Түүнтэй сар гаруйн өмнө “Мөнхийн үсэг” компани дээр таарч байв. Тэр өөрийн анхны бүтээл “A Year to remember” номынхоо хоёр дахь хэвлэлтийг хийлгэхээр явж байсан. Тухайн үед Х.Хулангийн номын эх бэлтгэлийг хараад өөрийн эрхгүй анхаарал татсан тул тэнд таарсан бид хэсэг хугацаанд номынх нь тухай ярилцсаныг ч нуух юун.
UBS телевизээс зохион байгуулсан “Universe best songs” наадмын хөтлөгч, загварлаг, заримдаа хэтэрхий галзуу мэт хувцасладаг хөтлөгч Н.Хулан гэх бүсгүйг эчнээ танихаас бус нүүр тулж уулзаж байсангүй. Эрхэм уншигч та ч тэрхүү төрхөөр нь илүүтэй таних биз ээ. Түүний хувьд СУИС-ийн харьяа Радио, телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд өдгөө “Гүмүда” сэдэвчилсэн дэлгүүрийг үүсгэн байгуулагч, “Гамма”-гийн амьдрал судлаач, “Богд” банкны маркетингийн менежерээр ажиллаж байна. Олон ажлаа амжуулахын зэрэгцээ “A Year to remember” номоо маш амжилттай худалдан борлуулж буй Нэмэхбаярын Хулан хэмээх бүсгүйг урьж ярилцлаа.
-Сар шинийн өмнө таарсан гэхээр өдийд ном тань хэвлэлтээс гарчихсан байх. Анхны бүтээл гэхэд эрэлт ихтэй байгаа санагдсан?
-Хоёр дахь хэвлэлтээс хэдхэн ширхэг үлдчихээд тун удахгүй жижигхэн засвар хийгээд гурав дахь хэвлэлтээ хийлгэхээр төлөвлөөд байгаа.
-Маш хурдан борлуулагдсан байна шүү. Өмнө нь захиалгаа авчихсан байдаг юм уу?
-Үгүй ээ. Үнэгүй хүргэлттэй болохоор борлуулалт сайн байна гэж ойлгож байгаа. Уншигчдын хувьд хүргэлтээр авахаас гадна номын сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой.
-Хүргэлтийн үйлчилгээ тэгэхээр маш чухал байх нь ээ ...
-Тийм ээ. Би ном бичихээр анх төлөвлөж байхдаа л хүргэлтээр гэрт нь хүргэдэг байх ёстой юм байна гэж боддог байсан. Тэгээд л номынхоо нээлтийг хийчихээд маргаашнаас л хүргэлтийн үйлчилгээгээ нэвтрүүлсэн. Миний харж байгаагаар номын маань уншигчид ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Тэр дундаа шинэхэн ээжүүд их уншиж байна. Гэтэл тэр ээжүүд маань хүүхдээ авч гараад дэлгүүр орж, ном худалдан авах завгүй байдаг. Байсан ч хүүхэдтэйгээ явахад хэцүү шүү дээ. Ер нь шинэхэн ээжүүдэд миний ном их урам өгч байгаа болов уу гэж бодож байгаа. Яагаад гэхээр “Таны номыг уншаад ийм бодол төрлөө, ийм зүйл хиймээр санагдлаа, тийм шинэ санаа төрлөө, амьдралыг өөрөөр хардаг боллоо” гэсэн сэтгэгдлүүдээ уншигчид маань их ирүүлж байгаа. Үүнд би маш их баяртай байгаа /инээв/.
Ер нь шинэхэн ээжүүдэд миний ном их урам өгч байгаа болов уу гэж бодож байгаа.
-Номын санаагаа анх яаж олж байв?
