Венесуэлийн эрх баригчид улс оронд үүсээд буй эрчим хүчний хямралтай холбогдуулан мягмар гарагийг /2019.03.12/ амралтын өдөр болгон зарлалаа.
Ингэснээр амралт тав дахь өдрөө үргэлжилж байна. Гуравдугаар сарын 7-ны өдөр тус улсын эрчим хүчний хэрэглээний 80 хувийг хангадаг “Эль Гури” усан цахилгаан станцад томоохон осол гарсны улмаас тус улсын 23 мужийн 20 нь гэрэл цахилгаангүй болсон юм.
Эрчим хүчний хямралд тээвэр, цахилгаан болон усан хангамжийн салбар ихээхэн өртсөн. Өдөрт хэдэн сая хүнд үйлчилдэг Каракас хотын метро өнөөг хүртэл хаалгаа барьсан хэвээр байгаа бөгөөд үүрэн холбооны утас, интернетийн сүлжээ доголдож, утсаар ярих, мэдээлэл явуулах бараг боломжгүй болжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро цахилгаан хангамжийн үндэсний системийн хэвийн ажиллагааг хангах тал дээр эрх баригчид хүчээ дайчлан ажиллаж байна гээд үүссэн нөхцөл байдлыг цахим халдлагатай холбон тайлбарлажээ. Даваа /2019.03.11/ гарагаас эхлэн иргэдийг хүнсээр хангах, эмнэлгүүдэд тусламж үзүүлэх, ундны усаар хангах зэрэг ажил зохион байгуулах үүрэг өгчээ.
Энэ үеэр сөрөг хүчний хяналтад буй Венесуэлийн Үндэсний ассамблей өчигдөр /2019.03.11/ тус улсад онц байдал тогтоох асуудлыг дэмжжээ. Өөрийгөө тус улсын тэргүүн хэмээн өргөмжлөөд буй Үндэсний ассамблейн дарга Хуан Гуаидогийн санал зуун хувийн дэмжлэг авсан байна. Онц байдал 30 хоног үргэлжлэх бөгөөд дахин мөн хугацаагаар сунгах боломжтой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )