Ким Жон Уны ахыг хөнөөсөн гэгдэх эмэгтэйд ял оноожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Малайзын шүүх Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Вьетнамын иргэн Доан Тхи Хуонгт ял оноожээ. Шүүхээс түүнд гурван жил, дөрвөн сарын хорих ял оноосон талаар “Bloomberg” мэдээлсэн байв.

Малайзад шүүгдэж байсан Доан Тхи Хуонгийг суллахыг Вьетнамын эрх баригчид өнгөрсөн гуравдугаар сард шаардсан билээ. Гэхдээ Малайзын шүүх сэжигтэн эмэгтэйг суллахаас татгалзсан юм. Вьетнам эмэгтэйн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг шударга бус байна гэж эсэргүүцэж, Доан Тхи Хуонгийн бие муу байгаа талаар мэдэгдэж байв.

Малайзын шүүх өмнө нь Ким Жон Намыг хөнөөсөн хэргийн сэжигтэн, Индонезийн иргэн Сити Аисьяг буруугүй гэж үзэж, сулласан билээ.

2017 онд Малайзын нийслэл Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд Ким Жон Нам руу химийн хорт бодис цацаж, аминд нь хүрсэн хэрэгт Индонез болон Вьетнамын иргэн хоёр эмэгтэйг сэжигтнээр татсан байдаг. Энэ хэргийн буруутан одоог хүртэл тогтоогдоогүй байгаа юм. Ким Жон Намын үхэлд түүний эцэг нэгт ах, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг буруутгах хүмүүс ч бий.

Ким Жон Намыг хөнөөсөн хэргийн сэжигтэн эмэгтэйчүүд мэдүүлэг өгөхдөө Хойд Солонгосын тагнуулчдын заль мэхэнд орсон гэжээ. “Бид хүмүүсийг шоглодог телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байна гэж бодож байсан” гэж Сити Аисья, Доан Тхи Хыонг нар мэдүүлсэн байна. Ким Жон Намыг хөнөөсөн асуудал нь Хойд Солонгос, Малайз хоёрын дунд том хагарал үүсгэж, Элчин сайд нараа харилцан хөөсөн билээ. Хойд Солонгосын зүгээс энэ хэрэгт холбоогүй гэж мэдэгддэг ч Малайз, Өмнөд Солонгос тэргүүтэй улс орнууд Ким Жон Уныг эцэг нэгтэй ахыгаа хөнөөсөн гэж буруутгадаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top