Ч.Хүрэлбаатар: Чармайж байгаад “Капитал” банкнаас 10 гаруй тэрбум төгрөг авсан

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичиг, 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Мөн 2020-2023 он хүртэлх Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг баталжээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2020 онд эдийн засгийн өсөлтийг зургаан хувь байна гэж тооцжээ. Инцляцийн төвшинг найман хувьд тооцож байгаа бол гадаад худалдааны тэнцлийг нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцсон байна. Харин төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцсон нь 2019 оноос 0.3 хувиар сайжрах үзүүлэлт аж. 2020 онд нийтдээ 37 их наяд төгрөгийн санхүүжилттэй 400 гаруй төслийг хэрэгжүүлэх санал ирснээс 10 их наяд төгрөгийн 116 арга хэмжээг үндсэн чиглэлд тусгасан байна. Үүнээс улсын төсвөөс 3.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бол урсгал зардалд 1.3 их наяд төгрөгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

Монгол Улс 2019, 2020 онд төлөх томоохон өр байхгүй ч 2021 оноос төлбөрийн хугацаанууд эхэлж байгааг сайд онцолсон. 2021 онд “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Их хуралдай” бондын 800 сая ам.доллар гээд нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлөх учиртай. Сангийн яамны зүгээс эдгээрийг төлөхдөө эдийн засагт дарамт учруулахгүй байхаар төлөх стратегийг боловсруулж байгаа аж.

Засгийн газрын өрийн удирдлагыг сайжруулах бодлогын хүрээнд Засгийн газрын үнэт цаасыг шууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд худалдаалах боломжтой болгохоор төлөвлөжээ. Сангийн сайд “Өр ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байсан үе бий. Өр нь эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг байсан алдааг дахиж давтахгүй байхад анхаарч ажиллана. Бодлогын хүрээнд ажилласнаар өр ДНБ-ий 54 хувьтай тэнцэх тооцоо гарсан” гэлээ. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг мэдээлэл өгөх үеэр дараах тодруулгыг авлаа.

-Ирээдүйн өв санд хэчнээн төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бэ?

-2019 онд Ирээдүйн өв санд 553 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа. Үндсэндээ 2019 онд Хүний хөгжил сангийн өрүүдийг бүгдийг төлж дуусгана. Төсвийн хүрээний мэдэгдлийг тооцоолж байхад 900 гаруй тэрбум төгрөгийг нэмж Ирээдүйн өв санд хуримтлуулах боломжтой гэсэн тооцоолол гарсан.

-Уул уурхайн түүхий эдийн үнэ ханшийг хэрхэн тооцсон бэ?

-Түүхий эдийн үнийг тооцоолохдоо дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг бид харсан. 2020 онд дэлхийн эдийн засгийн төлөв 2019 оноос сайн байх хандлагатай байна. Энэ нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Үнийг тооцохдоо бага хэмжээгээр өсгөж тооцсон. Тухайлбал, 2019 онд тонн зэсийн үнийг 6272 ам.доллар гэж тооцсон бол 2020 онд 6340 ам.доллар гэж тооцсон. 

-“Капитал” банкны хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэзээ барагдуулах вэ?

-“Капитал” банк хүндрээд дөрөв, таван жил болсон. Хуулийнхаа дагуу авах ёстой арга хэмжээг цаг тухайд нь аваагүй гэж үзэж байгаа. Тиймээс хохирол нь өндөр гарсан. 2016 оны наймдугаар сараас хойш “Капитал” банканд мөнгө нэмж байршуулаагүй. Өмнө нь байршсан мөнгийг буцааж авах чиглэлийг Сангийн яам өгч байсан. Гэхдээ төлбөрийн чадвар муу байсан учраас мөнгийг авч чадаагүй. Яам чармайж байгаад “Капитал” банкнаас 10 гаруй тэрбум төгрөгийг авч чадсан. “Капитал” банкнаас авлагатай Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнүүдийн асуудлаар холбогдох мэргэжилтнүүдийг Сангийн яаманд дуудаж тодорхой удирдлага, чиглэл өгч ажиллаж байгаа. Нэгэнт мөнгө нь агаарт ууршчихаагүй, хөрсөнд шингэчихээгүй байх. Тэгэхээр мөнгийг авах чиглэлээр ажиллана. Өмнө нь банкууд эдийн засаг хүндэрч байх үед дампуурдаг байсан. Харин “Капитал” банк эдийн засгийн өсөлт явагдаж байх үед дампуурлаа. Тэгэхээр зээлүүдийн хойноос идэвхтэй явах хэрэгтэй. Ямар нэгэн хөрөнгийг шамшигдуулахгүй байх чиглэлд анхаарч ажиллана.