-Ном бичих бол миний багын мөрөөдөл. Бүр жижигхэн охин байхаасаа л “Ном бичдэг хүн болвол гоё оо” гэж боддог байлаа. Гэхдээ ямар ном бичихээ мэдэхгүй, юуны талаар ч бичихээ мэддэггүй байлаа. Тэгж явж байгаад би 2017 оны дундуур фэйсбүүкээр нэг эмэгтэйг маш идэвхтэй ажиглаж эхэлсэн л дээ. Түүнийг Марлаа гэдэг. Тэр эмэгтэй долоо хоног бүр шинэ зүйл туршиж үзэж байсан. Тэр дундаа экстрим зүйлсийг туршдаг... Өндрийн үсрэлт, кикбокс гэх мэт. Түүнийг нь хараад би “Wow, ямар гоё юм бэ. Ёстой гоё санаа байна” гээд л их үлгэр дууриал авдаг байсан. Тэгээд Марлаад “Би 2018 онд чиний хийж байсан зүйлсийг туршиж үзмээр байна” гэх санаагаа хэлээд, зөвшөөрөл авсан. Марлаа 2017 онд хэдэн сонирхолтой туршилт хийчихээд завсарлачихсан байсан. Ер нь бол “52 week”-ийг турших энэ зүйл маань дэлхийд шинэ зүйл биш л дээ. “52 week challenge” гээд хайгаад үзвэл маш олон бичлэг, бичвэр интернэтээс гарч ирнэ. Би сэтгүүлч мэргэжилтэй болоод ч тэр үү, эхэндээ сонирхлынхоо хүрээнд блог дээрээ олон сэдвээр нийтлэл бичдэг байсан. 2016 онд сэтгүүлчийнхээ ажлыг орхисноосоо хойш бичих шаардлага гардаггүй байлаа. Гэтэл бичих ур чадвар маань зэврээд байх шиг санагдаад, түүндээ их харамссан. Тэгээд л бичих чадвараа алдахгүй, хадгалахын тулд блог хөтөлж эхэлсэн гэж хэлж болно.
Блог бичиж байхдаа гоё санаа хайсан. “Юуны талаар бичиж болох вэ” гэж. Тэгээд л “52 долоо хоног” гоё санаа байна, үүгээр бичье гээд шийдсэн хэрэг. Эхний хэдэн долоо хоног маш амжилттай болоод, олон нийтээс ч урмын үг их ирсэн. Энэ маань сүүлдээ хувь хүний хөгжлийг дэмжсэн ном байвал зүгээр юм бишүү гэх сэдлийг өгсөн ч. Эхэндээ би өөрийгөө голоод нэг их хүчлэхгүй байсан чинь хүмүүсээс “Чи ном бичиж үзээч ээ” гэх санал ирсэн. Тэгэхээр нь өөртөө “Нээрээ ч бичиж болох юм уу” гэх зөвшөөрлийг өгч байсан даа.
-Хувь хүний хөгжлийн тухай номууд маш их байдаг. Гэхдээ онолын талаас тайлбарласан номуудыг ойлгох их төвөгтэй санагддаг. Таных юугаараа өөр вэ?
-Тийм шүү. Онол заасан номыг чинь хүн уншиж байх тухайн үедээ “Аан тийм шүү” гээд ойлгоод өнгөрдөг ч, амьдралд нь бууж өгдөггүй юм шиг санагддаг. Тиймээс илүү амьдралтай, өдөр тутамд тохиолддог зүйлсийн талаар бичсэн нь бусдаас ялгарсан онцлог байж магадгүй. Ямар ч онол бичээгүй, өөрөө туршсан, түүнийгээ л бичсэн. (Сурв. “A Year to remember” ном нь Н.Хулангийн 52 долоо хоногийн туршид суралцсан шинэ зүйлсийн тухай тэмдэглэл юм).
НОМОО ОЛОН ШИРХЭГ ХЭВЛЭХЭЭС ИЛҮҮ ЗӨВ ХҮМҮҮСТ НЬ ХҮРГЭХИЙГ ЗОРЬДОГ
-Яагаад энэ 52 туршилтыг онцлон ном болгохоор шийдсэн бэ?
-Хөгжилтэй, зугаатай төрлийн туршилтын санаанууд маш их байдаг юм билээ. Харин би зүгээр л хөгжилдөх, үзээгүй юмаа үзэх биш гол нь шинэ зүйл суралцах зорилготой байсан. Шинэ мэдлэг олж авах, амьдралын хэмнэлд маань эерэг нөлөө үзүүлэхүйц байлгахаар бодож 52 туршилтаа бичсэн. Энд тэндээс л санаанууд цуглуулсан даа.
-Энэ туршилтууд тань таны амьдралын хэв маяг болж үлдэж чадсан уу?
-Ихэнхи нь үлдсэн. Одоо харахад лайфстайл буюу амьдралын хэмнэлд нөлөөлөхүйц туршилтууд нь өдөр тутамд зуршил болон үлдэж, зарим нэг хөгжилтэй хөнгөн туршилтууд нь тухайн үедээ болоод л өнгөрсөн байна. Одоо эрт босох, тэмдэглэл хөтлөх, помодоро ашиглах, бясалгал хийх, хүйтэн шүршүүрт орох зэрэг маань байнгын хэмнэл болсон.
-Номон дээр буусан шинэ туршилтуудаас хамгийн хэцүү нь юу байсан бэ?
-Шинэ зүйлс суралцах нь их сонирхолтой байсан ч хэцүү зүйлс байсан. Жишээ нь, дохионы хэл сурах хамгийн хэцүү байсан.
