өвчин ховор тохиолддог ч гэсэн нэг ийм өвчин байдаг юм шүү, ингэж илэрдэг юм шүү гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Нэгдүгээрт, хүүхдийн нүүр цайж, цонхийж эхлэх, заримдаа эцэг, эхчүүд манай хүүхэд ийм цайвар, угаасаа ийм цагаан хүүхэд гэх мэтчилэн ярьдаг. Гэхдээ эцэг, эхчүүд үүнийг маш сайн анзаарах ёстой.  Гарынх нь алгыг өөрийнхөө алгатай харьцуулж харах гэх мэт. Зовхийг нь татаад үзэх ч гэдэг юм уу, арга байдаг. Бас хүүхдийн яс янгинаж өвддөг. Үүнийг эцэг, эхчүүд өндөр болох гэж байгаа юм гээд тоолгүй орхидог. Гэхдээ ясаар өвдөж байгаа болгон хорт хавдар болно гэсэн үг биш. Яс нь янгинаж өвдөхдөө яг яаж өвдөж байна вэ гэдгийг маш сайн ажиглах хэрэгтэй. Үүнд эцэг, эхийн хүүхдэдээ тавьж байгаа анхаарал, халамж маш чухал. Ясны өвдөлт нь зогсоо зайгүй өвдтгөдөг. Орой шөнө унтаж чадахгүй өвдсөөр байхад эцэг, эхчүүд анхаарахгүй, өндөр болох гэж байгаа юм гээд тоолгүй орхиж болохгүй.  Дараагийнх нь халууралт. Ер нь бол нэг нас хүртлээ вирусын халдвараас улбаатай халууралт их байдаг. Жилд вирусын гаралтай ханиад томуугаас үүдэлтэй хүүхэд 10 удаа ханиад хүрч, халуурах тохиолдол байдаг. Халууралт гэдэг нь өөрөө вирустэй тэмцэж байгаа нэг илрэл юм. Харин халдварын шинжгүйгээр халуурна гэдэг чинь өөрөө аюултай шинж тэмдэг. Халдварын шалтгаангүй гэдэг нь 14 хоногоос дээш хоног халуурах юм. Үүнийг ялгаж салгахдаа маш сайн ажиглах хэрэгтэй. Хоолой нь улайсан, уушгины хатгалгаатай, томуугийн шинж тэмдэг зэрэг илрээгүй тохиолдол нь хавдрын шинж.  Мөн шалтгаангүйгээр турах. Нүдний цагааныг ажиглах толбо үүсэх. Гэдэс нь томрох, дүүрэх шинж илэрнэ. Үүнийг яаж мэддэг вэ гэхээр ээж нар хүүхдээ усанд оруулж байхдаа мэддэг. Усанд оруулахад гэдсэн дотор нь хатуу юм байгаа юм шиг мэдрэгддэг. Толгой өвдөх, өглөөгүүр их бөөлжих, шалтгаангүйгээр толгой нь маш удаан өвчтэй байх ч гэдэг юм уу. Ийм бол тархины хавдрын шинж тэмдэг байна гэсэн үг. Үе мөч, ясны өвдөлт ямар нэгэн гэмтлийн шалтгаангүй байхад өвдөж байвал анхаарал хандуулах хэрэгтэй. Ядарч сульдахыг нь анзаарна. Хүүхэд ер нь ядрахаа мэдэхгүй тоглоод л байдаг шүү дээ.  Эцэг, эхчүүдэд хүүхэд нь хорт хавдар тусчихна гэсэн бодол огт орж ирэхгүй нь мэдээж хэрэг. Хэн ч тэгж бодохгүй. Гэхдээ энэ шинжүүдийг заримдаа чухал биш, аюултай биш юм шиг өнгөрөөчих тохиолдол олон. Хүүхэд сургуульд ороод ирэхээр л эрүүл мэндэд нь тавих анхаарал сулраад ирдэг. Эрүүл мэндээс илүүтэйгээр хичээл номонд нь анхаардаг.  15-16 настай хүүхдүүд өөрийгөө том хүн шиг бодож, биеэ авч явдаг. Нарийн ширийн зүйлсээ эцэг, эхдээ тийм ч дэлгэрэнгүй ярьдаггүй. Ер нь үндсэн есөн шинжийг эцэг, эхчүүд маш сайн мэдэх хэрэгтэй, ажиглах хэрэгтэй. Хүүхдэд тохиолдсон хавдрууд янз бүр байдаг. Нярай хүүхдэд ч хавдар тохиолдож байна. Гэхдээ энэ нь маш бага тохиолдлоор илэрдэг. Хүүхэд насанд тохиолдоно, өсвөр насанд тохиолдоно. Хүүхдийн бүх үед тохиолдоно. Өсвөр насанд ясны хавдар илүү тохиолддог бол нярай үед нүдний хавдар болон бусад хавдар байдаг. Насныхаа онцлогоос хамааран хавдрын тохиолдол нь өөрчлөгддөг. Тийм болохоор яг энэ насанд хавдар илүү тохиолдоод байна гэсэн тодорхой баримт байхгүй.

