Венесуэл: 1450 амиа алдаж, олон арван мянган хүн ор сураггүй байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Венесуэлд өнгөрсөн лхагва гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1450-д хүрч, олон арван мянган хүн ор сураггүй байна. НҮБ-ын мэдээллээр, 50 мянга гаруй хүн ор сураггүй байна.

Одоогийн байдлаар, 3142 гэр бүл орогнох байруудад байрлаж байна. Дараалан болсон хүчтэй хоёр газар хөдлөлтийн дараа нийт 430 удаа чичирхийлэл бүртгэгджээ.

Венесуэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Делси Родригесийн мэдэгдсэнээр, аврах ажиллагааны зохицуулалтыг хангах зорилгоор байгалийн гамшигт хамгийн ихээр өртсөн Ла Гуайра мужийн хяналтыг цэргийнхэнд шилжүүлсэн байна.

НҮБ-ын мэдээлснээр, авран хайх ажиллагаанд олон улсын мянга гаруй мэргэжилтэн, эрэлч ноход нэгджээ.

Венесуэлийн хэвлэлүүдийн мэдээллээр, баасан гарагийн өглөө Швейцараас 80 аврагч эрэлч нохдын хамтаар, 18 тонн хүмүүнлэгийн тусламж ирсэн байна. Мөн Мексик болон Латин Америкийн орнуудаас аврагчид, хүмүүнлэгийн тусламж авчээ. Авран хайх ажиллагаанд Испанийн аврагчид мөн нэгдээд байгаа бол Итали, Чех, Франц, Герман, Люксембург, Португал, Нидерланд зэрэг Европын орнууд аврагчдаа илгээж байна гэж Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ.

Их Британийн “Voyager” цэргийн онгоц аврагчид эрэлч нохдын хамтаар Венесуэл рүү нисжээ. Их Британийн засгийн газар нийт хоёр сая фунтийн тусламж үзүүлэхээр болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус хүмүүнлэгийн тусламж болон мэргэжилтнүүдээ илгээхээ мэдэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top