-Өөр туршилтууд нэмж хийж байна уу?
-Энэ жил шинэ туршилтууд хийж, Youtube сувгийн “Gamma Channel” дээрээ оруулж байгаа. Ихэвчлэн хувь хүний хөгжил, санхүүгийн зөв зохистой мэдлэг, эрүүл гоо сайхны мэдлэгийн тухай контент бэлтгэж байна.
-Ном хэвлэгдсэний дараа ямар бодол төрж байв. Анхны сэтгэгдэл...?
-Гэнэт нэг их харамлах, ичих мэдрэмжүүд давхцаж мэдрэгдсэн. Би ном гарснаас хойш хэдэн долоо хоног ерөөсөө барьж авч уншиж чадахгүй явсан. Эргүүлээд унших гэхээр л “Энийг өөр бас нэг хүн уншиж байгаа байхдаа, энэ өгүүлбэрийг манай гэр бүл, хамаатан садан бүгд уншсан даа, тэр найз маань ном авсан, ингэж бичсэнийг уншсан байхдаа” гээд ичээд байсан. Сонин мэдрэмж байсан шүү... Хоосроод, дүүрээд ч байгаа юм шиг.
Би ном гарснаас хойш хэдэн долоо хоног ерөөсөө барьж авч уншиж чадахгүй явсан.
-Таны ном цувралаар гарах уу?
-Магадгүй... Гэхдээ тийм төлөвлөгөө одоогоор алга. Би номоо олныг гаргахаасаа илүүтэйгээр зөв хүмүүст нь хүргэхийг зорьдог. Гаднаас нь харахад өнгө үзэмж сайтай, хэлбэр дизайны хувьд сонин болохоор хүмүүс өнгөнд нь хууртаж аваад байж магадгүй /инээв/.
-Дизайны талаар ярьж эхэлснийх хоёулаа хамтран ажилласан хүмүүсийн тань талаар ярилцья. Номын хавтсан дээр ч, дотор ч элдэв зүйл туршиж үзэж байгаа таны зургууд л байна лээ?
-Тэгэлгүй яахав. Миний л бичсэн, миний л ном гээд байгаа боловчиг бүтээл бүр хамтынх байдаг. Энэ номонд орсон зураг болгоноороо би маш их бахархаж байгаа. Би номоо маш залуухан уран бүтээлчидтэй хамтран гаргасан. Номын маань зураачаар Б.Энх-Оюун гэдэг зураач бүсгүй ажилласан. Түүний хувьд чөлөөт уран бүтээлч. Зурахын хажуугаар гоёл чимэглэл хийнэ. Оюунаагийн маань ажилласан анхны ном нь минийх байсан. Харин эх бэлтгэгч, дизайнераар Н.Сонинбаяр гээд залуу ажилласан. Бид гурав нийлээд “хөөрхөн” ном гаргачихсан шүү.
Энд нэг зүйлийг хэлэхэд, би зураач бүсгүйдээ номоо бүтнээр нь өгөөгүй, зүгээр л гарчигнуудыг нь хэлээд өгчихсөн. Түүнийг Оюунаа харж байгаад өөрийн сэтгэмжээрээ зураг болгоод буулгачихсан. Би ганц ч зургийг нь янзалж, засаагүй... Үнэхээр сэтгэлд хүрсэн зурагнууд байсан. Зураач маань анхны бүтээл дээрээ ийм сэтгэлээрээ, маш амжилттай ажилласан юм чинь цаашид ч амжилттай ажиллах ирээдүй байна гэж харж байгаа.
-Хувь хүний хөгжлөөс гадна өөр ямар чиглэлийн ном унших дуртай вэ?
-Уран зохиолын ном унших дуртай. Би сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан. Миний анхны ном “Үүлэн бор” байсан. Тэгээд түүнээс хойш Монголын, дэлхийн сонгодог уран зохиолын номуудтай “зууралдаж” өдийг хүрсэн. Гэхдээ энэ бас болохгүй юм байна гэж бодоод өөрийгөө хүчээр өөрчилж, хувь хүний хөгжлийн тухай ном уншиж эхэлсэн. Үүндээ ч би маш их баяртай байдаг. Сүүлийн нэг жилд бизнесийн чиглэл, тэр дундаа бизнесмэнүүдийн намтар унших их дуртай болж байгаа.
Миний бодлоор хамгийн чухал нь юу уншихаас илүүтэйгээр, уншиж сурах нь юм болов уу гэж боддог.
