2022 он гарснаас хойш Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл гэх мэт хэд хэдэн аймагт газар хөдлөлт ойр ойрхон бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл он гарсаар улсын хэмжээнд газар хөдлөлт хэр давтамжтай болсон талаар ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл, судлалын үндэсний мэдээллийн төвийн эрхлэгч А.Мөнхсайхантай холбогдож тодрууллаа.
-Он гарсаар хичнээн удаан газар хөдлөлт болов. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-2022 он гарснаар монгол орны нутаг дэвсгэрт 4800 орчим удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс 3.5 магнитутаас дээш хүчтэй хөдлөлт таван удаа болсон. Тодруулбал, нэгдүгээр сарын 5-нд Баянхонгорын Жаргалантад, нэгдүгээр сарын 6-нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, нэгдүгээр сарын 17-нд Говь-Алтай аймгийн Алтайд, нэгдүгээр сарын 22-нд Архангай нь Их тамирт, нэгдүгээр сарын 23-нд Хөвсгөлийн Ханхад тус тус газар хөдөлсөн.
Мөн нэгдүгээр сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Бугадад 3.4 магнитутын газар хөдлөлт болсон.
-Саяхан Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлсөн. Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт их бага хэмжээний олон газар хөдлөлт болсон гэх мэдээлэл бас байдаг. Энэ жилийн хувьд ямар мэдээтэй байна вэ?
-Он гарснаас хойш Ханхад 1400 орчим газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Ер нь Монгол орны нутаг дэвсгэрт жилд дунджаар 40-50 мянган удаагийн давтамжтай хасах, нэмэх магнитуттай газар хөдлөлт болдог. Хүмүүс гэхдээ газар хөдлөлтийн тоон дээр акцент өгөөд нэмэгдээд байна гэж яриад байдаг. Тийм биш. Магнитутын хүчээс хамаарч ярих ёстой.
-Тэгэхээр өдөр бүр газар хөдлөлт болж байдаг гэсэн үг үү?
-24 цагийн хугацаанд, Монгол орны нутаг дэвсгэрт 250-350 удаагийн газар хөдлөлт болж байдаг.
-Та дээр яриандаа хасах магнитуттай газар хөдлөлт болдог гэсэн. Тэр талаараа тодруулаач?
-Магнитутыг тодорхойлж байгаа томъёо нь логорифмийн утгаар явдаг учраас хасах магнитут руугаа ордог. Гэхдээ ингэж тайлбарлахаар олон нийтийг төөрөгдүүлж магадгүй учраас 0-ээс дээш магнитуттай гэж тайлбарладаг.
-Магнитут хэд хүрсэн тохиолдолд аюултай гэж тодорхойлох вэ?
-Монгол орны нутаг дэвсгэрт болж буй энэ газар хөдлөлтүүд /3.6-6.5 магнитут/ дундаж хөдлөлтөд орно. 7 магнитутаас дээш болоод ирэхээрээ хүчтэй газар хөдлөлтөд тооцогдоно. Сүүлийн жилүүдэд хүчтэй газар хөдлөлт бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )