С.Амарсайхан: Туулын эрэгт 1200 компани зөвшөөрөл эзэмшдэг

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн /2019.04.08/ шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж, мод бутыг устгаж байгаа “Идэр энтернэйшнл”, 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх “Зүүнбаян Рэфайри” ХХК-ийн үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл түр зогсоохыг үүрэг болгосон юм. Эл шийдвэртэй нь холбогдуулан түүнээс нэмэлт мэдээлэл авлаа. 


-Та “Зүүнбаян Рэфайри” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Энэ компанийг таны хамаарал бүхий компани гэх болсон. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Туул гол дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн ААН байгаа юм билээ. “Идэр интернейшнл” компани Туул голын ард 2.7 га газарт шороо асгаж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Түүний үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Мөн “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн зөвшөөрлийг БОАЖЯ-наас цуцалчихсан, асуудал нь шүүх дээр явж байгаа. Хэдийгээр зөвшөөрлийг нь цуцалсан ч үйл ажиллагаа явуулж байгаа учир шүүхээр асуудал нь шийдэгдтэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг даалгаврыг өгсөн. “Зүүнбаян Рефайнери” ХХК надад ямар ч хамааралгүй компани гэж өмнө нь би тайлбар өгч байсан. Дахиад хэлэхэд миний бие аж ахуй эрхэлж, бизнес хийж байхдаа ч хууль зөрчиж байгаагүй. Төрийн албанд ажиллах хугацаандаа хууль зөрчиж өөртөө газар авсан зүйл байхгүй.

-“Зүүнбаян Рэфайри” компани яг хэдэн төгрөгийн хохирол учруулсан бэ?

-Үүнийг шүүх, хуулийн байгууллага нь тогтоох байх.

-Туулын эрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бусад компаниудын үйл ажиллагааг зогсоох уу?

- Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн зөвшөөрлийг цуцална гэж  туйлширч болохгүй. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байсан ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг нийслэлээс зохион байгуулж байна. Хяналтыг өмнө нь  ч тавьж ирсэн.

Туул голын эргийн дагуу 1200 ААН үйл ажиллагаа явуулж байна. Тэд өөрсдөө очоод хууль бусаар үйл ажиллагаа явуулаад, эсвэл албан тушаалтны “гар барьж” байгаад зөвшөөрөл бичүүлээд аваагүй байх. Нэгэнт хуулийн дагуу авсан бол иргэн, ААН нь үйл ажиллагаагаа явуулах ёстой. Харин үүнд холбогдох байгууллага нь хяналт тавьж, ямар нэгэн байдлаар хууль зөрчүүлэхгүй байх талаас нь анхаарч ажиллах ёстой. Ингэхийн тулд аль аль талдаа ажлаа уялдуулахгүй бол нэг хэсэг нь хулгай хийгээд авчихсан юм шиг, нөгөө хэсэг нь хууль зөрчөөд өгчихсөн юм шиг бие биенийгээ харлуулдаг байдалд нухацтай, хуулийн хүрээнд хандах хэрэгтэй байна. Зөвхөн хэдэн ААН нэгж гэхээсээ илүү олон асуудал байгаа учир энэ бүгдэд холбогдох байгууллагууд нь шийдэлтэй хандах шаардлагатай нь харагдаж байна.

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа зогсчихсон байна. Жагсагчид дүүргийн байранд бүтэн долоо хоног тасралтгүй хонож байна. Энэ асуудлыг хэзээ цэгцлэх вэ?