-Сүүлийн үеийн үлгэрийн номнуудад цензуртай хандахгүй бол маш алдаатай байх болсон. Гэтэл хүүхдүүд маань хамгийн түрүүнд үлгэрийн номтой л танилцдаг шүү дээ. Үлгэрийн ном уншиж өссөн хүний хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Миний бодлоор хамгийн чухал нь юу уншихаас илүүтэйгээр, уншиж сурах нь юм болов уу гэж боддог. Бид технологийн эрин үед амьдарч байна. Энэ үед анхаарал төвлөрөх асуудал хамгийн нухацтай яригдаж байгаа зүйл л дээ. Хүмүүсийн нэг зүйлд анхаарал хандуулдаг хугацаа нь маш богино болсон. Тиймээс түүнийг мэдэрч байх хэрэгтэй. Дараа нь мэдээж чанартай ном сонгож сургах хэрэгтэй. Тэгэхээр аяндаа хүүхэд өөрөө эрэлч хайгуулч болж, юуг унших, юуг уншихгүй байх вэ гэдгээ мэддэг болчихдог. Сүүлийн үед яг таны хэлсэн шиг аль ч номын дэлгүүрт орсон сонголт хийхэд хэцүү болчихсон л доо. Нөгөө л хэрхэн баяжих вэ, эр хүнийг хэрхэн өөртөө татах вэ гэсэн номнууд л байдаг... Эсвэл яруу найргийн номууд байна.
ХҮҮХДИЙГ НӨХЦӨЛТЭЙ ХАЙРЛАСАН УУ, НӨХЦӨЛГҮЙ ХАЙРЛАСАН УУ ГЭДЭГ ЧУХАЛ
-Хувь хүний хөгжлийн тухай яриагаа үргэлжлүүлье. Яагаад хувь хүний хөгжлийг чухалчлав?
-Миний хувьд хамгийн чухал зүйл бол улс орны хүн амын хөгжил гэж боддог. Тиймдээ улс төр, үйлдвэрлэл, технологи руу хөрөнгө оруулахаасаа нэн тэргүүнд хүндээ хөрөнгө оруулдаг байгаасай гэж хүсдэг. Хүн бол аливаа улс орны хамгийн хүчтэй баялаг, үнэт капитал учраас хүн рүү чиглэсэн зүйлс ашигтайгаас гадна үнэ цэнэтэй. Тийм ч учраас би өөртөө гоё ганган хувцас авахаас илүүтэйгээр оюундаа хөрөнгө оруулахыг хүсдэг. Бусад хүмүүс ч тийм байгаасаа гэж боддог. Хүн улс дотроо баялаг бол, хүн дотроо мэдлэг гэдэг баялаг бий.
-Хүүхэд ирээдүйд хэн болох нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой гэж боддог. Таны өөрийн тань хүмүүжил анхнаасаа зөв тавигдсан учраас энэ чиглэл рүү амжилт гаргаж явна гэж хараад байна?
-Их баярлалаа. Ижийдээ баярлалаа /инээв/. Би ээж, эмээ, өвөөтэйгөө дөрвүүлээ амьдардаг. Намайг төрөхөд л энэ гурван хүн байсан, одоо ч байгаа. Ээж маань надтай хэзээ ч “дээрээс” харьцаж байгаагүй. Тэгсэн мөртлөө надад үйлчлээд “доороос” харьцаж байгаагүй. Яг ижил тэнцүүхэн байр сууринаас ханддаг байсан. Намайг хичнээн балчир байсан ч бодлыг маань заавал асууж, сонсоно. Жаахан байхаас л сонголтыг надад үлдээж, бие даан шийдвэр гаргахад туслалцаа үзүүлдэг байсныг би одоо ч санадаг. Өнөөдөр ээж минь яг л миний найз шиг байж, “Чи өөрөө мэдэж байгаа байх аа, Би чамайг буруу зүйл хийхгүй гэдэгт итгэж байна аа” гэдэг. Тийм ч учраас би унасан ч ард талд минь надад үргэлж итгэдэг хүн байгаа гэж бодоод юунаас ч айдаггүй, илүү зоригтой байдаг юм болов уу.
Би унасан ч ард талд минь надад үргэлж итгэдэг хүн байгаа гэж бодоод юунаас ч айдаггүй, илүү зоригтой байдаг юм болов уу.
-Таны хийж буй ажлууд, хэв маягаас чинь харахад үнэхээр л зоригтой харагддаг шүү?
-Нэг талаараа сэтгэлзүйн бэлтгэл юм уу даа. Энэ талаар би жаахан уншиж үзсээн. Хүүхдүүдийн ямар нь зоригтой, ямар нь аймхай байдаг вэ гэхээр бага байхад нь ээж, аав нь нөхцөлтэй хайраар хайрласан уу, нөхцөлгүй хайраар хайрласан уу гэдэг нь нөлөөлдөг байх юм. Нөхцөлтэй хайр гэдэг нь “Чи хичээлээ хийвэл би чамд зайрмаг авч өгнө” гэх ч юм уу. Нөхцөлгүй хайр нь “Чи тэнэг ч бай, юу ч хийсэн бай би чамд хайртай” гэдэг. Нөхцөлтэй хайраар өссөн хүүхэд хэдийгээр амьдралын авах гээхийн ухааныг ойлгодог ч “Намайг цалин авдаг учраас ээж хайрлаж байгаа” гэх айдастай, бодолтой байдаг гэнэ. Намайг миний гэр бүлийнхэн нөхцөлгүй их хайраар хайрласан учраас би илүү зоригтой байдаг юм болов уу. Би муу сурдаг хүүхэд байсан. Тэгсэн ч ээж минь надад хайртай л гэдэг. Тийм ч учраас би зоригтой байж, алдахаас хэзээ ч айдаггүй болж өссөн. Намайг хичнээн ч бүтэлгүйтсэн хайрлах хүмүүс байгаа шүү дээ.
-Тэр дундаа UBS-д ажиллаж байх үеийн Хулан бүр “галзуу” зоригтой байсан?
-Миний зөөгчийн дараах хамгийн анхны ажил UBS телевизийн редактор, сэтгүүлч гэх албан тушаал байлаа. Миний бүх зүйлийн эхлэл, үндэс суурь нь энэ телевиз байсан. Тэр газар байсан учраас би одоо олон төрлийн ажил хийх суурь хүмүүжилтэй болсон гэж боддог. Гэр бүлийн хүмүүжил тухайн хүнийг хүн болгодог бол анхны ажил нь нийгэмд хэн байх ёстой хүмүүжлийг нь олгодог.
Тухайн үед намайг хүмүүс нүүрээ сонин буддаг, хэв маягаа зоригтой өөрчилдөг, сонин хувцас өмсдөг гэж нэг бус удаа хэлж байсан. Тэр үнэн л дээ. Гэхдээ тэр ажлын маань нэг хэсэг болохоос хувь хүний нэг хэсэг биш л дээ. Анх ажилд орохдоо урт үстэй, даруухан, нүүрээ ч будаж чаддаггүй охин байлаа шүү дээ. Жинхэнэ хүн нь тэр буюу би юм. Бүр телевизийн хөтлөгч болно гэж төсөөлж ч байгаагүй. “Би бичдэг хүн болно оо” л гэж боддог байсан. Тэгсэн намайг камерт харснаа “Чи хөтлөгч хий” гээд... Надад тийм үүрэг даалгавар, итгэл өгсөн учраас би түүнийг тултал нь биелүүлэх ёстой. Тэгэхийн тулд өөр нэг Хулангийн хувилбарыг бүтээсэн. Ажилдаа, телевиздээ зориулж... Ингэж байж миний нэвтрүүлгийг, манай телевизийг хүн анхааралтай үзнэ. Би түүнээс энгийн амьдралдаа тийм шийдлүүдийг гаргаж чадахгүй.
-Ер нь тэр үеийн Хулан, өнөөгийн Хулан хоёрт ямар өөрчлөлт гарсан бэ?
-Өнөөдрийн Хулан илүү их зоригтой болсон байна. Тэр үед тайзан дээр гарахын өмнө миний дотор муухайрч, зүрх дэлсээд, салгалаад байдаг байсан. Өөртэй итгэлгүй байсан болоод тэр байх. Эфирээр гараад хоёр жил болсон ч би хүмүүстэй шинээр танилцаад л “Намайг Хулан гэдэг, Би энэ телевизэд” ажилладаг гээд л гар бариад явдаг байлаа /инээв/. Би тийм авьяаслаг, энтертаймент хүн биш мөртлөө хамгийн энтертаймент төрлийн авьяас хэрэгтэй газар ажиллаж байсан учраас өөрийгөө байнга сорьж хөгжүүлж явсан байгаа юм. Тэр олон сорилтыг давсны дараа өнөөдрийн надад суурьшсан итгэлийг олж авсан. Одоо бол өөртөө маш итгэлтэй, өөдрөг болсон.
ХАМГИЙН АЙМААР ЗҮЙЛ БОЛ СОНИРХОЛГҮЙ, УЙТГАРТАЙ АМЬДРАЛ
-Айдсаа даван туулахад л болчих нь байна, тийм үү?
-Өөрийнхөө тав тухтай тэр бүсээс гарч чадахгүй бол зэвэрнэ шүү дээ.
