Морин хуурын чуулга 26 жилийн ойгоо “Novel melody” концертоороо мялаав

2019 оны 04 сарын 17

Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч, ТШ, АЖ Гомбодоржийн Жамъян агсны 100 насны ой энэ онд тохиож байгаа бол түүний гарын шавь морин хуурч, АЖ Цэндийн Батчулуун 1992 онд Морин хуурын чуулга байгуулахаар Засгийн газарт төлөвлөгөө, саналаа явуулсаныг нь Засгийн газар зөвшөөрөн дэмжсэн тогтоолоо гаргасан түүхтэй. Ц.Батчулуун агсаны үүсгэн байгуулсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд хийж байсан бол 26 жилийн дараа буюу өчигдөр орой 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа нэгэн сайхан тоглолтоо хийлээ.

Тоглолтонд өнөөдрийн Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач МУСТА Д.Түвшинсайханы найруулан бичсэн ТХШ, АЖ Б.Дамдинсүрэн болон ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан нэрт хөгжмийн зохиолч Б.Смирнов нарын хамтран туурвисан “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг сюит хэлбэрт оруулсан болон шинэ цагийн чадварлаг хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” нэрт танго сюитыг залуу удирдаачН.Жигжиддорж удирдан тоглуулсан нь гайхалтай чадварлаг хамт олны үнэхээрийн сэтгэл гижигдсэн тоглолт болсон юм.

Монголын соёл, хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач агсан Цэндийн Батчулуун 2015 онд бурханы оронд морилсон ч өнөөдөр ийнхүү түүний гарын шавь МУСТА Д.Түвшинсайханы удирдаж байгаа Морин хуурын чуулга нь Монголын болон дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлийг хоёрхон утастай Морин хуурынхаа эгшгээр уярааж, Япон, БНСУ болон Европ дахин бүр цаашлаад НҮБ-ын индэр, за тэгээд дэлхий дахинд тунхаглагдан эгшиглүүлж, Монгол эх орноо алдаршуулж яваа билээ.

Өчигдөрийн “Novel melody” тоглолтын гоцлол хөгжимчнөөр Морин хуурын чуулгадаа 26 дахь жилдээ гоцлол хөгжимчин хийж байгаа МУСТА Б.Амарбаяр, Х.Батзаяа нар эгшиглүүлж, удирдаач МУСТА Н.Жигжиддорж гайхалтай эвсэг, жинхэнэ мэргэжлийн хүн гэдгээ нотлон уран чадварлагаар удирдсан билээ.

Өчигдөрийн тоглолтыг шимтэн үзэж суухдаа өнөөдрийн Морин хуурын чуулгын хөгжимчдийн бүрэлдэхүүнийг ажиглавал морин хуурчийн дунд ганц эмэгтэй хуурч байсан нь чуулгатайгаа 26 дахь жилийнхээ тоглолтыг үзэгчиддээ толилуулж байгаа АЖ, ТХШН.Жанцанноровын охин Ж.Уугантуяа байсныг дурдахгүй өнгөрч боломгүй.

Тоглолтын төгсгөлд Монголын энэ цаг үеийн нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай удирдаач Н.Жигжиддоржийн урилгаар тайзнаа гарч үг хэлэхдээ “Одоо Ардын жүжигчин нэрт Морин хуурч агсан Ц.Батчулууны үүсгэн байгуулсан Морин хуурын чуулга нь арай өргөн бүрэлдэхүүнтэй буюу дэлхийн нэрт хөгжимчдийг чуулгадаа урин ирүүлж, тухайлбал ОХУ-аас нэрт төгөлдөр хуурчдыг нь, Японоос нэртэй үлээвэр хөгжимчдийг нь, БНХАУ-аас нэрт хөгжимчдийг нь Европоос тухайлбал Швед, Норвеги, Финлянд, Голланд, ХБНГУ, Италиас нэртэй хөгжимчдийг нь урьж тоглуулан дэлхийн хэмжээний алдартай чуулга болох зам нь нээлттэй байна. Түүнээс гадна манай хөгжмийн зохиолчид Хүүхдүүдэд зориулсан олон шинэ бүтээл туурвиж залуу үеэ Морин хуурын эгшигэнд дасгаж, Монгол хүн болж төрснийг нь мэдрүүлэх, ухааруулах цаг болсон шүү” гэсэн юм.

Ийнхүү нэгэн оройг сэтгүүлч миний бие Морин хуурын чуулгын гайхалтай сонсголонт эгшигээр бахархан чагнаж, зүрхээ булгилуулж суугаад гэртээ харив.

Дэлхийг уярааж, аялгуу эгшигээрээ гайхшруулах Морин хуур хөгжим минь Монгол түмний бахархал бол Морин хуурын чуулга нь дэлхий дахины эгшиглэнт цуурай болж эхэлсэн нь яах аргагүй энэхэн зууны гайхамшиг, ертөнцийн чихнээ дуурсагдах Монгол эх орны минь нүүр царай, хойч ирээдүйн эгшиглэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top