-Баянзүрх 360 гаруй мянган иргэн, оршин суугчтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Энэ дүүргийн үйл ажиллагаа үндсэндээ цалгардсан, улс төрийн шалтгаанаас болж дүүргийн удирдлагууд ажлаа хийж чадахгүй байна. Баянзүрх дүүрэгт сая дахин сонгууль болж хоёр төлөөлөгч сонгогдсон. Үүний хүрээнд дүүргийн Засаг даргыг томилох захирамжаа гаргасан. Гэтэл долоо хоногийн турш иргэд, олон нийт нь асуудал тавьж байна. Чөлөөлөгдсөн засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг холбогдох албан тушаалтнуудыг нь дуудаад ирэхгүй байна. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа алдагдаж хэвийн бус болсон, иргэдэд үйлчилгээгээ үзүүлэхгүй байна. Тиймээс би өнөөдөр /өчигдөр/ дахин дуудуулж ажил хэргийн шаардлага тавина. Хүлээж авахгүй бол хууль, журмынх нь дагуу албадан чөлөөлнө. Бүр болохгүй бол өөрөө газар дээр нь очиж асуудлыг шийднэ. Бид дээрээ хууль, төртэй. Тиймээс хуулиа барьж төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хэвийн болгох ёстой. Гэтэл улс төржилтөөс болж Баянзүрх дүүрэг гурван жил хаягдлаа. Сүүлдээ нийслэлийн Тамгын газрын дарга очиход ч байхгүй, гарч ирдэггүй атал захирамж, тушаал гаргаад гадагш, дотогш явчихдаг. Шөнө дөлөөр хулгайч шиг орж ирээд явдаг. Ийм замбараагүй байдлыг цааш үргэлжлүүлэхгүй. Хотын даргын хувьд шаардлагатай бүх арга хэмжээг авна. Зарим нэг бүлэглэл, мафийн сүлжээг таслан зогсооно. Нэлээн гүнзгий хэмжээнд нийслэлийн зохион байгуулалтыг өөрчилнө. Албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлж, чадахыг нь хийлгэнэ, чадахгүйг нь хална. Нийслэлчүүдийн нурууг амраах ажлыг эхлүүлж байна. С.Амарсайхан гэдэг хүн Хотын дарга болсноор нийслэлийг сүүлийн 20 гаруй жил эмх замбараагүй явуулж ирсэн зарим нэг бүлэглэл, сүлжээ болон эд хөрөнгийг үнэгүйдүүлж, барьсан байр орон сууцанд өөрсдөө ороод суучихдаг асуудал зэрэг олон хүний эдийн засгийн болон хувийн сонирхлыг хөндөж байгаа. Гэхдээ надад үүнээс айж, эмээж, зугтаад байх зүйл байхгүй. Ямар нэгэн гүтгэлгээр намайг хашраана, мохооно гэж байгаа бол тийм зүйл болохгүй гэж хэлье.

-Хотын дарга зургаан орлогчтой байхаар болсон. Эдгээр орлогч хэрхэн ажиллах вэ?

-Албан ёсны хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байна. Тэднийг  өнөөдрөөс /өчигдөр/ ажилд нь оруулна. Сар сараар ажлыг нь дүгнэж, ажлаа хийж чадахгүй байвал хэн ч байсан чаддаг хүнд нь зайгаа тавьж өгөх зарчмаар явна. Ийм байдлаар явуулахгүй бол чаддаг, чаддаггүй хүн төрийн албанд сууж сандал бөглөдөг, цаг нөгцөөсөн байдлаар асуудалд ханддаг, төрийн ажлыг  чирэгдүүлдэг, амин хувийн ашиг хөөцөлддөг болчихож. Тиймээс энэ байдлыг таслан зогсооно.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ondor nastan(182.160.36.109) 2019 оны 04 сарын 09

huu mini. uharch bolohgui. tuul goloo hamgaal. Burhan chamtai hamt, buu buuj og. bat zogs.

1  |  0
дөрвөд (112.72.11.103) 2019 оны 04 сарын 09

Олны яриа ортой гэдэгийг мартаж болохгүй Сайнбуян гуайн Амарсайханыгаа Увсчууд дэмжээрэй Налайхчууд Увсыхан дэмжээрэй.

1  |  0
Мэргэжлийн хүн(202.179.27.36) 2019 оны 04 сарын 08

Зөвшөөрөл өгч иргэд ААН-ийн хамаг хөрөнгийг үрчихээд дараа нь хохироодог тогтолцоог хэний төлөө ажиллаж байна гэх вэ? Гэтэл Элбэгдорж, Баяр, Саяханбилэг нар эх орноо харийн еврейнүүдтэй хувааж идчихээд байхад яадаг ч үгүй байж. Монгол хүн Туулын эрэг дээрээ байшин бариа л биз. Яадаг юм? Иргэдээ болохоор буулга гэдэг. Гадныханд болохоор авилгалаа хамаг хэвлийн баялгийг үнэгүй өгчихлөө.

0  |  0
Зочин(66.181.181.19) 2019 оны 04 сарын 08

Хотын дарга бусадтай барьцалгүйгээр өөрөөсөө эхлээд Туул голын сав газарт хууль зөрчиж эзэмшсэн газраа чөлөөлчих.

0  |  0
Top