-Хөрөнгө оруулалтад хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Өмнө нь бид сонгуулийн жил шинээр баригдах хөрөнгө оруулалтыг ихээр тавьж ирсэн. Ингэснээр сонгуулийн дараа шинэ УИХ, шинэ Засгийн газар бүрдэж өмнө нь хийж байсан бүтээн байгуулалтыг царцаах байдал гардаг байсан. Тэгэхээр Засгийн газар гол бүтээн байгуулалтын ажлуудаа сонгуулиас өмнө хийх бодлого баримталж байгаа. Бүх ажил 2020 онд дууссан байх ёстой. 2018, 2019 онд сургууль , цэцэрлэгийн барилгуудыг их хэмжээгээр барьсан. Дэд бүтцийн барилга, цэвэрлэх байгууламж, Налайх-Чойр, Улаанбатаар-Дарханы чиглэлийн зам, Шинэ нисэх буудлын зам гээд бүгдийг 2020 онд багтааж дуусгахаар ажиллаж байгаа. Тэгэхээр 2019 онтой харьцуулахад 2020 онд хөрөнгө оруулалт буурахаар байгаа. Үнийн дүнгийн хувьд 2020 онд 980 тэрбум төгрөгийг дуусгах бүтээн байгуулалтад тавьсан. Өөрөөр хэлбэл, 2018, 2019 онд эхэлсэн хөрөнгө оруулалтуудыг дуусгахад зориулах юм. Шинээр барих, засвар ажил хийхэд 370 тэрбум төгрөг тавьсан.

-2020 оны орлого бүрдүүлэлтэд томоохон орд газруудын нөлөөг ямар байхаар тусгасан бэ?

-“Эрдэнэт” үйлдвэр болон “Оюутолгой”-н үйл ажиллагаа хэвийн өсөлттэй явна гэж тооцсон. Тиймээс орлого нэмэгдэнэ гэж үзсэн.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИргэнФ(202.21.108.166) 2019 оны 04 сарын 25

Наад авгай чинь маш их хөрөнгөтэй,ялангуяа үл хөдлөх хөрөнгө.Бүх хөрөнгийг лацдаж,дуудлага худалдаагаар зарахыг нь зараад,сургууль цэцэрлэг эмнэлэг болгох боломжтойг нь төр ашиглөх хэрэгтэй

0  |  0
Зочин(66.181.182.21) 2019 оны 04 сарын 25

Хүчээр дампууруулсан байхаа гэх дээ одоо яахав дээ бусад өчнөөн хөрөнгийг хураах хэрэгтэй

0  |  0
zochin(202.126.89.141) 2019 оны 04 сарын 25

bishrelt trade, em impex bolon barilga baridag company ,juulchnii baaz, zochid buudal geed tasarchihsan bayan company shuu dee tedgeeriig ni huraaj avaad or zeeliig ni baragduulahgui yu daa. yamar hog tuudeg guilgachinii or zeeliig baragduulah gej baigaa bish

0  |  0
зочин (64.119.25.73) 2019 оны 04 сарын 25

аж ахуйн нэгжүүдээд хийсэн ажлын мөнгийг удааснаас болж баахан өрөнд орох болж дээ сангийн яам гар харахгүй өгчихмөөр байх юм

0  |  0
Top