Дэлхийн нийтийг айдаст автуулсан цар тахлын улмаас хойшлогдоод байсан “ТЭРГЭНЦЭРТЭЙ ДЭЛХИЙН МИСС” шалгаруулах тэмцээн энэ оны аравдугаар сард Мексикт зохион байгуулагдах тов гарсан. Дэлхийд хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Болдын Лхамсүрэн оролцох гэж байна. Тэрбээр 2019 онд Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Тэргэнцэртэй сайхан бүсгүй-2” тэмцээний Үндэсний ялагч болж, дэлхийд өрсөлдөх эрхийн эзэн болсон юм. Тус тэмцээнд манай улс анх удаагаа оролцоно.
Орхон аймагт нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг түүнийг хотод ирснийг дуулаад нэлээд олон өдөр ярилцаж, тохиролцсоны дараа уулзах газраа товлосон юм. Б.Лхамсүрэн хотод суурьших төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Орхон аймагт эрхэлдэг байсан жижигхэн бизнесээ хотод нүүлгэж авчирсан талаараа ярьснаар бидний уулзалт эхэллээ. Аядуу, намуухан дуу хоолойтой, үргэлж инээмсэглэж ярих түүнийг хараад хийж буй бизнес нь яахын аргагүй зохиж дээ гэх бодол төрж байсныг нуух юун.
Тэрбээр 16 жилийн өмнө авто осолд орж, алхаж чадахаа больсон гэнэ. 16 жил гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж байсан түүнийг нэг л өдөр гэрээс нь гаргаж, нийгэм рүү уруу татсан хүн нь “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” улсын анхдугаар тэмцээний ялагч Д.Цолмон. Тэрхүү урилгыг хүлээн авч, зөвшөөрөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн нь түүний хань. Энэ талаараа тэрбээр “Цолмон над руу захидал бичсэн “Тэмцээнд орооч ээ” гэж. Тухайн үед өөртөө итгэхгүй, эргэлзээд нэг хэсэгтээ хариу өгөөгүй. Гэтэл нөхөр маань “Ороод үз. Чи чадна” гэж урам өгсөн. Тэр үг надад маш том дэм болсон” хэмээн ярьж байв.
Ийнхүү тэр “Хөгжлийн бэрхшээл” гэх үгээр хөгжих боломжоо хаасан олон эмэгтэйчүүдэд урам өгөхөөр “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнд бүртгүүлсэн байна.
Сар гаруйн хугацаанд бэлтгэл ажил нь явагдсан тус тэмцээний “Авьяас” төрөлд тэрбээр тэргэнцэртэй бүжиг бүжиглэж, хамгийн өндөр оноог авчээ. Тийнхүү тэрбээр бүжгийн урлагт дурлаж “тэргэнцэртэй бүсгүйчүүд бүжиглэж чаддаг шүү” гэх сэдлийг олон бүсгүйчүүдэд өгсөн юм.
Б.Лхамсүрэнгийн амьдралдаа мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж нь "ЭЭЖ БОЛСОН АГШИН” нь гэсэн. Ээж болоход нь, ээж байхыг заасан, ээждээ тэр талархалаа илэрхийлж байв. Олон залуу ээжүүдийн адилаар элдэв зүйл сонсвол хямарч, өөртөө тусгаж авдаг байсан талаараа тэрбээр “Хүүхдээ хэвтэж хөхүүлбэл нойрондоо хүүхдээ хөхөөрөө дарчихдаг гэж сонссон учраас шөнө хэдэн цаг болсон ч хамаагүй хүүгээ босч суугаад хөхүүлдэг байсан. Өөрөө босч чадахгүй учраас нөхрөөрөө, ээжээрээ татуулаад л босно. Одоо би эмэгтэй хүнийг хамгийн сайн ойлгодог хоёр сайхан хүүтэй. Хөвгүүддээ эмэгтэй хүнийг ойлгодог, хүндэлдэг хүн болоорой гэж захидаг. Хүүхдүүд маань ээжийгээ нэг ч удаа хөгжлийн бэрхшээлтэй гэж дургүйцэж, эвгүйцэх үйлдэл үзүүлж байгаагүй. Сайн хань, аав, ээж, ах дүү, үр хүүхдийн ачаар би өнөөдөр яг л эрүүл хүн шиг хөдөлмөрлөж, хөгжиж явна” гэж ярьж байлаа.
Хөл дээрээ босох хүсэл өвөртлөн гадаадыг зорьж, хагалгаа хийлгэж, багагүй хугацааг үдсэн ч эцэст нь “Хөл дээрээ босох боломжгүй” гэх хариу авсан талаараа тэрбээр “Тэр үгийг сонсоод маш их уйлсан. Тэнгэр нураад ирэх шиг л санагдсан. Тухайн үедээ зогсолтгүй нэг сайн уйлж өгөөд өөрт байсан стрессээ гаргачихсан байх. Түүнээс хойш шаналж, бухимдаж, гомдоллоогүй” хэмээн ярьсан.
Цар тахалтай холбоотойгоор хийж бүтээхийг зорьсон олон ажил нь хойш татагдаад байгаа ч нийгмийг тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй болгоход өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа талаараа тэр мөн ярьж байв.
“Дэлхийн тэргэнцэртэй мисс” шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж, амжилттай оролцохоор бэлтгэл ажлаа базааж буй тэрбээр гэр бүлийн хамт тун удахгүй их хотод суурьшина. Том хүү нь анги хамт олноосоо холдохгүй гэсэн учраас эмээ, өвөө дээрээ үлдэж, бага хүү, аав, ээж гурав нийслэл хүрээний оршин суугчид болох аж. Тийнхүү өөрт илүү хүртээмжтэй орчинд амьдрахын сацуу, хөгжлийн бэрхшээлтэй олон эмэгтэйчүүдтэй дуу хоолойгоо нэгтгэхэд ойртож байгаа нь түүний хувьд том ахиц гэсэн юм.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )