Сэтгэл зүйн асуудал нийгмийн онцгой сэдэв болоод байна. Сэтгэл зүйн дарамтаас болж өсвөр үеийнхэн амиа хорлож, хэн нэгнийг дарамталж, бах таваа хангадаг гаж үйлдлүүдийн тохиолдлууд нэмэгдсээр... Тиймээс нийгмийн онцгой сэдэв болсон сэтгэл зүйн асуудлаар “Гэрэлт Ирээдүй” сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч Э.Ану-Үжинтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-ийг төгссөн, Сингапур дахь “DISC Asia plus”-ийн албан ёсны эрхтэй зөвлөх бөгөөд 2018 оноос эхлэн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйчээр ажиллаж байгаа туршлагатай.
-Манай улс “Амиа хорлолтын тохиолдол”-оор дэлхийд нэлээд дээгүүр биччигддэг талаарх ДЭМБ-ын судалгаа байна. Тэр дундаа өсвөр үеийнхний амиа хорлолт сүүлийн жилүүдэд нэмэгдлээ. Үүнд та ямар дүгнэлт хийж байна вэ?
-Амиа хорлолтын нэг гол шалтгаан нь сэтгэл гутрал. Сэтгэл гутралд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд илүү өртдөг гэх судалгаа бий. Дэлхий дээр сэтгэл гутралаас болж 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож байдаг бөгөөд тэдний дийлэнх нь эрчүүд байдаг гэж судалгаанд тэмдэглэсэн байна.
Өсвөр үейинхэн буюу 16-22 насанд төлөвшлийн үе шат явагддаг бөгөөд энэ үеэс хариуцлагыг бага багаар мэдэрч ухамсарладаг болно гэсэн үг. Гэтэл манай Монгол хүүхдүүдийн хувьд энэ үе нь сэтгэл зүйн талаараа бусдаас хэт хамааралтай байдаг нь ажиглагддаг. Энэ нь нэг талаараа гэр бүл, асран хамгаалагчдын харилцааны арга барилтай холбоотой. Нөгөө талаар өсвөр үеийнхэн өөрсдөө хохирогчийн дүрээр амьдарч байгаадаа дасан зохицож байна.
Эцэг эх нь, асран хамгаалагчид нь сэтгэл зүйдээ анхаардаггүйгээс болж өсвөр үеийнхний сэтгэл зүй тодорхой бус харилцаан дунд төлөвшөж байна л даа. Тэгэхээр сэтгэл зүйн талаарх нийгмийн бодлыг өөрчлөх, анхаардаг болгох хэрэгтэй.
-Амиа хорлолтын гол шалтгаан нь сэтгэл гутрал гэж ярилаа. Энэ нь ямар шинж тэмдэгтэйгээр илрэх вэ?
-Сэтгэл гутралд орсон хүн юмсыг байгаагаар нь хүлээж авч чаддаггүй, бодит бусаар хүлээж авдаг. Сэтгэл зүйн хувьд өнгөрсөнд болсон үйл явдал, цаг хугацаандаа гацчихсан байна. Хүн гаднаа хэдийгээр инээд алдаад, баяр жаргалтай харагдах боловч дотроо сэтгэл гурталд орсон байж болно. Стресс бухимдалт нь сэтгэл гутралын эхний шат, тэр бүгд нэмэгдэж, бугших тусам сэтгэл гутралын хүнд хэлбэр лүү шилждэг.
Түүнчлэн сэтгэл гутрал нь архи, тамхины донтолттой шууд холбоотой. Хүн сэтгэл гутралд өртөхөөрөө юунд донтож байгаагаа анзаардаггүй юм байна. Тиймээс дутуугаа нөхөх мэдрэмжийг донтолтоосоо авдаг. Түүндээ хайрцаглагдаад эцэстээ сэтгэл гутралд өртдөг.
Голлох шинж тэмдэг нь нийгэмд хор хөнөөлтэй зан байдал гаргах, аливаа зүйлийг бодитоор ухамсарлахгүй болох, хяналтаа алдах гэх мэт эмгэгээр илэрдэг.
-Зэрлэг балмад үйлдэл гаргаж байгаа хүүхдүүдийг нийгмээрээ хүмүүжилгүй, ухамсаргүй гэж дүгнэдэг. Өсвөр насныхантай харилцаж байсан хүний хувьд түүний гол шалтгааныг судалж байв уу?
-Эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн дутуу мэдрэмжийг хүүхдэдээ тулгахыг хайр гэж үзээд байна. Эцэг, эхчүүд хүүхдээ биеэ дааж нийгэмшихэд туслалцаа үзүүлэх ёстой байтал үл тоох байдлаар харилцаж, тэдэнтэй ярилцдаггүй. Уур бухимдлаа хүүхдэдээ шууд гаргадаг. Энэ нь өнөөгийн сөрөг үр дагаварыг бий болгож байгааг өөрсдөө ч мэддэггүй нь харамсалтай. Хүүхдийг хүмүүжилгүй, ухамсаргүй болгодог гол хүчин зүйл чинь гэр бүл шүү дээ. Хүүхэд юу харна түүнийгээ л дуурайдаг.
-Уурлаж бухимдсанаасаа болоод бусдыг гэмтээх, олон хүний анхаарлын төвд байхыг хүсэх зэрэг асуудлууд нь сэтгэцийн эмгэгийн нэг шинж тэмдэг мөн үү?
-Өөрийгөө “дэлхийн төв” гэж харж байгаа юм болов уу. Хүн ер нь өөрийгөө бусдад ойлгуулах гэж хэт тулгадаг. Гэхдээ түүнийгээ ухамсарладаггүй. Энийг гэхдээ яг ч сэтгэцийн эмгэг гэхгүй. Харин анхаарал татах хэлбэр гэж үзэж болно. Харилцаа болон асуудлыг шийдвэрлэх аргаа олохгүй, буруу арга зам хайгаад байна гэх юм уу.
-Хүүхдийг сэтгэл зүйн хувьд эрүүл хүн болгож өсгөхийн тулд эцэг эхчүүд юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Хүүхэдтэйгээ хэвлийд байхаас нь ярилцдаг байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхэдтэй шударга харилцан, маш сайн сонсож байх нь чухал. Түүнчлэн стресс бухимдлаа зохицуулах цагийг өөртөө тогтмол гаргадаг болсныхоо дараа хүүхэдтэй болох хэрэгтэй.
-Сүүлийн үед олон нийт муу мэдээнд илүү их ач холбогдол өгч, шуурдаг болсон. Энэ нэг талаараа стресст оруулж, сэтгэл гутралд оруулах боломжтой юу?
-Энэ бол сэтгэл зүйн дархлаагаа муутгаж байгаа нэг хэлбэр л дээ. Шүүмжлэл, үнэлэлт дүгнэлт нь эргээд өөрийг тань бухимдуулж, тархийг ядраана. Тиймээс үр хүүхэддээ муу муухайг эхлэн харуулахаасаа өмнө урьдчилан сэргийлж, ийм нийгэмд нь дасгах амьдралын боловсролыг суулгаж өгөх хэрэгтэй. Бид үр хүүхдээ нийгмийн харилцаанд орж алдахаас нь өмнө урьдчилан сэргийлж чадна. Гэтэл түүнийгээ хийж чадахгүй байгаагаас болоод хүүхдүүд маань алдаж байна.
Хүүхдийн сэтгэл зүйг ойлгохын тулд эцэг эхчүүд өөрсдөө суралцах хэрэгтэй. Эрүүл сэтгэл зүйтэй гэр бүлд эрүүл хүүхэд л хүмүүжинэ. Энэ бол энгийн мэт боловч маш их хөдөлмөрийн үр дүнд бий болдог зүйл юм шүү.
-Ер нь ямар тохиолдолд сэтгэл зүйч болон эмнэлэгт хандах шаардлагатай вэ?
-Сэтгэл зүйч дээр ирж байгаа бага насныхан ихэвчлэн эцэг, эхийн хүсэлтээр ирдэг. Өөрсдөө яагаад ирж байгаагаа ойлгодоггүй.
Харин өсвөр насныхан яагаад сэтгэл зүйч дээр ирж байгаагаа тодорхой хэмжээнд мэддэг болсон байдаг. Тэдний ирж буй шалтгаан янз бүр.
Тухайлбал, сурлага муудсан, хулгай хийсэн, бусадтай зүй бус харьцсан зэрэг шалтгаанууд олон бий. Үүнээс гадна өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй байх, өөртөө итгэлгүй байх, донтолтоосоо салахыг хүсэх, өөрийгөө алдсан юм шиг санагдаад ирэх, бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа шалтгаанаа олох зэргээр сэтгэлзүйчид мөн ханддаг.
Ярилцсан: Н.Еркегүль
Сэтгэгдэл ( 1 )
Tsuuvuulj bdag gishi ugaa hutsna ve