-Тэр бүсээсээ гарч чадахгүй байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Цаг хугацааны тухай нэг ойлголт байдаг. Бид сонирхолтой зүйл хийхээр цаг маш хурдан өнгөрдөг шүү дээ. Тэгвэл эсрэгээрээ нэг газраа, нэг юм аа хийгээд л байхаар цаг хугацаа маш удаан өнгөрдөг. Гэхдээ ирээдүй рүү очоод эргээд харахаар эсрэгээрээ байдаг юм байна л даа. Нэг газраа удаан сууж хийсэн ажлын дурсамж мартагдчисан, нөгөө хоромхон зуур болоод асаад өнгөрсөн зүйл нь илүү тод байдаг юм байна. Тиймээс удаан амьдарч, дараа нь ярих зүйлтэй дурсамжтай байхыг хүсвэл тэр тухтай бүсээсээ гараарай гэж хэлье. Ер нь хамгийн аймаар зүйл чинь сонирхолгүй, уйтгартай амьдрал. Тэрнээс ганц нэг хүн ардуур жив жув хийх бол айх зүйл биш шүү дээ.
-“Гүмүда”-гийн үүсгэн байгуулагч гэдгийг тань мэднэ. Монголдоо бахархалтайгаар үйлдвэрлээд гурван жил болчихов уу?
-Би “Гүмүда”-гийн тогтвортой байдлыг илүү чухалчилж үздэг. Яагаад гэхээр Монголынх шиг ийм жижигхэн зах зээл дээр бизнес хийх ерөнхийдөө амархан. Гэхдээ эсрэгээрээ тогтвортой байлгах хэцүү байдаг. Тиймээс би “Гүмүда”-г хурдан мартагдаж, хурдан унтардаг бизнес битгий байгаасай гэж боддог учраас айхтар тэнгэр рүү тултал нь өргөдөггүй. Анх гурван жилийн өмнө нээгдсэн тэр л хэвээрээ өнөөдөр байгаасай гэж хүсдэг. Тэрийгээ ч өнөөдөр хангалттай сайн хийж байгаа гэж боддог. Бид олон тооны байнгын, ах дүү шиг болчихсон үйлчлүүлэгчтэй, чин сэтгэлээсээ ажилладаг дизайнеруудтай тогтвортой ажилладаг. Надад моодны бизнес хэрэггүй. Дизайнерууд маань манайхаас орлогынхоо эх үүсвэрийг авч байгаа ч гэсэн өөрсдийн салбаруудыг байгуулаад, маш амжилттай өсөн дэвжиж байгаад ч маш баяртай явдаг.
-Та хамгийн сүүлд юу бичсэн бэ. Нэлээд хэдэн видео хийсэн харагдсан?
-Өнөө өглөө өдрийн төлөвлөгөө бичсэн. Хоёр өдрийн өмнө тэврэлтийн тухай блог бичээд орхисон байгаа, хэсэг бодож байгаад дуусгана даа. Мөн сүүлийн үед ихэвчлэн видеотой харьцаж байгаа. Цаг үеэ дагаж хөгжих хэрэгтэй байна. Хэдэн жилийн өмнө хүмүүс сонин их уншдаг байсан бол дараа нь фэйсбүүк рүү хошуураад, одоо видеог илүүтэй үзэж эхэлсэн. Тиймээс хүмүүсийн анхаарал хаашаа тэмүүлж байна, тийшээ би бас анхаарал хандуулах ёстой болдог. Бизнесмэн, сэтгүүлч хүмүүсийн ажил чинь л тэр шүү дээ. Миний хувьд хамгийн их хүмүүс бужигнаж байгаа газар бол видео контентийн салбар байна гэж үзэж байгаа учраас анхаарлаа хандуулж байна.
Удаан амьдарч, дараа нь ярих зүйлтэй дурсамжтай байхыг хүсвэл тухтай бүсээсээ гараарай гэж хэлье.
-2019 оны хийх ажлын жагсаалт, төлөвлөгөөгөө танилцуулсан видеог нь үзсэн. Өнгөрөгч хоёр сарын хугацаанд хийнэ гэж төлөвлөсөн ажлууд нь биелэлээ олсон уу?
-Санхүүгээ өдөр бүр төлөвлөх тухай байсан. Түүнийгээ биелүүлж, одоо өдөр бүр, зуун төгрөг ч үрсэн түүнийгээ бичиж байгаа. Нүүрээ будах талаар бас төлөвлөсөн. Маш гоё багсны ком, будаг авсан /инээв/. Хоёр дахь хэвлэлтээ зарж дуусгана гэж бас төлөвлөсөн. 100 хувь биелсэн байгаа.
