ТУСГАЙ ОЛИМП| Монголын баг анхны алтан медалиа хүртлээ

2019 оны 03 сарын 18

Тусгай олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдын амжилтын талаарх мэдээлэл хөвөрсөөр байна. АНЭУ-ын Абу Даби болон Дубай хотод хуваагдан зохион байгуулагдаж буй тус наадамд Дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин авхаалж самбаагаа сорьж байгаа. Тэгвэл Монголын анхны алтан медальтан төрсөн талаарх ээлжит сайхан мэдээ Дубай хотоос ирлээ. Тодруулбал, 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Элбэрэлт өнөөдөр /2019.03.18/ амжилттай уралдаж, алтан медаль хүртсэн байна.

Тэрбээр өчигдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж, цагаасаа өмнө гарсан тулд медальт байранд шалгарч чадалгүй хүндэтгэлийн медаль хүртсэндээ сэтгэл дундуур байсан. Гэвч өнөөдөр алдаагаа засч, ийнхүү Тусгай олимпын наадмын алтан медальтан болж зорилгоо биелүүлжээ.

Эмэгтэйчүүдийн 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Э.Гүнжсүрэн шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэрбээр өчигдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд шагналт тавдугаар байрт орсон байна.

Маргааш Б.Элбэрэлт эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөнө.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top