ЭДГЭРЭЭД ГАРСАН 20 ХҮҮХДИЙН ХУВЬД ЭЦЭГ, ЭХ НЬ МАШ ТОМ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН

 

 

ЭМНЭЛЭГТ 40 ХУВИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БАЙХАД 50,60 ХУВЬ НЬ ЭЦЭГ, ЭХИЙН ХАРИУЦЛАГААС ШАЛТГААЛДАГ

-ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасаг хорт хавдартай хүүхдүүдэд хэрхэн, ямар эмчилгээ хийдэг вэ?

-Бид нас насанд нь тохирсон эмчилгээ хийдэг. Хүүхдийн хавдрыг үндсэн том төвдөө хийх ёстой. Хүүхэд тусдаа эмчилгээ шаардана. Хүмүүс буруу ойлгодог, хүүхэд бол жижигрүүлсэн том хүн гэж. Гэтэл үгүй ээ. Хэмжээ нь л жижгэрснээс биш том хүнтэй адил гэдэг нь ойлголт буруу. ЭХЭМҮТгуравдугаар шатлалын эмнэлэг. Тиймээс хүүхдийн нэгдсэн олон чиглэлийн эмч нар хамтран эмчилгээ хийдэг. Ганцхан манай тасгаас эмчлэгдээд гарч байна гэвэл үгүй. Бид нарын гавьяа ч биш. Энэ том эмнэлгийн хажууд байдаг тулдаа эмчилгээ бүрэн төгс хийгдэж байна. Жишээлбэл, хүүхдийг унтуулах хэрэг гарна, мэдээ алдуулна гэх мэт олон төрлийн эмчилгээ хийдэг. Манай эмнэлэгт хүүхдийн мэс заслын маш сайн эмч нар бий. Мэс засал нь өөрөө дотроо олон төрөл. Чих, нүүр, ам, бөөрний мэс заслын бага гээд маш том баг ажилладаг. Тэрнээс гадна нойрсуулагч эмч нар, сувилагч нар байна. Сувилагч л гэхэд зүү, тариа хийхээс эхлүүлээд маш өндөр ур чадвар шаардсан ажил хийдэг. Маш олон чиглэлийн эмч нар, тасгууд байдаг учраас хорт хавдартай хүүхдүүд эдгэрч байна. Бидэнтэй хамт зүрхний эмч, сэхээн амьдруулахын эмч, унтуулгын эмч, мэдрэл гээд бүх чиглэлийн эмч нар ажилладаг. Ийм болохоор л хүүхдүүд цогцоор нь эрүүл мэндийн тусламжаа авч байгаа. Энэ чиг хандлага нь өөрөө олон улсын чиг хандлага.

-Хорт хавдраа бүрэн эдгээсэн хүүхдүүдийн талаарх мэдээг бид өнгөрсөн сард сонсоод их баярлаж байлаа. Тэр хүүхдүүдэд хавдраа ялан дийлэхэд юу хамгийн чухал байв?