-Иймэрхүү төлөвлөгөөгөө хэзээнээс эхлэж гаргасан бэ?
-Би багаасаа л тэмдэглэл хөтөлж, төлөвлөх дуртай байсан. Надад олон тэмдэглэлийн дэвтэр байдаг, тэрэн дээрээ би “түүнд сайн болчихлоо”, “тэр намайг тэгж гомдоолоо” гээд л бичээд явдаг байсан. /Инээв/. Төлөвлөгөө гаргаж, зорилго тавьдаг болсон нь сүүлийн гурван жил буюу “Гүмүда”-г нээснээс хойш л юм байна.
АМЬДРАЛЫН ОХЬ ШИМИЙГ ХҮРТЭЖ ЯВААРАЙ
-Та их мөрөөдөмтгий бололтой?
-Боломж л гарвал мөрөөддөг /инээв/. Мөрөөдөл гэдэг нь ихэвчлэн зорилгууд л юм даа. Яг унтах гэж байхад гэнэт нэг тийм дурлачихсан юм шиг мэдрэмж төрүүлээд “За тэрийг л хийчих юм сан” гээд инээд хүрээд маш их аз жаргалтай болдог. Мөрөөдөл рүү тэмүүлсэн, яарсан сэтгэгдэл надад маш их төрдөг. Ялангуяа тэр яарах сэтгэл хөдлөл бол бүр “аймшигтай”... Хэдийгээр мөрөөдөмтгий романтик ч гэсэн хэтэрхий тэнгэрийн юм ярьж мөрөөддөггүй юм шиг байна лээ. Ер нь би анхнаасаа л гурван мөрөөдөл буюу зорилготой байсан. Би ч тэднийг бодож олсон юм биш... Угаасаа байсан зүйлс л дээ. Тэр нь миний зорилго болчихсон гэх юм уу даа.
-Нууц биш бол бидэнтэй хуваалцаач?
-Хүний амьдралын утга учир чинь ном бичих, хүүхэд гаргах, мод тарих байдаг. Би багадаа тэгж сонсчихоод тэр гурвыг л хийнэ гэж боддог байсан. Тэгэх юм бол миний амьдралын зорилго биелнэ гэж боддог. Ном бичих нь миний карьерийн үйл явц. Гэхдээ би одоо ном биччихсэн, ингээд миний зорилго биеллээ гэж ярих нь өрөөсгөл л дөө. Энэ бол зөвхөн эхлэл. Хүүхдийн хувьд би багаасаа л ээж болох юм сан гэж боддог байсан. Ялангуяа ихэр хүүтэй болно гэж боддог байлаа. Болох байх аа. Мод тарихын тухайд бол хараахан чадаагүй байна. Энд тэнд суулгац суулгаад, ганц нэг нүхэнд мод тарьж байсан боловч энэ миний хүсдэг мод тарих зорилго биш. Гэр бүлтэй болчихоод нөхөртэйгөө, хүүхдүүдтэйгээ хашаандаа цэцэрлэгт хүрээлэндээ мод тариад суух байхыг мөрөөддөг. Магадгүй тэр модыг өндөр сагсгар ой болтол нь би амьд байхгүй байсан ч миний хүүхдүүд тэр моддын дундуур алхана шүү дээ гэж мөрөөддөг.
-Таны хувьд олон нийтэд зориулсан арга хэмжээнүүдэд нэлээд олон удаа илтгэл тавьсан байдаг. Иймэрхүү уулзалтад оролцоход таниас ихэвчлэн ямар асуултыг асуудаг вэ?
-“Яаж ийм олон ажлыг амжуулдаг юм бэ” гэж л их асуудаг. Хамгийн гол нь бага цагт ихийг амжуулна гэдэг нь өөрөө хамгийн гоё эрх чөлөө. Сонголт хийх эрх чөлөөтэй байна гэдэг маань өөрөө баян байгаагийн хэлбэр. Би энэ олон ажлыг бүгдийг нь цалгардуулалгүй гайгүй сайн авч явахыг хичээдэг. Учир нь бүх ажил маань намайг цагт бариулалгүй, өөрийнхөө потенциалиар ажлаа хийхийг зөвшөөрдөг. Тиймээс би хэзээ ч тав дахийг хүлээдэггүй, нэг дэхийг үзэн яддаггүй. Би бүх ажилдаа хайртай учраас шөнө унтахтаа бодоод, өглөө зүүдэлж сэрдэг. Ажлууд маань надад эрх чөлөөтэй байх боломжийг олгодог учраас би илүү олон юм хийх чадалтай байгаа юм. Тэрнээс биш аль нэг оффис дээр өглөө 09.00-18.00 цаг хүртэл “хадагдчих” юм бол залхаад, ядраад юу ч хийх хүсэлгүй болчихно шүү дээ.
