АНЭУ-ын Дубай хотын “Хандам” спорт цогцолборт Тусгай олимпын зуны 15 дугаар наадмын усан сэлэлтийн тэмцээнүүд болж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд Б.Элбэрэлт оролцов. Харин эмэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50 метрийн усан сэлэлтийн төрөлд Э.Гүнжсүрэн нар оролцлоо.
Өчигдөр /2019.0/ эрэгтэй, эмэгтэй 50 метрийн усан сэлэлтийн уралдаан боллоо.
Э.Гүнжсүрэн ангилалдаа наймуулаа байсан бөгөөд, сорилго тэмцээний үеэр наймдугаарт жагсаж байсан ч олимпын тоглолтын үеэр амжилтаа ахиулж, хувийн амжилтаа эвдэж шагналт тавдугаар байрт шалгарлаа. Харин Б.Элбэрэлт сорилго тэмцээний үеэр хувийн дээд амжилтаа эвдэж, тэргүүлж байсан бол олимпын тоглолтын үеэр дөрөвдүгээр байрт жагслаа.
Одоо манай хоёр тамирчныг өнөөдөр гол найдлага тавьж буй төрөх болох 25 метрийн тэмцээн хүлээж байна. Маргааш Б.Элбэрэлт 100 метрт уралдана. Тиймээс амжилтаа ахиулж, Тусгай олимпын медаль авах ойрхон байна.
Э.Гүнжсүрэн 25 дугаар тусгай сургуульд сурдаг бөгөөд усан сэлэлтээр хичээллээд удаагүй. Тусгай олимпийн наадам бол түүний анхны олон улсын хэмжээний наадам юм. “Усан сэлэлтээрээ маш сайн хичээллэж, амжилтад хүрнэ. Бас мисс болно” хэмээн ярих тэрбээр гэр бүлийнхэн болон усан сэлэлтийн багш нар нь маш их дэмждэгт баярлаж буйгаа хэлсэн.
Тусгай олимпийн наадам бол медалийн төлөөх өрсөлдөөн төдий бус юм. Энд хайр, хүлцэл, нэгнээ хүлээн зөвшөөрөх, хүндлэх, итгэл бэлэглэх хөдөлгөөн өрнөж байна.
Тусгай олимпын Зуны 15 дугаар наадамд оролцож буй тамирчдын дунд дауны хам шинжтэй гурван тамирчин байгаагийн нэг нь Б.Элбэрэлт. Тэрбээр усан сэлэлтээр зургаан жилийн хугацаанд хичээллэж байгаа туршлагатай тамирчин. Хонг Конгт болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнээс 25, 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрлөөс хүрэл медаль хүртэж байсан билээ.
Б.Элбэрэлт усан сэлэлтээр хичээллэж, амжилт гаргасан нь Монголын дауны хам шинжтэй хүүхдүүдэд спортоор тэр дундаа усан сэлэлтээр хичээллэж, бие бялдраа хөгжүүлэх замыг тавьж өгсөн гэж хэлж болно.
Сэтгэгдэл ( 0 )