-Хорт хавдрын эмчилгээний хувьд маш удаан үргэлжилдэг. Мэдээж арав хоног хэвтээд гардаг ч юм уу, тэд эд хононо гэсэн хугацаа байхгүй. Зарим үед хоёр сар хүртэл хэвтэнэ. Зарим хүүхдийн бие тогтворжоод эхлэх юм бол ойр ойрхон хэвтээд гарна. Тэрний дараа үргэлжлүүлээд хяналтад орно. Хоёр жилийн турш тасралтгүй эм уудаг. Тэр хооронд гарах бэрхшээл олон. Сахиур болон эмч нарт. Хорт хавдар мэдээж урьдчилан сэргийлэх боломжтой өвчин биш. Тиймээс энэ үед эцэг, эхүүдийн оролцоо маш чухал байдаг. Сахиуруудын хувьд анхаарал хандуулах ёстой зүйлс их бий.

-Эдгэрээд гарсан баатарлаг хүүхдүүдийн хувьд маш их тэсвэр, тэвчээр шаардлагатай байсан байх?

-Эдгэрээд гарсан 20 хүүхдийн хувьд эцэг, эх нь маш том хувь нэмэр оруулж чадсан. Тэдний ард тэсвэр тэвчээртэй байж чадсан эцэг, эхчүүд хамгийн баатарлаг хүмүүс нь байх гэж боддог. Нэг настай, хоёр настай бяцхан хүүхдүүд харахад л маш хэцүү. Хүүхэд ханиад хүрч, өвдөөд эмнэлэгт хэвтэхэд ч юм уу, арав хоног хүүхдээ сахихад ямар хүнд байдаг билээ. Гэтэл хорт хавдартай хүүхдүүдийг хянаж, сахина гэдэг бол маш том хариуцлага, маш их тэвчээр. Хүүхэд эдгэрэхэд манай тасгаас 30 хувийн үүрэг гүйцэтгэж байгаа бол  70 хувь нь эцэг, эхээс хамаардаг. Эмнэлэгт 40 хувийн хариуцлага байхад 50, 60 хувь нь эцэг, эхийн хариуцлагын асуудал. Тэдний тэвчээр, гавьяа. Эцэг, эхчүүдэд асуудал тулгарна, мэдээж хэрэг. Эхэн үедээ сэтгэлзүйн маш том асуудалд ордог. Ганцхан өвчин, өвчин л гээд байдаг. Гэтэл өвчин нь хүний сэтгэл санааны асуудал. Хүүхдээ хорт хавдартай болчихлоо, өвчин тусчихлаа гэдгийг мэдэх нь эцэг, эхчүүдийн хувьд маш том стресс болдог. Уй гашуу, санаа зовинол нь ихэсдэг.  Өвчнийг хүлээн зөвшөөрөхөд хүний физиологийн хариу үйлдэл хэсэг хугацааг зарцуулдаг. Түүнтэй эвлэрэхэд ч мөн хэсэг хугацаа орно, эсэргүүцэж бухимдах нь хүртэл хүний физиологийн хариу үйлдэл байдаг. Эмнэлгийн байгууллага ер нь байнгын ийм зүйлтэй тулгардаг шүү дээ.  Эмнэлэгт нэг үгээр бол амьдрал буцалж байдаг. Хүний өвчтэй, зовлонтой, эгзэгтэй үеүдэд эмнэлэг л хүлээж авдаг. Эмч нарын өвчнөө эмчлэх гэж оролдож, зүтгэх нь их байдаг. Харин өвчтөнийхөө сэтгэл санаанд анхаарах тохиолдол жаахан дутмаг байж магадгүй. Тиймээс эмчлүүлж буй өвчтөнтэйгөө маш сайн ярилцаж, сэтгэл санааг нь өргөх хэрэгтэй. Бидний хувьд бага ч болов өвчтөнтэйгөө ярилцах цаг гаргах нь тийм ч хангалттай байж чаддаггүй. Хүүхдийн хорт хавдар гэдэг ганц эмч, эмнэлгийн асуудал биш гэдгийг хүн бүр ойлгох нь чухал. Хүүхдийн хавдрын эмчилгээг дэмжиж тусалдаг, хүүхэд нь хэвтээд эмчлүүлж байгаа эцэг, эхчүүдийн албан байгууллага ядаж цалинтай чөлөө олгодог зэрэг бага ч болов дэмжлэг үзүүлдэг байвал сайн.

