Монголын багаас анхны медалиудыг жүдочид хүртлээ
Тусгай олимпийн Зуны 15 дахь удаагийн наадам АНЭУ-ын Абу Даби хотноо 2019.03.14-нд эхэлсэн. Олимпийн хоёр дахь өдөр жүдогийн эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд барилдсан Э.Бямбажаргал болон эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд барилдсан Ө.Амарсанаа нар маань хүрэл медаль хүртэж Монголын багийн медалийн салхийг хагаллаа. Манай улсаас жүдогийн төрөлд таван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд бүгд нэгдүгээр ангилал буюу жиндээ ур чадвараараа хамгийн сайн тамирчидтай өрсөлдөж буй. Тиймээс энэхүү хүрэл медаль багагүй хүч хөдөлмөрөөр бидэнд ирлээ.
Ангийнхаа амжилтыг ахиулсан спортлог охин
Энэ удаагийн тусгай олимпийн Монголын багт орон нутгаас долоон тамирчин багтсан. Тэдний нэг нь тэмцээний медалийн салхийг хагалсан Э.Бямбажаргал охин юм. Тэрбээр Завхан аймгийн дөрөвдүгээр сургуулийн тусгай ангид сурдаг аж. 17 настай түүний хувьд олимпийн наадамд өрсөлдсөн тамирчдаасаа насаар хамгийн бага нь байжээ. Олимпийн наадамд явахад нь охиноосоо дутахгүй баярлаж байсан ээждээ болон, энэхүү амжилтад хүрэхэд тусласан Завхан аймгийн Тусгай хэрэгцээт боловсролын багш н.Оломбаяртаа баярлаж буйгаа биднээр дамжуулахыг хүсчээ.
Ө.Бямбажаргалын хувьд ангидаа есүүлээ. Бүгд спортоор хичээллэдэг бөгөөд ангийн найз болох Оюунбилэг нь Тусгай олимпийн өвлийн наадмаас хос медаль хүртэж байжээ. Тэрбээр медалиа гардан аваад ангийнхаа медалийн тоог нэгээр нэмсэндээ маш их баярлаж буйгаа илэрхийлсэн байна. Ө.Бямбажаргал жүдогоор барилдаад зогсохгүй гүйлт, уран гимнастикаар хичээллэдэг. Улсдаа чамлахааргүй амжилт үзүүлээд буй спортлог нэгэн аж.
Медалийн буухиаг үргэлжлүүлэгч Амараа
Энэ удаагийн Тусгай олимпийн наадамд хүрэл медаль хүртсэн Ө.Амарсанаа буюу Амараа 20 настай. Жингийнхээ шилдгүүдтэй хүч үзэж, хүрэл медаль хүртсэндээ итгэж ядах түүний хувьд өрсөлдөгчид нь хүчтэй, бас жингээр илүү байжээ. Түүнийг авга ах нь Тусгай олимпийн хороотой холбож өгсөн байна. Тэрбээр 2016 оноос эхэлж жүдогоор хичээллэжээ.
Амараа 2018 онд “Улаанбаатар марафон” тэмцээнд оролцож, тусгай олимпын тамирчдаа манлайлан түрүүлжээ. Энэ үйл явдал түүнийг хурцалж, жүдогоороо эрчимтэй бэлтгэл хийх урам зоргийг өгсөн аж. Тэрбээр өнгөрсөн жил Азарбайжаны нийслэл Баку хотноо болсон Тусгай олимпын хорооны “Залуу манлайлагч” хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ үед жүдогийн ДАШТ болж таарсан тул өөрийн барилддаг жин болох -100 кг-ийн жингийн барилдааныг үзэж, жүдоч Ө.Дүүрэнбаяртай гар барьжээ. Энэ нь түүний хувьд мартагдашгүй мөч байсныг Амараа Тусгай олимпын хүрэл медаль хүртсэнийхээ дараа ярьсан байна.
Амараа 84 дүгээр сургуульд есдүгээр анги хүртлээ сурч төгсжээ. “Хичээлээ ойлгохгүй муу байсан болохоор хүүхдүүд их шоолно. Гэхдээ багш нар маань намайг их дэмждэг байсан. Би мэдээлэл зүйн хичээлдээ хамгийн сайн байсан” хэмээн ярьсан түүний хувьд жүдогийн дасгалжуулагч болох мөрөөдөлтэй. “Том заал бариад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд багшилна. Тэднийг бие бялдар, оюун санаагаа хөгжүүлэхэд нь нь туслах мөрөөдөлтэй” гэсэн юм. Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд байнга тэмцээн уралдаан зохион байгуулагддаггүй учраас өөрийгөө сорьж чаддагүй нь хамгийн хэцүү зүйл аж. Тиймээс “Дасгалжуулагч багш болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд олон тэмцээн уралдаан зохион байгуулна” хэмээжээ.
Сэтгэгдэл ( 1 )
zaluuchuudda bayar hurgi