УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийг хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчид Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас 2020 оны төсвийн хүрээнд тодруулга авсныг хүргэе.
-2020 оны төсөв бүрдэхэд ямар хүндрэлүүд учрах эрсдэлтэй байгаа вэ?
-2020 оны төсөвт гадаад талаасаа дөрвөн төрлийн эрсдэл байна гэж үзсэн. Нэгдүгээрт, АНУ болон БНХАУ-ын хооронд хийгдэж байгаа худалдааны дайн эдийн засагт тодорхой бус байдал авчирч байгаа. Мөн уул уурхайн түүхий эдийн үнийн хэлбэлзэл гарах магадлалтай. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн өсөлт саармагжих магадлалтай байна. Европын холбоон дээр болох БРЕСИТ-ийн хэлэлцээр яаж явагдахаас шалтгаалж эрсдэл үүсэж болзошгүй. Дотоодод мөн эрсдэлүүд байгаа. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал нь экспортын гол бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж магадгүй байна. Хоёрдугаарт, өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй. Гуравдугаарт, саарал жагсаалтыг эрсдэл гэж үзэж байгаа.
-2020 оны төсөвт уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг олно гэж төсөөлсөн байна. Энэ төсөөлөл биелэх боломж байгаа юу?
-Нүүрсний экспортыг бид 42 сая тонноор авсан. Зэсийн баяжмалыг 1.215 сая тонн, төмрийн хүдрийг 8.2 сая тонноор өсгөж тооцсон. Алтны олборлолтын хэмжээг хоёр орчим тонноор бууна гэж тооцож төсөөллөө хийсэн.
-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах гол шалтгааны болсон концессын төслүүд хэрэгжиж, нэр бүхий гишүүд олон тэрбум төгрөг авч байгаад тайлбар өгөхгүй юу?
-У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч төгрөгийн концессын гэрээ байгуулаагүй. Байгуулах ч үгүй. Анх байгуулагдаж байхдаа 3.3 их наяд төгрөгийн концессын гэрээг хүлээж авсан. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед байгуулсан концессын гэрээг санхүүжүүлэх үүрэг ирсэн. Дээр нь бүх гэрээг ам.доллар, юаниар хийсэн. Энэ бүхэн төсөвт их хэмжээний дарамт авчирч байгаа.
-Монгол Улсын өр буурсан гэж Та хэлж байгаа боловч Засгийн газрын өр зургаан их наяд төгрөгөөр нэмэгдээд байна. Өр яаж буурсан юм бэ?
-Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байгаа. Үүнээс 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгжүүдийн өр. “Оюутолгой”, “Сауд Гоби Сэндс”, Хөгжлийн банк, “Монголын алт”, “Шангри-Ла”, “Улаанбаатар”, “Алтайн хүдэр”, МИАТ, “Ачит Ихт” зэрэг компаниудын авсан өр. Үүний 50 хувь буюу ес орчим тэрбум ам.доллар нь “Оюутолгой”-д хамааралтай. Монголын 34 хувь, гадаадын 66 хувь гэж ангилахгүйгээр бүгд Монгол Улсын өр дээр бичигддэг. Хөрөнгө оруулалтууд нь хэзээ нэгэн цагт Монголоос гарах хөрөнгө. Хувийн хэвшлийнхний авч байгаа зээлийн хэмжээ нэмэгдэх нь өрөөр бүртгэгддэг. Тийм учраас Засгийн газрын өр, улсын өрийг хольж ойлгож болохгүй. Мөн Монгол Улсын өрийн 2.2 тэрбум ам.доллар нь арилжааны банкуудын зээл. Банкууд гаднаас зээл авч санхүүжилт хийдэг. Монголбанкан дээр хоёр гаран тэрбум ам.доллар байгаа. Үлдсэн нь Засгийн газрын өр. Үүнээс 2.9 тэрбум ам.доллар нь гоё нэртэй бондууд. Засгийн газар 2019 оны наймдугаар сарын байдлаар 7.4 их наяд төгрөгийн өр төлсөн. 7.4 их наяд төгрөгийн өр төлсөн юм чинь өр төллөө гэхгүй яах вэ дээ.
