ТУСГАЙ ОЛИМП | Монголын охид медалийн тоог ахиуллаа

2019 оны 03 сарын 19

Монголын багийн Тусгай олимпийн наадмын медалийн тоог охид ахиуллаа. Тэмцээний дөрөв дэх өдрийн орой боччегийн төрлөөр оролцож буй Э.Энхтуул хүрэл, бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр оролцож буй Б.Мягмарнаран хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Монголчууд Абу Дабигийн Тусгай олимпийн наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл буюу нийт 11 медаль хүртээд байна. Өнөөдөр хөл бөмбөгчид маань алтан медалийн төлөө тоглолт хийнэ.

Монголын Тусгай олимпын багт хөдөө орон нутгийн тусгай сургуулиас долоон хүүхэд багтсан бөгөөд тэдний хоёр нь Э.Энхтуул, Б.Мягмарнаран нар юм.

Э.Энхтуул Ховд аймгаас ирж оролцож байгаа бөгөөд, өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн боччегийн төрлөөр хичээллэж эхэлжээ.

Б.Мягмарнаран Дарханаас Тусгай олимпийн наадамд оролцохоор сонгогдсон. Тэрбээр бадминтоны спортоор хичээллээд багагүй хугацаа болж буй. Энэ удаагийн Тусгай олимпын наадамд ганцаарчилсан, хосын, дэмжин тоглогчтой гэх төрлүүдэд оролцохоор ирсэн. Хамгийн олон тоглолтыг хийх хүндхэн ачаа түүнд ногдоод буй. Гэвч амжилтаа ахиулж, медалийнхаа тоог нэмнэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top