Хижабтай уран гулгагч Захра Лари

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Өнөөдөр Дэлхийн оюутны универсиад наадам хөшгөө хаана. ОХУ-ын Красноярск хотод дэлхийн өнцөг булан бүрээс цугласан оюутан тамирчид бүтэн 10 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэдний дундаас онцлох нэгэн тамирчин байсан нь АНЭУ-ын уран гулгагч Захри Лари байлаа. Түүнийг үзэгчид, сэтгүүлчид “Хижабтай уран гулгагч” хэмээн нэрлэсэн юм.

Захра Лари

1995 оны 3-р сарын 3-нд Абу-Дабид төрсөн.

Азийн өвлийн наадамд 18-р байр эзлэсэн. (2016/17)

“ISU Challenger Series” цуврал тэмцээнд оролцсон.

- Alpen Trophy – 28-р байр (2018/19)

- Tallinn Trophy – 28-р байр (2018/19)

- Nebelhorn – 33-р байр (2017/18)

Захра Лари бол АНЭУ-ын анхны мэргэжлийн уран гулгагч. Олон улсын тэшүүрийн холбоо ISU түүнд зориулан дүрмээ өөрчилж, эмэгтэй тамирчдыг хижаб, толгойн өмсгөлтэй гулгахад оноо хасдаг байснаа цуцалсан юм.

Түүний дасгалжуулагч нь ОХУ-ын мэргэжилтэн Александра Иевлева. Александра шавийнхаа талаар “Маш ухаантай тамирчин. Ийм боловсролтой, хүмүүжилтэй, мэдрэмжтэй тамирчин ховор. Захра бүх юманд үнэн сэтгэлээр ханддаг, хошин шогийн мэдрэмжтэй, нээлттэй сайн бүсгүй. Ийм шавьтай болсондоо би баярладаг” гэж ярьж байв.

ОХУ-ын Спорт Экспресс” сонины сурвалжлагч Егор Бычков Универсиад наадмын үеэр түүнтэй уулзан ярилцсан байна.

– Сүүлийн хэдэн өдөр та хэдэн ярилцлага өгөв?

– Тоогоо алдахаар их өгсөн.

– Амьдралдаа өгч байснаасаа илүү олон ярилцлагад орлоо гэж хэлж болох уу?

– Нутагтаа байхдаа ч би олон ярилцлага өгдөг байсан. Гэхдээ тэнд бүх юм хуваарьтай байсан бол Орост ирээд өдөрт хэд хэдийг өгч байна. Бэлтгэл хийхээсээ илүү ярьж байна гэж хэлэхэд болно. Хэвлэлийнхэн ирнэ гэж мэдэж байсан ч ийм олон сэтгүүлч ярилцлага авна гэж төсөөлөөгүй.

– “Ice Princess” кино үзээд уран гулгалтаар хичээллэх болсон гэж сонссон.

– 12 настай байхдаа анх ээждээ тэшүүрээр гулгамаар байна гэж хэлсэн. Аюултай тул болохгүй гэж ээж шууд татгалзаж байлаа. “Гэмтэж бэртвэл хичээлээ хийж чадахгүй, боловсрол хамгийн чухал” гэж ээж хэлдэг байсан. Тэгэхээр нь аав дээрээ очлоо. Аав маргааш нь намайг мөсөн талбайд аваачиж, уран гулгалтын секцэнд оруулсан. Эхний 3 жил би 7 хоногт ганцхан удаа хичээллэж байв. Дасгал сургуулиа сайн хийж байсан тул дасгалжуулагч намайг өдөр бүр хичээллүүлдэг болсон. Харин ээж муу сураад их сургуульд орж чадахгүй бол уран гулгалтаа хаях болно шүү гэж хэлдэг байж билээ. Аав намайг бэлтгэл хийж болно, харин тэмцээнд хэзээ ч оруулахгүй гэж хэлсэн. Хүмүүс намайг муулна гэж айсан хэрэг. Аавыгаа ятгасаар би мэргэжлийн тамирчин болж чадсан. Одоо аав, ээж, гэрбүл маань миний хамгийн гол хөгжөөн дэмжигчид болсон. Ээж “Чи Харвардад суралцах мөрөөдлөө орхих гэж үү” гэж асуухад нь би “Үгүй ээж ээ, би таны мөрөөдлийг орхиод өөрийн мөрөөдлөө биелүүлэх гэж байна” гэж хариулсан.

– Анхны багш тань хэн бэ?

– Румын багштай байсан. Уран гулгалтыг хүмүүс сонирхдоггүй болохоор түүний ганц шавь нь би байлаа. Анхны бэлтгэл дээр бараг сая удаа унасан байх. Уг нь би кинон дээр гардаг шиг 3 эргэлттэй үсрэлт хийнэ гэж бодож байсан ч мөсөн дээр тогтоход ч бэрх байлаа. Зүгээр гулгаж сурахад л хэдэн сар зарцуулсан. Азаар би санасандаа хүрэхийг хичээдэг шургуу хүн, хэд унах хамаа байхгүй.

Image result for Zahra LARI

– 12 настайдаа уран гулгалтаар хичээллэжээ. Тэр үеийн спортын мөрөөдөл юу байв?

– Мөрөөдөх зүйлгүй, зүгээр л гулгаж сурах гээд л хичээсэн. 15-16 настайдаа л тэмцээн уралдаанд орох талаар бодож эхэлсэн. Дараа нь Олимпийн наадамд оролцох мөрөөдөлтэй боллоо. Олимпод оролцсон АНЭУ-ын анхны эмэгтэй уран гулгагч болбол сайхан даа.

– Та хижабтай гулгасан анхны тамирчин. Хэрэв холбооноос дүрмээ өөрчлөлгүй торгодог хэвээр байсан бол та яах байсан бэ?

– Би гулгасаар, тэмцсээр л байх байсан. Хижабтай гулгахад буруу зүйл юу ч байхгүй гэдгийг би хүмүүст харуулахыг хүссэн.

– Александра Иевлеватай хэзээ танилцав?

– Зургаан жилийн өмнө анх танилцаад хамтран ажиллах санал тавьсан. Харин багш 3 жилийн дараа л АНЭУ-д ирээд зөвшөөрсөн юм. Энэ үед манай гэрийнхэн уран гулгалтын клуб нээчихсэн байлаа. Манайх Эмиратын анхны клуб, бүх уран гулгагч манай клубт хичээллэдэг.

Image result for Zahra LARI

– Та нутагтаа хүүхдүүдэд уран гулгалтын хичээл заадаг гэсэн. Дасгалжуулагч болох хүсэлтэй юу?

– Багшдаа туслах гээд хэсэгхэн хугацаанд л хичээл зааж үзсэн. Ирээдүйд дасгалжуулагч болохыг үгүйсгэхгүй. Би АНЭУ-ын уран гулгалтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Миний мэдлэг, туршлага энэ спортыг эх орондоо хөгжүүлэхэд тус дэм болох ёстой. Одоохондоо манай тамирчдын ур чадвар сулхан хэвээр байна. Бид эхлээд олон улсын том тэмцээнд орох зорилго тавьсан. Харин одоо оноогоо ахиулж, медаль хүртэх зорилго тавьж эхлээд байна. Өсвөрийн тэмцээнд медаль авсан нэг охин бий.

– Универсиад наадамд ямар зорилготой оролцов?

– Алдаагүй цэвэрхэн үзүүлбэрээ гүйцэтгэж, хувийн рекорд оноогоо ахиулах.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top