Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” ирэх сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болж цоо шинэ төрхөөр нээгдэх гэж байна. Уг эмнэлгийг 2008 оноос хойш менежментийн гэрээгээр ажиллуулж байсан бөгөөд өнгөрөгч онд нийслэлийн өмчид буцааж авсан юм. Ингэхдээ хүүхдийн эмнэлэг болгохоор төлөвлөсөн. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн 135 ортой бөгөөд томууны оргил дэгдэлтийн үед орны тоог 400 хүртэл нэмэгдүүлж, яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг хүлээн авдаг. Гэсэн хэдий ч ор хүрэлцэхгүйгээс зарим хүүхдийг коридорт хэвтүүлэх нөхцөл үүсдэг. Энэ ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг хүүхдийн тусламж, үйлчилгээнд 24 цагаар ашиглах аж. Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх юм байна.
Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хэлэхдээ “"Хүлээн авах хэсгийн өргөтгөл, цахилгаан шатыг нэмэлтээр гүйцэтгэхээр болсон бөгөөд зураг төслийн баталгаажуулалт, гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэнэ" гэжээ.
Харин өмнө нь Элэг судлалын төв байхад нь эмнэлгийн хяналтад байсан эмчлүүлэгчдийн тусламж, үйлчилгээг хэвээр хадгалахаар тооцоолжээ. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын төвийн барилгыг 3.9 тэрбум төгрөгөөр завсарлахаар 2026 оны төсвийг баталсан юм.

Сэтгэгдэл ( 0 )