-Өвчинтэй тэмцэхийн тулд санхүүгийн хүндрэл эцэг, эхчүүдэд их тулгардаг байх?

-Тийм ээ. Гэхдээ манай эмнэлэг үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг. Зарим нэг нь ид сайхан эмчлэгдээд явж байгаад ар гэрийн асуудал гараад, эмчилгээгээ хаяад явдаг тохиолдол байдаг. Бас нэг талаараа эрүүл мэндийн боловсролгүйгээс үүдэн эмчилгээгээ орхиж, хөдөө орон нутаг руу явчихдаг ч хүмүүс бий. Эмч нар бүх талаас нь эцэг, эхчүүдэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Үнэн зөвийг, нэг ёсондоо хатуу ч гэсэн үнэнийг хэлэх шаардлага тулгардаг. Өвчний эрсдэлийг танилцуулах нь бидний үүрэг. Зарим үед эцэг, эхчүүдэд эрсдэл, хүндрэлийг нь ярьсаар байгаад айлгаж, үргээчих тохиолдол бий. Энэ асуудалд бид маш болгоомжтой ханддаг. Хоёр талын мэдээллийг тэнцвэртэй өгчихөөд эцэг, эхчүүдэд бодох бодол, сонгох сонголтыг нь үлдээх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байдаг. 16 нас хүрээд, иргэний үнэмлэх авч байгаа боловч 18 нас хүртэл нь эцэг, эхийн асрамжид байдаг. Иймд 18 хүртэлх насны хүүхдийн шийдвэрийг зөвхөн эцэг, эх л гаргана. Эцэг, эх болно гэдэг чинь маш том хариуцлага. Манайд хүүхдээ эмчлүүлж байгаа эцэг, эхчүүд дундаас маш сайн асран хамгаалагч нар олон байдаг. Үр хүүхдэдээ тэр байтугай бусад эцэг, эхчүүд, эмч нарт үлгэр жишээ болохоор эцэг, эхчүүд олон байдаг. Энэ өвчнөөр оношлогдсон хүүхэдтэй эцэг, эхчүүдийн зүгээс биднээс хамгийн их асуудаг асуулт бол "Яг юунаас болов оо" гэдэг тухай. Юун дээр би алдчихваа, юун дээрээ анхаарах ёстой байсан бэ гэж асууна, өөрийгөө буруутгана. Ийм үед бидний хэлдэг зүйл 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй гэдгийг хэлж ойлгуулдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд хүүхдийн өвчлөл их байна. Орон нутгийн хүүхдүүд ч өвдөж байна. Амьжиргааны түвшин доогуур айлын хүүхэд ч өвдөж байна, боломжтой айлын хүүхэд ч өвдөж байна. Зөвхөн Монголын нөхцөлөөс бус өндөр хөгжилтэй Швейцарь, Япон, Америк гээд хөгжилтэй орны хүүхдүүд ч өвдөж байна шүү дээ. Өвчин эдгэрэхэд нөлөөлөх хүчин зүйл ч байдаг юм. Эцэг, эх эмнэлэг, эмч нар маш сайн хамтарч ажиллаж чадах юм бол ямар ч хүүхдийг хөл дээр нь босгож чадна. Заримдаа яасан ч болохгүй хүнд өвчтөн тохиолдоно. Бүгдийг нь босгож ирнэ гэсэн ойлголт одоог хүртэл байхгүй байна. Иймд бид амьдралын зөв хэмнэлтэй байх нь анхны арга хэмжээ юм. Үүнийг л эцэг, эхчүүддээ захимаар байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top