Тус төвийг байгуулах төслийн санхүүжилтийг бүрдүүлэх, зээлийн хэлэлцээрийг дагуу Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих боломж бүрдэж байна.
Газар хөндөж шав тавих ёслолыг гардан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, XXX Хамба номун хан, гэвш лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж хийлээ.
Түүнчлэн орон нутагт эрчимт эмчилгээ, яаралтай, түргэн тусламжийн тогтолцоог бий болгох Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын төслийг гараанаас гаргасан. Энэхүү төслөөр 21 аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж, дэд бүтэц, тоног төхөөрөмж, түргэн тусламж, телемедицин, хүний нөөцийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх юм.
Энэ хоёр том төсөл хэрэгжсэнээр сэргийлж болох өвчлөл, нас баралтыг бууруулж, олон хүний амь насыг аврах, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо бүрдэнэ.
Зүрх судасны үндэсний төв ашиглалтад орсноор Монголын зүрх судасны тусламж, үйлчилгээ шинэ түвшинд гарах суурь тавигдаж, Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлийг бууруулж, сэргийлж болох амь насыг аврах тогтолцоог бэхжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )