Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-д өнөөдөр /2019.04.23/ Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд санал өгөх хэлэлцүүлэг болж байна.
МҮХАҮТ-аас 2018 онд бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн хүнд суртлын талаар судалгаа явуулахад 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн тоо гарсан байдаг. Энэ бол их тоо гэдгийг танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.
Тэрбээр хэлэхдээ “Энэ Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулна, Тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2020 он гэхэд шинэчлэн найруулж гаргана гэсэн хоёр зүйлийг тусгасан байгаа. Өмнө нь нэг хуулиар зохицуулагддаг байсан бол одоо Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалтын тухай хууль гэсэн хоёр хуулиар зохицуулагдаж байна. Ямар нэг юм болохоор л тухайн эх хуульдаа өөрчлөлт хийж явдаг байсныг нь илүү тогтвортой байлгаж, жагсаалтад өөрчлөлт хийгээд явах асуудал яригдаж байгаа. Өргөн баригдсан хоёр хуулийн төслийн агуулга, санаа хоорондоо айхтар давхцалгүй. Зөвшөөрлийн тоог 300 гаруй болгож буулгахаар тусгагдаад байна.
МҮХАҮТ-ын зүгээс Үндэсний хөгжлийн газартай өмнө нь хоёр ч удаа хэлэлцүүлэг хийхдээ танхим, хувийн хэвшлийн саналыг хуульд тусгая гэдэг байдлаар танилцуулга хийсэн. Бизнес эрхлэгчдийн төлөөллүүд, мэргэжлийн байгууллагууд, ТББ-уудтай хэлэлцэж, саналаа авсны дараа зарчмын зөрүүтэй саналуудыг хүргүүлсэн. Өнөөдрийн уулзалт бол ерөнхийдөө тусгай зөвшөөрлийг уул уурхай, банк, барилга гэхчлэн салбар салбараар нь хэрхэн яаж зохицуулах вэ гэдэгт чиглэж ярилцаж байна. Салбар салбарынх нь онцлогийг гаргаж байгаад эх хууль руугаа эрх ашгаа зөв тусгая гэдэгт чиглэж байна. Жишээ нь уул уурхай, харилцаа холбооны салбарын лиценз зөвшөөрлийн хувьд ярихад хөрөнгө оруулалт нь урт хугацаа шаарддаг. Хөрөнгө оруулалтаа төслийнхөө үргэлжлэх хугацаатай эрх зүйн орчныг уях хэрэгцээ харагдаж байна.
Энэ хууль батлагдсанаар одоо эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл яах вэ гэдэг асуудал гарна. Өнөөдөр хөрөнгө оруулалтаа хийчихсэн үргэлжилж буй төсөл хөтөлбөрүүд цаашид яах вэ, зөвшөөрөл нь сунгагдах уу, сунгагдахгүй юм уу гэсэн асуудал яригдаж байна. Тэгэхээр үүнийг тодорхой зааж өгөхгүй бол дагаад маш олон хөрөнгө оруулалт хүлээлтийн байдалд орно. Хөрөнгө оруулалт орж ирэх гэж байсан бол энэ хуулийг хараад үйл ажиллагаа нь саармагжих нөхцөл байдал үүсч болно. Тэгэхээр анхнаасаа энэ нөхцлүүдээ тодорхой тусгаад яваач ээ, одоо хүчин төгөлдөр байгаа зөвшөөрлүүд автоматаар сунгагдаад явна гэдэг ч юм уу, зохицуулалтыг нь тусгах хэрэгтэй гэдэг асуудлыг ярьж байна. Зөвшөөрлийг Онцгой, Тусгай, Энгийн гэж ангилж, зөвшөөрлийн тоог 300 гаруй болгон бууруулахаар, хялбаршуулж байгаа нь сайн хэрэг л дээ. Сум орон нутагт хүнсний дэлгүүр ажиллуулах гэж байгаа бол заавал хэн нэгний зөвшөөрлийг удаан хугацаагаар хүлээгээд байхгүйгээр зөвшөөрөл хүсээд, мэдэгдээд хоёр долоо хоногийн дотор хариу өгөхгүй бол үйл ажиллагаа явуулж эхлэх эрх үүснэ ч гэдэг юм уу. Жижиг хүнсний дэлгүүртэй хүн жил бүр сунгуулдаг биш, хугацаа заахгүйгээр зөвшөөрөл олгодог ч юм уу. Иймэрхүү байдлаар үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хүнд суртлыг бууруулсан давуу талтай хууль мөн нь мөн. Гэхдээ эцсийн дүндээ тусгай зөвшөөрөл гэдэг нь томоохон чухал стратегийн салбарын үйл ажиллагааг, хөдөлмөрийн хуваарийг, өрсөлдөөниийг нарийн тодорхой болгож өгч байгаа зүйл. Тэгэхээр томоохон хөрөнгө оруулагчдын хувьд үүнээс хамаарч үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү, нэмж хөрөнгө оруулалт хийх үү гэхчлэн асуудлуудаа шийдэх учраас бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг зөв зохицуулж, тусгаж байж суурь нь сайжирна” гэж харж байна гэв.
Дашрамд өгүүлэхэд, 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаагийн цаана бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт учирдаг болохыг үүнтэй холбоотойгоор Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийг төслийг боловсруулж хуулийн нэрийг Зөвшөөрлийн тухай гэж өөрчлөх нь зүйтэй хэмээн үзснээ Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хэлж байсан. Хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх Иргэний хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Мөн зөвшөөрлийг олгох, сунгах цахим хэлбэрээр зохион байгуулж болох зохицуулалт хуульчлагдаж, иргэд чирэгдэл хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх, зөвшөөрөл олгох харилцаа ил тод, хяналттай болно гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болно гэсэн хүлээлт байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mod taeikh, oijuulalt khiikh, nokhon sergeekhed tusgai zowshoorol awdag gekheer ineedtei shu!