-Ирэх жилийн төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай оруулж ирлээ. Алдагдалгүй төсөв боловсруулах боломж байгаагүй юу?
-Хоёр их наяд төгрөгийн алдагдал бол тэнцвэржүүлсэн тэнцэл. Энэ орлогод Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сангийн орлогын эх үүсвэр ороогүй. Эдгээрт нэг их наяд төгрөгийн орлого бий. Дээр нь Улаанбаатар-Дарханы зам, Налайхын зам, нисэх онгоцны буудал, цэвэрлэх байгууламж, станциудад хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд бүгд эх үүсвэртэйгээ орж ирнэ. Эдгээрийг орлого дээр бүртгэдэггүй. Зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр гэж явдаг. Төсвийг УИХ-д өргөн мэдүүлчихээд би хоёр их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж санхүүжүүлэхгүй гэдгээ хэлсэн. Арилжааны банкуудаас зээл авахгүй гэдгээ хэлсэн. Би Сангийн сайд болсноосоо хойш бүх санхүүжилтийг нэг ч төгрөгийн зээл авахгүйгээр санхүүжүүлээд явж байгаа.
-Ирэх жил цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэхээр тооцсон бэ?
-Цалин, тэтгэврийг бид инфляцын төвшинтэй уялдуулж нэмнэ. Өмнө нь 30 хувиар нэмсэн тохиолдол байдаг. Ингэхээр үнэ хөөргөдөг. Цалин нэмсний ашиг гардаггүй эрсдэлтэй байдаг учраас бид инфляцын төвшинтэй уялдуулж нэмж байгаа. Энэ нь зөв. Халамж, тэтгэврийг бүгдийг нь инфляцтай уялдуулж нэмнэ.
-Царцаагдсан төслүүдийг дуусгахад хэдэн төгрөгийн санхүүжилт тавих вэ?
-Царцаагдсан төслүүдийн хувьд бид гурван зарчим барьсан. Ихэнх төсөл өртөг өсгөх санал гаргадаг. Энэ нь хэр үндэслэлтэй, баталгаажсан болохыг нягтална. Хоёрдугаарт, санхүүжилтийг шийдэнгүүт төсөл ажиллаж эхлэх ёстой. Гуравдугаарт, ашиглалтад орчихоод үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байж байгаад алдчихсан бол мөнгийг нь өгье гэж байгаа. Царцаагдсан 23 төсөл дээр 23 тэрбум төгрөг тавьсан. 2018 онд ажлаа хийж чадаагүйн улмаас санхүүжилт хураагдсан 38 төслийн 34.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг буцааж олгож байгаа.
-Манай улс саарал жагсаалтад орохгүйн төлөө юу хийж байгаа вэ?
-Монгол Улс эрчимтэй хяналтад явж байсан. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр дээр аудит хийх шаардлагатай байгаа. Учир нь арилжааны банкууд капиталаа нэмэгдүүлэхдээ Ил тодын хууль ашигласан. Үүнийг нь шалгаж, дараа нь ямар арга хэмжээ авах вэ гэдгээ Монголбанк шийдэх ёстой. Мөн мөнгө угаахтай холбоотой шийдэгдсэн гэмт хэрэг манайд юу байна вэ гэдгийг ярих ёстой.
-2019 оны төсвийн алдагдлыг юугаар нөхсөн бэ?
-2018 онд Монгол Улсын төсөв ашигтай гарсан. 2019 он дуусаагүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хүрэлбаатар сайд сайн ажиллаж байгаа шдээ,,, улсын төсөв санхүү ямар л байлаа даа урьд жилүүдэд АН ын сайхан нэртэй бондууд бас улс тоносон хулгайч нар одоо ч гэсэн зг хавиар эргэлдээд л байгаа шдээ!!!