“Яаж ийм олон ажлыг амжуулдаг юм бэ” гэж л их асуудаг. Хамгийн гол нь бага цагт ихийг амжуулна гэдэг нь өөрөө хамгийн гоё эрх чөлөө.
-Сүүлийн үед “Гамма”-тай хамтарч байгаа. Энэ талаараа дэлгэрүүлээч?
-“Гамма” бол эрүүл амьдралын хэмнэлийн компани юм. Бид технологи болон мэдлэг дээр тулгуурлан хүний зуршлыг өөрчилж, улмаар амьдралыг нь өөрчлөх зорилготой. Хүний амьдралд таргалалт, сэтгэл гутрал, хорт зуршлууд гээд л олон сөрөг хүчин зүйлүүд бий. Тэр бүгдийг, lifestyle-ийг нь сайжруулах аргаар өөрчилдөг. Миний их дурлаж, хамаг зүрхээрээ татагдан орсон ажил маань. UBS-ээс гарснаас хойш олон ажлын санал ирж байсан ч “Гамма”-тай хамтран ажиллахаа л хүлээж байсан юм шиг байгаа юм.
-2019 онд хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлаа хуваалцаач?
-2018 онд би их бичсэн. Харин энэ онд би бичлэг их хийе гэж бодож байгаа. Youtube дээр Gamma багийнхан бид сувагтай болсон байгаа. Тэндээ хийхээр зорьж байгаа ажлуудынхаа талаар, амьдралын зөв хэмнэлийн талаар видео контентууд бэлтгэн цацах болно.
-Таны амьдралдаа хэвшүүлж явдаг үг, үйлдэл юу вэ. Ярилцлагыг тань уншиж буй уншигчдад урмын үг хэлээч гэвэл ?
-Амьдралын охь шимийг хүртэж яваарай. Надад энэ үгийг инстаграмаар нэгэн уншигч маань явуулсан юм. Надад үнэхээр их хайр мэдрэгдсэн. Зүгээр нэг аз жаргал, амжилт бүтээл биш бүх л амьдралын охь шимийг надад ерөөсөн. Тийм болохоор би энэ үгийг номынхоо эхний нүүрэнд бичиж, гарын үсгээ зураад миний ном худалдан авсан хүн бүрт энэ ерөөлийг илгээдэг болсон. Би хүн бүхэнд энэ үгийг хэлж, “Чи үнэ цэнэтэй, үүнээс илүүг хүртэх ёстой” гэж ойлгуулмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 15 )
Сурлага тааруухан бол хэцүү гавихгүй хүүхэд байж ??Гэнэт цойлсон юм биз дээ ХА ХА?
tegeed yund ni gaihuuldiin .. mangar hog weeeeeeeeeeee
Blog-ийнх нь нэр, Youtube channel -ийнх нь линк байвал өгөөрэй.
Sonirholtoi, hongon goy yriltslaga bna daa
unheep goy niitlel bna hpah toolondoo sonsoh unshih toolondoo l bahaphaj hicheeg ystoi gdgig mn oilguulj tulhej ugdugt bayplalaa
Mundag ohin shuu ❤
ene gambirshig tsaraitai huuhen hen yumbee? heniinch medehgui unshih getsu bdg lav muu surdag hun yumshig bn
ene gambirshig tsaraitai huuhen hen yumbee? heniinch medehgui unshih getsu bdg lav muu surdag hun yumshig bn
ene gambirshig tsaraitai huuhen hen yumbee? heniinch medehgui unshih getsu bdg lav muu surdag hun yumshig bn
ene gambirshig tsaraitai huuhen hen yumbee? heniinch medehgui unshih getsu bdg lav muu surdag hun yumshig bn
ene gambirshig tsaraitai huuhen hen yumbee? heniinch medehgui unshih getsu bdg lav muu surdag hun yumshig bn
“Чи өөрөө мэдэж байгаа байх аа, Би чамайг буруу зүйл хийхгүй гэдэгт итгэж байна аа” гэдэг. Тийм ч учраас би унасан ч ард талд минь надад үргэлж итгэдэг хүн байгаа гэж бодоод юунаас ч айдаггүй, илүү зоригтой байдаг юм болов уу.
НОМОО ОЛОН ШИРХЭГ ХЭВЛЭХЭЭС ИЛҮҮ ЗӨВ ХҮМҮҮСТ НЬ ХҮРГЭХИЙГ ЗОРЬДОГ энэ л зөв. Хайран сайхан номнууджорлонд хэвтэж бдаг.
sain bn, bayar hurgiie amjilt